Ч.Чулуунцэцэг: С.Наранбаатар агсны ажил үйлс, хөдөлмөр бүтээлийг олон нийтэд түгээн дэлгэрүүлнэ

Twitter Print
2014 оны 04-р сар 24-нд 14:51 цагт
Мэдээний зураг,
Сэтгүүлзүйн салбарт хүч түрэн гарч ирсэн NBS гэх телевизийг үүсгэн байгуулж, шударга үнэнийн дуу хоолой болж явсан сэтгүүлч С.Наранбаатар өдгөө амьд сэрүүн байсан бол 39 насыг зооглох байсан. Ид бүтээж явах насандаа харамсалтайгаар амиа алдсан мэргэжил нэг нөхөртөө эмгэнэн гашуудаж, найз нөхөд болон гэр бүлийнхэн өнөөдөр хэвлэлийн хурал хийсэн юм.

Хурлын эхэнд талийгаач С.Наранбаатарын төрсөн өдөр өнөөдөр болохыг онцлон дуулгалаа. Мөн “Сэтгүүлч Наранбаатар” сангийн үйл ажиллагаа болон цаашид ямар үйл хэргийг үргэлжлүүлэх талаар мэдэгдэхдээ “Энэ сангаар дамжуулж залуу сэтгүүлч, уран бүтээлчдийн сонирхол, хүсэл эрмэлзлийг тусгасан “Би сэтгүүлч” хөтөлбөр боловсруулан улмаар теле нэвтрүүлэг бэлтгэж, телевизээр тогтмол явуулах ажлыг зохион байгуулах юм. Түүнчлэн ёс зүйтэй эрэн сурвалжлах сэтгүүл зүйг хөгжүүлэхэд тус дөхөм үзүүлэх үүднээс эрэн сурвалжлах сэтгүүл зүйн чиглэлээр дагнан ажилладаг “Шилдэг эрэн сурвалжлагч сэтгүүлч залуу”-г тусгай болзлын дагуу жил бүр шалгаруулах зэрэг ажлыг эхний ээлжинд хийж эхлэх юм байна.

Хэвлэлийн хурлын дараа "Сэтгүүлч Наранбаатар” сангийн удирдах зөвлөлийн гишүүн Ч.Чулуунцэцэгээс тодруулга авсан юм.

Энэ сан байгуулагдаад хэдэн сар болж байгаа вэ?

Монголын сэтгүүл зүйн салбарт өөрийн гэсэн өнгө төрхөөр гялалзаж, уран бүтээлээ туурвиж явсан найзынхаа ажлыг цааш үргэлжүүлье гэсэн бодолтой явсан. Ядаж гурван хүүхдэд нь аав нь ийм хүн байсан юм шүү гэдгийг мэдрүүлэхийг хүссэн учраас Сан байгуулах нь зөв зүйтэй зүйл хэмээн бодож шийдсэн. Сангийн гол зорилго нь шударга үнэний дуу хоолой болж байсан, авьяаслаг залуу сэтгүүлч агсан С.Наранбаатарын ажил үйлс, хөдөлмөр бүтээлийг олон нийтэд түгээн дэлгэрүүлье, цаашдаа сэтгүүл зүйн салбарт дорвитой зүйл хийж, хүсэл мөрөөдлийг нь ажил хэрэг болгон биелүүлэхэд манай сангийн үйл ажиллагааны гол зорилго оршиж байгаа юм. Тухайлбал, түүний эрхэлж байсан үйл хэргийг үргэлжлүүлэх залуу сэтгүүлчид, уран бүтээлчдийг дэмжиж, тэдний авъяас билгийг хөгжүүлэхэд тус дөхөм үзүүлэх, чадварлаг сэтгүүлчдийг олноор төрүүлэн гаргахад түлхэц үзүүлэх юм.

Эхний ээлжинд ямар үйл хэрэг хийж хэрэгжүүлэх гэж байна?

Эхний ээлжинд МУИС-ийн сэтгүүлч болон нийгэм, философийн чиглэлээр суралцдаг оюутнуудын дотроос шилдэг гурван оюутан шалгаруулж төлбөрийг нь өгөх болно. Мөн тус сургуулийн нэг танхимыг С.Наранбаатарын нэрэмжит болгож тохижуулах бодолтой яваа. Учир нь талийгаач МУИС-ийг төгссөн. Үүнийг бид судалгааны түвшинд хийж байгаа. Одоогоор хийж хэрэгжээд эхэлсэн ажлаас дурдвал, 7-р хороонд өрх толгойлсон хоёр ээжийг сонгосон. Олон хүүхэдтэй дээрээс нь өрх толгойлсон учраас асуудал их л тулгарна. Үүнд бид бага ч гэсэн дэмжлэг тусламж үзүүлэх үүднээс ажиллаж байна.

Энэ сайн санааны үйлст найз нөхдөөс нь гадна олон хүмүүсийн туслалцаа дэмжлэг их ирж байна уу?

Олон хүмүүс хандаж, туслалцаа үзүүлж байгаа. Өөрөө их нийтэч хүн байсан учраас маш олон хүмүүс таньж мэдэх жишээтэй. Оюутан хүүхдүүдээс эхлүүлээд төрийн түшээд хүртэлх хүмүүс хандаж энэ үйлсийг дэмжиж байгаад маш их баярлаж байна.

Сэтгүүлч Г.Ганчимэг

E-mail: ding_ding48@yahoo.com 
Утас: 76110303, 76110505

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.