Д.Энхсайхан: Улаанбаатарыг 315 сая төгрөгөөр цэцэгжүүлэх нь сүйдтэй асуудал биш

Twitter Print
2014 оны 04-р сар 24-нд 12:16 цагт
Мэдээний зураг,
Энэ жил нийслэл хотод хийгдэх ногоон байгууламжийн талаар Улаанбаатар нэгтгэл ОНӨААТҮГ-ын Гүйцэтгэх захирал Д.Энхсайхантай ярилцлаа.

-Ногоон байгууламжийн ажил ямархуу гүйцэтгэлтэй явна. Ажиллах боловсон хүчин хангалттай юу?

-Манай нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл энэ хавар 120 цэцэрлэгч бэлтгээд ажилд нь оруулчихлаа. Өнгөрсөн жил мөн 100 цэцэрлэгч бэлдсэн. Ингээд 200 гаруй цэцэрлэгч дөрөвдүгээр сарын дөрөвнөөс эхлээд ногоон байгууламжийн ажилдаа орчихоод явж байна. Ногоон байгууламж гэдэг бол мэргэжлийн хүн тодорхой цаг хугацаанд агротехникийн дагуу хийдэг ажил. Тэгэхээр ногоон байгууламжийг мэргэшсэн хүмүүс хийх ёстой. Өмнө нь орон нутгийн өмчит нийслэлийн харьяа “Цэцэрлэгжилт” компани гэж байгаад тэр нь хувьчлагдаад цэцэрлэгжилтийн асуудал Улаанбаатар хотод үндсэндээ орхигдсон байсан.Харин өнгөрсөн жилээс эхлээд мэргэжлийн цэцэрлэгчдийг бэлдээд ажилд нь оруулснаар хотын өнгө үзэмж хэрхэн сайжирсныг Улаанбаатарчуудад харагдаж л байгаа байх.

-Цэцэрлэгчид одоо яг ямар ажил хийцгээж байна?

-Бид хувийн байгууллагуудтай гэрээ байгуулаад 14 хоногийн сургалт хийсэн. Ажилд авах зарын дагуу л ирсэн хүмүүс. Тэр хүмүүс маань цэцгээ тарина, модоо тарина, зүлэгжүүлэлтээ хийнэ. Одоогийн байдлаар модны хэлбэржүүлэлт усалгаа, хортон шавьжнуудаас хамгаалах модны шохойжилтын ажил хийгдээд дуусч байна. Мөн тавдугаар сарын нэгнээс эхлээд хөрс боловсруулалт руугаа орно. Бүх ажлууд цаг хугацааныхаа дагуу төлөвлөгдчихсөн байгаа. Түүнийхээ дагуу л явагдана.

-Хотын ерөнхий тохижилт, ногоон байгууламжийн тухайд энэ жил ямар шинэлэг зүйл хийх вэ?

-Өнгөрсөн жил иргэд хотын ногоон байгууламжид их талархалтай байсан. Энэ жил бид илүү их бүтээн байгуулалт хийнэ. Төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаа гэж их ярьдаг. Бид 60 гаруй хувийн аж ахуйн нэгжүүдтэй гэрээ хийгээд хотын гудамж, талбайн ногоон байгууламжуудыг цогцоор шийдэхээр хамтран ажиллаж байна.

-Ер нь Улаанбаатарын ногоон байгууламжийн хэдэн хувийг хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдээр гүйцэтгүүлэх вэ?

-Улаанбаатар нэгтгэл нийслэл хотын 10 гаруй төв гудамжны ногоон байгууламжийг хийнэ.Бусад туслах гудамжуудаа хувийн аж ахуйн нэгжүүдээр хийлгэнэ. Нэг ёсондоо төр, хувийн байгууллага хоёр хэн нь ажлаа сайн хийх нь вэ гэж уралдах гэж байгаа юм. Өнгөрсөн жил хувийн хэвшлийнхэн тааруухан ажилласан. Нэг ёсондоо төр нь илүү сайн менежменттэй ажилласан гэсэн үг л дээ.

 

-Өнгөрсөн жил хотын захын гэр хорооллуудаар цэцэрлэгжүүлэлт огт хийгдэхгүй байна гэсэн гомдол цөөнгүй гарч байсан?

-Ийм гомдол цөөнгүй ирсэн. Энэ жил Долоон буудал орчмыг манай Улаанбаатар нэгтгэл хариуцан ажиллаж байгаа. Зорчих хэсэг явган зам хоёрын голоор нэг хэсэг шороон замууд байдаг юм. Тэр хэсэгт нь зүлэг, цэцэг, гоёлын мод тариад Долоон буудлын эцэс хүртэл цэцэрлэгжүүлнэ. Мөн Сонгинохайрхан дүүргийн Үйлдвэрчний эвлэлийн гудамжинд бас ногоон байгууламж хийхээр төлөвлөсөн байгаа.

-Энэ жил цэцгээ ямархуу байдлаар тарих вэ?

-Энэ жилийн хувьд бид цэцгүүдээ хотын гудамжуудаар ваар саванд хийж тавина. Өөрөөр хэлбэл, одоо тэр ваартай цэцгүүдээ гаргаж тавиад аравдугаар сар гэхэд буцаагаад хураагаад авчихна. Дараа жил нь тэрийгээ дахиж гаргаж ирээд тавьчих юм.

-Гудамжинд ваартай цэцэг тавихаар зарим нэгэн ухвар мөчид хүмүүс сүйтгэнэ, хулгайлна гэж айхгүй байна уу?

-Их том ваар байх юм. Шороо хийхээр 200 орчим кг болно. Тэр том ваарыг хүмүүс арай ч авахгүй байлгүй дээ. Бас ийм зүйл хийж байхад иргэд маань ухамсартай хандах байлгүй дээ.

-Өнгөрсөн жилийн цэцгэнд 300 гаруй сая төгрөг зарцуулсан. Ганц зуны цэцгэнд их мөнгө зарцууллаа гэсэн шүүмжлэл нэлээн гарсан?

-Өнгөрсөн жил 315 гаруй сая төгрөг тэдгээр цэцгэнд зарцуулсан. Сая 300 мянган хүнтэй хотод тэр байтугай л зарлага гарч байгаа шүү дээ. Яахав дээ, 315 сая төгрөг зарцуулаад хотын төвөө цэцэгжүүлсэн нь нэг их сүйд болоод байх асуудал биш. Хүмүүсийг баярлуулж, бага ч болтугай урам зориг өгч байна шүү дээ. Тэгээд ч энэ цэцэгсийн нийгмийн ач холбогдол нь  маш их гэж бодож байна. Хүмүүс тэр цэцгийг хараад тайвширна, стрессээ тайлна. Цаашлаад бүр нарийн тооцох юм бол тэр цэцэг чинь Монголын эдийн засагт 315 сая төгрөгөөсөө илүү их ач холбогдолтой л доо.

-Ноднингийн цэцгийг дотооддоо үрслүүлээгүй, хятадаас оруулж ирсэн гэсэн яриа гарч байсан. Яг хаанахын цэцэг юм бэ?

-Цэцэгний тухайд нээлттэй тендер зарлаж явуулдаг. Өнгөрсөн жил Хятадаас оруулж ирсэн гэсэн мэдээлэл гараад л байсан. Тийм зүйл огт байхгүй. Монголын хөрсөнд ургуулсан компаниудаас аваад л тарьж байгаа.

-Энэ жил цэцэг, ногоон байгууламжийн ажилд хэчнээн хэмжээний мөнгө зарцуулж байгаа вэ?

-Энэ жил өнгөрсөн жилийнхтэй ижил хэмжээний мөнгө зарцуулна. Зүлгэндээ 100 гаруй сая төгрөг зарцуулна.

-Хувийн аж ахуйн нэгжүүдтэй хэрхэн хамтарч байгаа вэ?   

-Иргэд аж ахуйн нэгж байгууллагууд Нийслэлийн иргэдийн хурлын тэргүүлэгчдийн тогтоолоор 50 метр дотроо тохижилт, ногоон байгууламж хийх үүрэгтэй. Үүнийг манай байгууллагууд хэрэгжүүлдэггүй байсныг нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэлээс анхаарч ажил хэрэг болгохоор шийдсэн. Манайхаас байгууллага, аж ахуйн нэгжүүдийн дунд “Хөгжлийн түлхэц” нэртэй уралдаан зарлаад байгаа. Хамгийн сайн тохижилт ногоон байгууламж хийсэн аж ахуйн нэгжүүдийг манайх 15, 10,5 сая төгрөгөөр шагнах юм. Нөгөө талаасаа бид аж ахуйн нэгжүүдийг шахаж ажиллана. Манайхаас дүүрэг бүр дээр хоёр хүн томилогдсон байгаа. Тэдгээр хүмүүс гаднаа тохижилт хийгээгүй аж ахуйн нэгжүүдэд хугацаатай үүрэг өгөөд ажлыг нь хийлгэх юм.

Гадны зарим улсуудад бол байгууллагуудын гаднах талбайг нь хувийн аж ахуйн нэгжүүд нь тохижуулж өгөөд хөлс авдаг. Бид хувийн хэвшлийнхнийг тэр систем рүү шилжээсэй гэж хүсч байгаа. Би хувийн тохижилтын компаниудад хэлсэн л дээ. Зөвхөн манайхтай ажиллахаас гадна өөрсдөө санаачлаад аж ахуйн нэгжүүдтэй уулзаад тохижуулалтыг нь хий гэсэн.  

Ер нь төрийн хэдэн байгууллага юм хийхээс гадна хувийн аж ахуйн нэгжүүд, иргэд өөрсдөө эко сэтгэлгээтэй байх юм бол хот маань улам сайхан болно шүү дээ.

-Энэ жил зарцуулах нийт мөнгөний хэмжээгээ та нэг л нуугаад байна уу даа?

-Төсөв мөнгө хэлэхээр улстөржөөд явчихдаг юм. Ер нь манай Улаанбаатар хотод тохижилт үйлчилгээний ажлыг хийхэд маш их мөнгө хэрэгтэй. Манай нийслэлийн төсөв хязгаартай учраас бидэнд тодорхой хэмжээний төсөв батлагдсан. Гэхдээ тэр нь хангалттай биш. Тийм ч гэсэн бид байгаа хөрөнгөдөө тааруулаад иргэддээ маш сайхан үйлчилгээ үзүүлэхээр ажиллаж байна.

-Дор хаяж тэрбум төгрөг батлагдсан байлгүй дээ, тийм үү?

-Дөрвөн тэрбум гаруй төгрөг байгаа. Энэ хөрөнгийн зарцуулалт нь бүгд хуулийн хүрээнд нээлттэй явж байгаа. Өмнө нь тохижилт үйлчилгээний чиглэлээр дүүргийн Засаг дарга нарт тэрбум төгрөг өгдөг байсан. Харамсалтай нь өнгөрсөн жилийнх шиг дорвитой ажил хийж байгаагүй.

-Одоо дүүргүүдийн Засаг дарга нарт ногоон байгууламж хийх төсөв хөрөнгө байхгүй гэсэн үг үү?

-Байхгүй. Яахав дүүргүүдийн орон нутгийн хөгжлийн сангийн мөнгөөр хороолол дундахаа ч юм уу тохижуулах эрх нь бол нээлттэй байгаа. Орон нутгийн хөгжлийн санд нь 30-аад тэрбум төгрөг байдаг. Тэр мөнгөөрөө аятайхан тохижуулалтын ажлууд хийж болно шүү дээ. Урд нь бол дүүргүүд нохойны хөшөө ч гэдэг юм уу,  хэрэггүй юманд их мөнгө зарцуулдаг байсан.

-Танай байгууллагаас ногоон байгууламжийн цэцэрлэгжүүлэлт, усжуулалт арчилгааг бүгдийг нь хариуцдаг уу?

-Тийм. Гудамжуудаа хариуцаж авсан байгууллагууд маань төсвөө авсан учир өөрсдөө усалгаагаа хийнэ, хамгаална. Бүх юмаа өөрсдөө хийдэг.

-Ногоон байгууламжийн асуудал дээр хувь иргэдтэй хамтарч ажиллах, тэднийг урамшуулах боломж хэр байдаг вэ. Тухайлбал, иргэд хашаандаа мод тарина гэвэл суулгацыг нь өгнө ч гэдэг юм уу?

-Хувь иргэдэд бол тийм зүйл байхгүй. Төрийн мөнгийг зарцуулж байгаа учраас иргэдэд өгч болохгүй шүү дээ. Иргэд бол өөрсдийнхөө санаачилгаар ногоон байгууламж хийх үүрэгтэй. Уг нь иргэд нэг удаа идэвхи санаачилга гаргаад л тохижуулаад авчихад цаашдаа хэдэн жил сайхан байна шүү дээ.

-Өнгөрсөн жил хотын зарим гудамжинд хиймэл зүлэг тавьж байсан. Ер нь хиймэл зүлэг тавих нь хэр зохимжтой вэ. Зарим хүн үнэхээр гоё зүлэгжүүлэлт хийж чадахгүй бол хиймэл зүлэг байсан нь дээр гэдэг юм билээ?

-Өнгөрсөн жил Модны хоёрын голын замаар нэг хиймэл зүлэг тавьж үзсэн. Би тэрийг нь хуулуулаад авчихсан юм. Тэр зүлэг чинь амьд л байх ёстой. Энэ жил бол дандаа амьд зүлэг тарина.

-Нэгэнт хотоо сайхан тохижуулаад гудамжиндаа цэцэг тарьж, зүлэгжүүлчихээр түүнийг хайрлаж хамгаалах иргэдийн ухамсар хэрэгтэй. Энэ тал дээр нийтэд хандсан мэдээлэл, сурталчилгаа дутагдалтай санагддаг. Танай байгууллагаас энэ ажилд ач холбогдол өгч байгаа юу?  

-Оюутнуудын дунд рекламны санаа авахаар шторкны уралдаан зохион байгуулсан. 1000 гаруй оюутан хамрагдсан. Тэндээс санаа аваад хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр иргэд рүү хандсан шторк сурталчилгааг нэлээд хийнэ. Хүн ер нь бие биенийхээ нөлөөнд их автдаг. Тийм учраас иргэд бие биедээ зөв шаардлага тавьж нөлөөлөх ёстой. Хүн бүхэн дор бүрнээ миний хот гэсэн сэтгэлгээгээр, соёлтой боловсон хандаасай гэж хүсч байна даа.

-Үндэсний цэцэрлэгт хүрээлэнг Улаанбаатар нэгтгэлээс хариуцаж тохижуулдаг уу?

-Үгүй. Үндэсний цэцэрлэгт хүрээлэн бол нийслэлийн өмчит үйлдвэрийн газар. Санхүү хөрөнгө, дарга, ажилчид нь тусдаа. Дотроо зүлэг ногоо хариуцдаг ажилчидтай байдаг юм.

-Танай байгууллагатохижилт үйлчилгээнээс өөр ямар ажил хийж гүйцэтгэдэг вэ?

-Ганц ногоон байгууламж бидний ажил биш. Улаанбаатар нэгтгэл маань хотын 10 гаруй үйлчилгээг хариуцдаг. Нохой, муур устгах, зам засвар, хайс хашлага, тэмдэг тэмдэглэгээ, үерийн болон хөрсний усны шугам хоолойн цэвэрлэгээ, далан сувгийн цэвэрлэгээ гээд олон үйлчилгээг хариуцдаг

Сэтгүүлч Д.Энхтүвшин

E-mail: eegii1967@yahoo.com 
Утас: 76110303, 76110505

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.