Хонгконгийн их сургууль 1989 онд Тяньаньмэний талбайд амиа алдагсдад зориулан босгосон хөшөөгөө буулгажээ

Twitter Print
2021 оны 12-р сар 23-нд 13:00 цагт
Мэдээний зураг,

Хонгконгийн их сургууль 1989 онд Бээжин хотын Тяньаньмэний талбайд болсон оюутан залусын хөдөлгөөний үеэр амиа алдагсдын дурсгалд зориулсан хөшөөг буулгажээ.

Данийн уран барималч Йенс Гальскиетын бүтээсэн 8 метр өндөртэй Гутамшгийн багана нэртэй баримал нь Хятадад нээлттэй ярихыг цээрлэдэг 1989 онд Тяньаньмэний талбайд болсон үйл явдлын үеэр амиа алдсан иргэдийн дурсгалыг хүндэтгэх, олон нийтэд нээлттэй үлдсэн цорын ганц дурсгалын хөшөө байсан ба Хонгконгийн их сургуулийн кампуст 1997 оноос хойш байрлаж байсан аж.

Өнгөрсөн 10-р сард Хонгконгийн их сургуулийн удирдлагууд хөшөөг буулгах шийдвэр гаргасан ба уг шийдвэрийг олон улсын хүний эрхийн байгууллагууд буруушааж байсан билээ.

Бие бие дээрээ давхралдан овоорсон, зовж тарчилсан 50 хүнийг дүрсэлсэн уг хөшөөг Йенс Гальскиет Тяньаньмэний талбайд ардчиллын төлөө Хятадын засгийн газрын эсрэг жагсаж, Хятадын зэвсэгт хүчнийхний гарт амиа алдсан иргэдийн дурсгалд зориулан бүтээсэн аж.

Хөшөөг буулгах үеэр хамгаалалтын ажилтнууд хэвлэл мэдээллийн ажилтнуудыг хөшөөг буулгах ажиллагааг сурвалжлахаас сэргийлж, хөшөөг буулгах ажиллагаа явагдаж байсан газрыг хамгаалалтанд авсан байжээ.

Оюутнууд болон ардчилсан хөдөлгөөнийхөн жил бүр хөшөөг цэвэрлэн, сэргээн будаж, Тяньаньмэний талбайд амиа алдагсдын дурсгалыг хүндэтгэдэг байсан ба уг хөшөө Хонгконгийн эрх чөлөөний бэлгэ тэмдэг болсон юм.

Уран барималч Й.Гальскиет болж буй үйл явдалд цочирдож маш ихээр харамсч буйгаа илэрхийлжээ. Тэрээр, "Хөшөөгөө очиж авах зөвшөөрөл Хонгконгийн их сургуулиас хүссэн боловч надад ямар ч хариу өгөөгүй. Хэрэв тэд миний баримлыг сүйтгэх юм бол би нөхөн төлбөр нэхэж, үлдсэн хэсгүүдийг нь Европ руу буцааж илгээхийг шаардах болно. Энэ бол Үндэсний аюулгүй байдлын асуудал биш. Энэ бол миний хувийн өмч. Хонгконгийн хуульд хүний хувийн өмчийг сүйтгэж болохгүй гэсэн заалт нь ч байгаа." хэмээн Гардиан сонинд өгсөн ярилцлагадаа дурджээ. Тэрээр барималтай нь холбоотой бүх үйл явдлыг баримтжуулж өөрт нь илгээхийг Хонгконгт байгаа иргэдээс хүсчээ.

Хонгконгийн их сургуулийн хувьд өнгөрсөн 7-р сард сургуулийнхаа оюутны зөвлөлтэй харилцаа холбоогоо тасалсан билээ.

Бээжин 2020 оноос хойш Тяньаньмэний талбайд амиа алдагсдын дурсгалыг хүндэтгэн жил бүр зохион байгуулагддаг лаа асаах үйл ажиллагааг хориглосон ба Бээжин 1989 оны үйл явдлыг түүхээс арчих ородлого хийж байна хэмээн ажиглагчид үзэж байна.

Эх сурвалж: BBC

Содномцэрэнгийн Энхзаяа

mongolcom.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.