Sputnik V нь шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх үр нөлөө нь илүү өндөр байх магадлалтай

Twitter Print
2021 оны 04-р сар 01-нд 08:25 цагт
Мэдээний зураг,

Гадаад харилцааны сайдын мэдэгдсэнээр манай улс ОХУ-аас нэг сая тун Спутник V вакцин авахаар болж байна. Энэ мэдээ орос вакцин хийлгэхийг хүсэж байгаа манай иргэдийн хувьд сайн мэдээ гэдэгтэй эргэлзэхгүй байна.

Нөгөө талаар манай улс хүн амаа вакцинжуулахад шаардлагатай 4,030,560 тунгаас өнөөдрийг хүртэл ойролцоогоор 12.6%-ийг AstraZeneca/Англи-Оксфорд/ Синофарм/БНХАУ/, Спутник V/ОХУ/, Pfizer-BioNTech/АНУ-Герман/ компануудын хөгжүүлсэн вакцинуудаас бүрдүүлээд байгаа билээ.

Өмнө нь шинжлэх ухааны олон улсын нэр хүндтэй сэтгүүлд нийтлэгдсэн Спутник V вакцины эмнэлзүйн судалгааны үр дүнг танилцуулж байсан. Харин энэ удаа Спутник V вакцины талаар өнөөдрийг хүртэл олон улсад гарсан мэдээллүүдээс өөрийн хэмжээнд хийсэн эргэцүүллийг мэдээлэл болгон оруулья гэж бодлоо.

Хэлэх гэсэн зүйлийнхээ дүгнэлтийг шууд эхлээд хэлэх юм бол AstroZeneca компанийн ChAdOx1 вакцинтай харьцуулахад ОХУ-ын Sputnik V нь илүү өндөр үр дүнтэй байж мэдэхээр байна гэсэн санаа.

Гэвч Оросын төрийн тэргүүнүүдийн нэр төрийн төлөөх улс төрийн тоглолт, ашиг хонжоо хөөсөн санаатай болон санамсаргүй үйлдлүүдээс болоод олон улсад жаахан нэр хүнд нь уначихаад байгаа болохоос бус яг шинжлэх ухааны талаасаа бол тун өвөрмөц ач холбогдолтой байж мэдэхээр байгаа юм.

ӨӨР ТӨРЛИЙН АДЕНОВИРҮСИЙН ХОЛИМОГ ВАКЦИН БОЛОХ Gam-COVID-Vac /SPUTNIK V/-НЫ ӨВӨРМӨЦ ОНЦЛОГИЙГ ОЙЛГОХ НЬ

ОХУ-ын Гамалеягийн эрдэм шинжилгээний хүрээлэнгийн хөгжүүлсэн генийн вакцин нь аденовирүсийг вектор буюу зөөвөрлөгч хэрэгсэл болгон ашигласан бөгөөд түүний ДНХ-д нь шинэ коронавирусийн спайк уургийн бүх уртыг кодчилсон генетикийн мэдээллийг оруулсан өөрийгөө өсгөвөрлөдөггүй вакцин (аденовирусээр векторжуулсан вакцин) юм.

Энэхүү вакциныг "Gam-COVID-Vac" гэж нэрлэх боловч өөр нэг нэр болох "Sputnik V" гэдгээрээ бидний дунд танил болоод байгаа юм. "Спутник" бол 1957 онд дэлхий дээр анх удаа Зөвлөлт Холбоот Улс амжилттай хөөргөсөн хиймэл дагуулын нэр бөгөөд ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин энэхүү вакциныг коронавирусийн эсрэг дэлхийн анхны вакцин хэмээн тодотгохын тулд "Спутник" нэрийг авч ашигласан хэмээн яригдаж буй.

Энэхүү вакциныг ОХУ-д 2020 оны 8-р сарын 11-ний өдөр баталсан. 2021 оны 3-р сарын 18-ны байдлаар Орос улсаас гадна дэлхийн 53 улсад яаралтай журмаар хэрэглэхээр зөвшөөрөгдсөн байгаа бөгөөд III үе шатны эмнэлзүйн туршилтаа хийж дууссан вакцинуудаас хамгийн олон оронд ашиглагдаж (New York Times 3/18, 2021) байгаа вакцин болоод байгаа аж.

Гэсэн хэдий ч ДЭМБ энэ цаг үед Sputnik V-ийг хэрэглэхтэй холбоотой зөвшөөрөл буюу validation-г баталгаажуулахгүй байгаа юм. Мөн Европын Холбоо үйлдвэрлэхийг зөвшөөрөөгүй байгаа (Европын Эмийн Агентлагаас үйлдвэрлэх зөвшөөрөл авах өргөдлөө гаргасан байгаа гэнэ) юм байна.

ОХУ Sputnik V вакцины эмнэлзүйн хууль ёсны дэлгэрэнгүй мэдээлэл (гаж урвал гэх мэт) албан ёсоор хэвлэгдэхээс өмнө вакцины ноцтой хомсдолтой ядуу, буурай орнуудад вакциныг хуваарилах зэргээр дипломат ажиллагаанд идэвхтэй ашиглаж ирсэн. Вакцины хууль ёсны болох нь эмнэлзүйн хувьд баталгаагүй байхад вакцины түгээлтийг улс төрийн хэрэгсэл болгон ашигласан Оросын улс төрчдийн байр суурь нь анагаах ухааны үүднээс хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж дэлхий нийт үзээд байгаа аж.

Энэ вакциныг эмнэлзүйн туршилтын I-III үе шатны үр дүн албан ёсны шинжлэх ухааны өгүүлэл болж нийтлэгдэхээс өмнө Оросын засгийн газраас баталсан тул вакцины үндсэн асуудал, эмнэлзүйн үр нөлөө (түүний хариу урвал гэх мэт) тодорхойгүй гэдгээр дэлхий нийтийн шүүмжлэлийн бай болж байсан нь саяхан.

Гэсэн хэдий ч 2020 оны 9-р сарын 4-ний I / II үе шатны судалгааны үр дүн (Эх сурвалж: Logunov DY, et al. Lancet. 2020;396:887-897), 2021 оны 2-р сарын 2-ны III шатны судалгааны үр дүн (Эх сурвалж: Logunov DY, et al. Lancet. 2021; 397: 671-681) тус тус албан ёсны судалгааны өгүүлэл болж хэвлэгдснээр энэхүү вакцины үндсэн ба эмнэлзүйн ач холбогдлыг нь бусад генийн вакцинтай ижил түвшинд авч үзэж болохоор болсон юм.

Sputnik V нь AstraZeneca-ийн ChAdOx1 (вектор нь шимпанзе сармагчингийн аденовирус), Johnson & Johnson's-ний Ad26.COV2.S (вектор нь хүний аденовирус 26 төрөл) зэрэг бусад аденовирусээр векторжуулсан вакцинуудаас ялгаатай нь анхдагч үр нөлөөг олж авахын тулд вакцины 1-р тунг хүний аденовирус 5 төрлийг, 2дахь тунг хийх үед өдөөгч тунгийн үр нөлөөг олж авахын тулд хүний аденовирус 26 төрлийг ашигласан, “өөр төрлийн аденовирус холилдсон вакцин” буюу "heterologous prime-boost COVID-19 vaccine” гэж тодорхойлохоор өвөрмөц вакцин юм.

ChAdOx1 болон Ad26.COV2.S вакцинуудын суурь судалгаануудаас харахад ижил төрлийн аденовирусийг ашигласан вакцинд эхний тарилгын дараа вектор болох аденовирусийн эсрэг саармагжуулагч эсрэгбие биемахбодид үүсэж, хоёр дахь удаагын тарилгын дараа саармагжуулагч эсрэгбиеийн титр улам нэмэгддэг болох нь тогтоогдсон (Эх сурвалж: Ramasamy MN, et al. Lancet. 2021; 396: 1979-1993. , Stephenson KE, et al. JAMA. 2021 оны 3-р сарын 11).

Өөрөөр хэлбэл, ижил төрлийн аденовирусийн вакцинд аденовирусийн эсрэг саармагжуулагч эсрэгбиет үүссэнээр зарим аденовирус устдаг бөгөөд ялангуяа хоёр дахь удаагийн вакцины тунг хийлгэсэн үед спайк уургийн генетикийн мэдээллийн бемахбодид нэвтрүүлэх хувь буурч, шингэний болон эсийн дархалаанд үзүүлэх өдөөгч үр нөлөөний илрэл хязгаарлагддаг байна (Ямагучи. Nihon Medical News (J-CLEAR Newsletter 124) 5053: 32-38, 2021).

Өөр төрлийн аденовирус холилдсон вакцинд ашиглагдсан аденовирусийн эсрэг саармагжуулагч эсрэгбиеийн шилжилтийн талаар хараахан мэдээлэл хомс байгаа хэдий ч 2 дахь тарилгын үед 1 дэх тарилгаас өөр аденовирус ашиглаж байгаа болохоор 2 дахь тарилгын дараа аденовирусээр дамжих спайк уургийн генийн мэдээлэл биемахбодид нэвтрэх хувь ижил төрлийн аденовирусийнхтэй харьцуулахад тийм ч их хязгаарлагддаггүй гэж таамаглагдаж буй. Өөрөөр хэлбэл өөр төрлийн холмиог аденовирусийн вакцины шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх үр нөлөө нь ижил төрлийн аденовирусийн вакцинаас илүү өндөр байх магадлалтай гэсэн үг болох нь.

Өөр төрлийн аденовирусийн холимог вакцин болох Sputnik V-ийн урьдчилан сэргийлэх үр нөлөөг дээрх өнцгөөс харах юм бол III үе шатны судалгаа (n = 19,866)-нд вакцины 2 дахь тунг (эхний тунгаас хойш 21 хоногийн дараа) тарьснаас 7 дахь хоногоос хойш өвчлөлөөс урьдчилан сэргийлэх үр нөлөө нь 91.1%, хүндрэлээс урьдчилан сэргийлэх үр нөлөө нь 100% (Эх сурвалж: Logunov DY, et al. Lancet. 2021; 397: 671-681) байгаад байна.

Нөгөөтэйгүүр, шимпанзе сармагчингийн аденовирусийг вектор болгон ашигласан AstraZeneca-ийн ижил төрлийн аденовирус вакцин ChAdOx1-ийн 2 дахь тунг тариулснаас хойш 14 хоног өнгөрсний дараах урьдчилан сэргийлэх үр нөлөө нь III үе шатны (n = 23,848) судалгааны явцын тайланд 62.1% гэж мэдээлэгдсэн (Эх сурвалж: Voysey M, et al. Lancet. 2021; 397: 99-111).

Гэхдээ III шатны туршилт судалгааны төгсгөлийн тайланд ChAdOx1 вакцины урьдчилан сэргийлэх нөлөө нь 2 тунгийн хоорондын интервалаас хамаарч өөрчлөгдөж байгаа болох нь тогтоогдсон. ChAdOx1 вакцины урьдчилан сэргийлэх нөлөө нь 6 долоо хоног дотор 2 тунг тарьсан тохиолдолд 55.1%, харин 12 долоо хоногийн завсарлагатайгаар 2 тунг тарьсан тохиолдолд 81.3% ( Эх сурвалж: Voysey M, et al. Lancet. 2021; 397: 881-891.) болж өөрчлөгдсөн байгаа.

Дээрх мэдээллүүдээс дүгнээд харахад ижил төрлийн аденовирус ашигласан ChAdOx1 (AstroZeneca) вакцинтай харьцуулахад өөр төрлийн аденовирусийн холимог вакцин болох Sputnik V нь шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх үр нөлөө нь илүү өндөр байх магадлалтай байна.

Ойдовын Батгэрэл Ph.D

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.