Ковид туссан 3 хүн тутмын 1 нь сэтгэц болон мэдрэлийн эмгэгт өртдөг

Twitter Print
2021 оны 04-р сар 08-нд 08:55 цагт
Мэдээний зураг,

Өнгөрсөн мягмар гарагт Lancet Psychiatry сэтгүүлд нийтлэгдсэн судалгаанд бичсэнээр КОВИД-19 тусаад эдгэрсэн 3 хүн тутмын 1-д нь сэтгэц болон мэдрэлийн эмгэгийн шинж тэмдэг удаан хугацаанд илэрч байгааг тогтоожээ.

Уг судалгааг хийсэн эрдэмтэд коронавирусын халдвар аваад эдгэрсэн иргэдийн 34 хувьд нь 6 сарын дотор мэдрэлийн болон сэтгэл зүйн эмгэгийн онош тавигдсан болохыг онцолжээ. КОВИД-19 өвчний эмчилгээ хийлгэсэн өвчтнүүдийн 17 хувьд нь сэтгэл түгших, 14 хувьд нь сэтгэлээр унах шинж тэмдэг бүхий сэтгэцийн эмгэгүүд илэрсэн байна.

Халдвар аваад эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн хүмүүст мэдрэлийн эмгэгийн шинж тэмдэг хурцаар илэрч байгаа нь ажиглагдсан бол амбулаториор буюу гэртээ эмчлүүлсэн иргэдийн дунд ч дээрх эмгэгийн шинж тэмдэг илэрсэн байна.

Судалгааг удирдсан эрдэмтдийн онцолсноор ханиад болон амьсгалын замын өөр бусад эмгэг тусаад эдгэсэн өвчтнүүдтэй харьцуулахад КОВИД-19 халдвар аваад эдгэсэн өвчтнүүдэд тархины болон сэтгэл зүйн эмгэг элбэг тохиолдож байжээ.

Эрдэмтэд коронавирусын халдварын аваад эдгэрсэн 236 мянга гаруй хүний өвчний түүхийг амьсгалын замын өөр бусад эмгэг тусаад эдгэсэн өвчтнүүдийн түүхтэй харьцуулан судалсан ба КОВИД-19 тусаад эдгэрсэн хүмүүс ханиад тусаад эдгэрсэн хүмүүстэй харьцуулахад мэдрэлийн болон сэтгэл зүйн эмгэгт өртөх эрсдэл 44 хувиар өндөр байгааг тогтоожээ.

Түүнчлэн КОВИД-19 халдвар авсан 50 хүн тутмын 1-д нь харвалтын шинж тэмдэг илэрсэн байна.

Өнгөрсөн 2-р сард Италийн Ром хотод коронавирусын халдвар авч хэвтэн эмчлүүлээд гарсан 381 өвчтний дунд хийсэн судалгаагаар дээрх өвчтнүүдийн 30 хувьд нь гэмтлийн дараах стрессийн эмгэгийн шинж тэмдэг илэрсэн болохыг эрдэмтэд тогтоосон билээ.

Эх сурвалж: https://edition.cnn.com/2021/04/06/health/

Орчуулсан: Содномцэрэнгийн Энхзаяа

mongolcom.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.