Байхгүй юмны тухай яриа

Twitter Print
2014 оны 04-р сар 24-нд 09:50 цагт
Мэдээний зураг,
АН-МАХН-ын байгуулаагүй гэрээний “зураг”-ийг сошиал сүлжээнээс үйлдвэрлэн тараалаа. Iphone, компьютер, интернэт гурав байхад төсөл нэрээр “баримт” зохиох шиг амар зүйл үгүй. Энэ хоёр намын аль нэг нэр бүхний улс төрчийн албан ёсны твиттер, фэйсбүүкээс гараагүй, зөвшөөрсөн биш гэхэд ядаж үгүйсгээгүй үг нэг ч унаагүй нь “гар үйлдвэр”-ийн эд болохыг нь батална. Ийм гэрээний төслийг харсан үзсэн нэг ч улс төрийн гэрч байхгүй. Тийм ч учраас “Шударга ёс” эвслийн бүлгээс Д.Батцогт гарах болсон, УИХ-ын байнгын хорооны ирц бүрдээгүй зэрэг нүдэнд илхэн бодит үйл явдлуудыг гар хийцийн баримттандаа хачир тайлбайр дагуулна. “Баримт” нь төсөл, төсөл учраас мэдээж гарын үсэггүй, тамга тэмдэггүй, хэн, хаанаас хэзээ тараасан нь тодорхойгүй.

Гэрээ нь байхгүй ч мөртлөө гурван бүлэг, 16 заалт нь байна. Байхгүй гэрээний, эзэнгүй төслийн заалтыг уншихаар уур хүрч уушиг сагсайхаар үгээр найруулчихна. АН, МАХН, ИЗНН угаасаа Засгийн газарт хамтрахдаа гэрээ байгуулсан, түүний дагуу энэ танхим бүрдсэн учраас үнэмшил төрүүлэх сэжүүр гарна. Гарцаагүй баримт биш, гар хөлийн үсэгтэй бичиг биш зэрэглээ харуулж цуурхлыг хөөрөгдөх нь улс төрийн бохир технологийн сонгодог жишээ юм. Америкууд бусад улс орны удирдагчид, иргэдээ тагнаж чагнадаг байсныг илчилсэн баримтууд  хөдөлшгүй, ТТГ-ын ажилтан асан Сноуден гэдэг буух эзэн, буцах мөртэй. Хэрвээ төсөл үнэн бол монгол Сноуден нь хэн юм бэ? Буух эзэнгүй, буцах мөргүй “баримт”-ын төсөл зохион гаргасан шалтгаан нь энгийн.

Дараагийн МАНАН-г байгуулах МАН-ын алхмууд, давхар дээл тайлах Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийг дэмжихдээ хугацааг нь энэ оны 7 дугаар сарын 1 болгож өөрчлөх давхар мэх илчлэгдсэний хариу юм. Алмасыг харсан хүн байхгүй, харин мөр нь гэхээр том ором, янз бүрийн нүх, элдэв домог байдагтай л адилхан. Амьд хүн махан биенээсээ гуулин бурханаар бөөлжчихлөө, би харлаа, би үзлээ гэж хөөрцөглөдөг сурвалжлагч олддог л юм чинь гэрээ нь ч байхгүй, эзэн биегүй төсөл гэх зурганд үнэмшиж уурлах гэнэн тэнэгүүд олдоно. Уг нь хоёр алхаад баригдах зүйл. Хоёр намын удирдлагаас харсан үзсэн хүн байхгүй, ийм юм хийгээгүй гэдгээ хэлчихэд л болох зүйл.

АН-ынхан бие биенээ МАН, МАХН-тай ээлжлэн хардаж сэрдээд, ширхэг үс олж хараад, ургуулан ургуулсаар нүцгэн амрагийг нь төсөөлж зураад байгаад уурладаг шиг л юм болж байна. Сэлэм Тогмид сэтгэлт бүсгүйтэйгээ “Чи  тэр намтайгаа яв. Тэгвэл чи тэр хүргэн ахтайгаа яв” гэж ам мурийдаг шиг “Та нар МАН-тайгаа яв, тэгвэл та нар МАХН-тайгаа яв” болчихсон хэрэлдэж байна. Байхгүй юмтай хардаж сэрдсээр байгаад гэр бүл салдаг. Улс төрд хардлагын өвчинд нэрвэгдсэн Сталинаас өгсүүлээд маш олон түүх бий. Хардах нь хайртайн шинж ч гэдэг.    

mongolcom.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.