
1990 оны Цагаан морин жилийн ардчилсан хувьсгалын анхдагчийн нэг, монголд ардчилсан чөлөөт хэвлэлийн үндсийг тавилцагч Дарь.Сүхбаатартай хийсэн яриаг мэргэн уншигч таны сонорт хүргэж байна. Таалан болгооно уу.
-Та бид хоёрын яриа энгийн чөлөөтэй өрнөх хэдий ч төрт ёсоо хүндэтгэх үүднээс одоо таны хашиж байгаа албаны тухай асуултаар эхэлвэл та зөвшөөрнө биз дээ?
-Ардчилсан хувьсгалын тугийг өргөлцөж, Монголд чөлөөт хэвлэлийн үндэс суурийг тавилцах гэж тэмцэж явсан үетэй минь харьцуулбал одоо миний хашиж байгаа алба бол хамааралгүй шахуу, төрийн алба юм. Төр засаг, ёс журмаа хүндэтгэх үүднээс таны асуултанд хариулахад би өнөөдөр Монгол Улсын Засгийн газрын тохируулагч агентлаг Онцгой байдлын Ерөнхий газрын үндсэн чиглэл эрхэлсэн дэд даргын алба хашиж байна. Манай алба бол хүнд хэрнээ буянтай, сайхан алба. 2004 онд манай албаны тухай хууль гарснаар энэ алба бий болсон. Энэ онд 10 жилийн ойгоо тэмдэглэнэ. Товчхондоо ийм.
-1990 оны ардчилсан хувьсгалыг ярихаас өмнө, 1988 онд тэр үеийн УБДС-ийн хэсэг оюутан “Цагийн толь” хэмээх сонин гаргасан нь ардчилсан чөлөөт хэвлэлийн эхлэл байсныг судлаачид тэмдэглэн хэлдэг. Энэ түүхээр гол яриагаа эхлэх үү?
-УБДС дээр эмхлэгдэн гарч эхэлсэн “Цагийн толь” сонин бол миний, бидний цөөхөн нөхдийн гавьяа биш юм. Ингэж хэлэх нь зарчим, жудаг, ёс зүйд нийцнэ. Ерөөсөө чөлөөт сэтгэлгээ, үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолын төлөө үзэл, тэрний төлөөх тэмцэл, түүний золиос нь үеийн үед байсаар л ирсэн. Би 1988 онд Сөүлийн олимпоос өмнөхөн, тодорхой хэлбэл гуравдугаар сарын 20-нд УБДС-ийн физик, математикийн хоёрдугаар курст элсэн орсон хүн. Тэр намраа ургац хураалтын ажилд явж байгаад өвдөөд хот руу буцаад ирсэн.
Би чинь Завхан аймгийн Тосонцэнгэл сум буюу Монголын хамгийн хүйтэн газрын хүүхэд л дээ. Тосонцэнгэлчүүд хоолойны ангинаар өвчлөх нь элбэг. Тэгээд тэр маань сэдрээд буцахгүй юу. Гэртээ буцаж ирээд эмчилгээ хийлгээд хэвтэж байтал зурагтаар Солонгосын оюутны бослого хөдөлгөөний тухай маш их дэлгэрэнгүй гарч байсан. Тэр бүхнийг хараад миний толгойд “Ерөөсөө энэ нийгмийг оюутнууд өөрчилдөг юм биш үү” гэсэн бодол зурсхийгээд ороод ирсэн. Намар оюутнууд цуглан ирж, пүрэв гараг бүрт ордог утга зохиолын нэгдлийн хичээл эхлэнгүүт нь л “Сургууль дээрээ сонин гаргая. Нийгмийг өөрчлөх хувьсгалын тэргүүн эгнээнд сонин явдаг гэж Ленин багш хэлсэн юм” гээд л зүтгэчихсэн.
Эхэндээ ч шүлэг, яруу найраг ярьж байхад энэ нэг нөхөр юун сонин энэ тэр яриад байгаа юм бол гээд их л гайхан хүлээн авч байлаа. Удалгүй утга зохиолын нэгдлийн эрхлэгч Ц.Дашдамбатайгаа нийлж аваад “Цагийн толь” сонинг гаргах гээд 1988 оны 10 дугаар сараас ёстой уйгагүй ноцолдсон доо.
-Одоо бол үнэхээр санаанд ч багтахгүй байна шүү. Ёстой л түмэн бэршээл, байхгүйн зовлон туулсан байх даа?
-Аа, яа яа. Ярих ч юм биш. Сонин гаргана гээд байдаг. Гэтэл сонингийн талаар ёстой л “А” ч үгүй нөхөд байлаа шүү дээ. Сонингоо хэн хийх юм, хаанаас зөвшөөрөл авах юм гээд одоо бол үнэхээр бодохоос ч халширмаар зам туулсан. Хамгийн эхний том зовлон бол тэр үед сонингийн цаас. Сонин хийх зөвшилцөлд хүрэнгүүтээ би сургуулийнхаа ректорат дээр яваад орсон. Асуудлаа ярьсан. Хамгийн гайхмаар нь тэр үеийн УБДС-ийн ректор цөмийн физикч О.Отгонсүрэн, намын хорооны дарга Б.Батхишиг гэж үнэхээр гайхамшигтай сайхан хүмүүс намайг уухайлан дэмжсэн. Тун удалгүй би УБДС-ийн ректоратын гишүүн болсон нь урьд өмнөх түүхэнд байгаагүй үзэгдэл болсон юм.
Тэр үед зөвхөн бичгийн машинаар цохьсон бичиг хэрэг л албан ёсны болдог бичигдээгүй хууль үйлчилдэг байв. Харин өнөөх бичгийн машин нь ёстой “нүдний гэм” байлаа шүү дээ. Бүхэл бүтэн УБДС бичгийн машинуудаа харамлаад өгөөгүй л юм даа. Арга ядчихаад байтал хэл утга зохиолын Д.Төмөртогоо гэдэг багшид бичгийн машин байдгийг олж мэдэхгүй юу. Тэгээд циркийн баруун талд байсан гэрийнх нь гадаа очоод сахичихсан. Би тэгэхэд саарал пельниктэй, саарал бүрх малгайтай явж байсан юм. Тэгсэн чинь Төмөртогоо багш “Чи нөхөр Дарь.Сүхбаатар, гестапогийн хүн шиг, намайг баривчлах нь уу” гэж байсан юм даг. Ректор О.Отгонсүрэн, намын хорооны дарга хоёр дэмжсэнийг сонсоод Д.Төмөртогоо багш ч нэг их цааргалсангүй бичгийн машинаа өгсөн. Тэгж л тэр бичгийн машин дээр “Цагийн толь” сонины анхны материалууд бэлэн болсон түүхтэй. Анхны дугаарийн нүүрний зургийг техник хөдөлмөрийн факультетын оюутан С.Бүрнээ зурж байлаа.
-Сониноо чухам яагаад “Цагийн толь” гэж нэрлэсэн нь сонирхолтой санагдаад болохгүй байна. Энэ талаар дурсаач?
- Сониныхоо нэрийг “Цагийн толь” гэж кириллээр бичээд зүүн доор нь заавал уйгаржнаар бичнэ гэж би дайрсаар санасандаа хүрсэн юм. Гэтэл бид өөрсдөө уйгаржнаар бичиж чаддаггүй. Тэгтэл монгол хэлний хоёрдугаар ангийн оюутан Б.Одгэрэл гэж сүүлд нь гайхамшигтай сайхан яруу найрагч болсон залуу “Цагуун толь” гэж ингэж бичдэг юм гээд үнэхээр биширмээр бичиж өгч байлаа.
Удалгүй сонины редакци байгуулж, эрхлэгчээр нь намайг томилж, бүрэлдэхүүнд нь монгол хэл, утга зохиолын ангийн дөрөвдүгээр курсын оюутан Ц.Дашдамба, П.Бөхбат, техник хөдөлмөрийн гуравдугаар курсын оюутан С.Бүрнээ, Г.Дашзэвгэ, монголын уран зохиолын гуравдугаар курсын оюутан, яруу найрагч Олзвой нарын бүрэлдэхүүнтэйгээр бүрдэж, эхний дугаараа 1988 оны 11 дүгээр сарын 5-нд гаргаж байлаа.
-Ямар ч бааз суурь мэдлэггүй, халаас хоосон шахуу оюутнууд гэхэд үнэхээр гайхмаар эрч хүчтэй, хүсэл мөрөөдөлтэй байж дээ?
-Нээрээ одоо ч заримдаа зүүд, зэрэглээ шиг л бодогддог юм. Анхны дугаараа 500 хувь хэвлүүлж байлаа. Тэр үеийн Намын төв хорооны мэдэлд байдаг кесорокс буюу одоогийнхоор принтрээр 500 ширхэг хувилан гаргасан юм. Би андуураагүй бол тэр үед “Үнэн” сонин 35 мөнгөөр зарагддаг байсан. Харин бид 500 ширхэг “Цагийн толь” сониноо нэг төгрөгөөр зарахад шуураад л алга болсон юм даг. Миний халаасанд 500 төгрөг түхийж байхад одоо "тэнгэрт байгаа" хөөрхий Бөхөө минь “Эрхлэгч ээ, одоо хэдэн бууз, хуушуур авч идье л дээ” гэж байсан юм даа. Эхний дугаар маань иймэрхүү л паянтай гарч байсан.
-“Цагийн толь” сонингийн анхны дугаарийн нүүрэнд алдарт Д.Нацагдоржийн зургийг тавьж, “Гагцхүү наран хэвээр үлдмой” гэсэн мөрийг эшлэсэнээсээ болж НАХЯ-ны анхаарлыг татаж, удалгүй хаагдсан сонссон. Энэ талаар ярьж өгөөч?
-Би бол зөвхөн тэр шүлгээс болсон гэж боддоггүй. Харин зүгээр Д.Нацагдоржийн зургийг тавьж, тэр хэдэн мөртийг бичих санааг бол би л гаргасан юм. Нөхөд маань “Заавал энийг бичих хэрэг байна уу” гээд байхад нь л зөрсөөр байгаад урдаа гурван цэгтэй, ардаа гурван цэгтэйгээр тэр мөрийг бичиж байлаа. Хоёр дахь дугаарийн нүүрийг Монгол Улсын төрийн далбаатай хэвлэхдээ санаатайгаар таван хошуугүй гаргаж байлаа. Гурав дахь дугаараа 1000 хувь гаргасан юм шүү. Ердөө 14, 14 хоногийн зайтай гурван дугаар гаргаад л хаагдсан түүхтэй сонин доо. Аливаа түүх, өнгөрсөн цаг үе үнэнээрээ л үлдэх ёстой. Яах вэ, тэр мөртийн цаана санаа агуулсан нь үнэн. Манай сониноос санаа аван МУИС дээр Ш.Сүхбаатар нар “Эрдэм” гэдэг сонин гаргаж байв. Тэр сонин бол нийгэм, залуусыг уриалан дуудаж, асуудал дэвшүүлсэн ямар ч өгөгдөхүүнгүй, зүгээр л МУИС-ийг магтан дуулсан сонин байсан.
-Нэг л өдөр гэнэтхэн хаагдчихсан уу. Урьдчилж мэдэгдсэн үү?
-Би чинь тэр үед физик, математикийн гуравдугаар курсын оюутан мөртлөө УБДС-ийн ректоратын зөвлөлийн гишүүн болчихсон, шийдвэр гаргах түвшинд оролцдог мундаг амьтан байлаа шүү дээ. Тэгтэл нэг өдөр О.Отгонсүрэн ректор дуудаж байна аа. Яваад ортол түүнтэй хамт нэг сайхан цэмбийсэн залуу сууж байна. О.Отгонсүрэн ректор ч “За Сүхбаатар аа, миний хүү энэ залуугийн үгийг сонс доо” л гэлээ. Нөгөө залуу ч их эелдгээр “Уучлаарай, Сүхбаатар аа. Намын төв хорооны даалгавраар танай сонинг хаах боллоо. Би НАХЯ-ны төлөөлөгч Бат-Эрдэнэ гэдэг хүн байна” гэсэн. Би ч бачимдаад “яагаад” гэсэн чинь “Уучлаарай. Би бол үүрэг гүйцэтгэж яваа цэргийн хүн, баяртай” гэчихээд л гараад явчихсан. Ингэж л “Цагийн толь” сонины түүх өндөрлөсөн юм даа. Зүгээр эхний дугаарт миний бичсэн “Бидний үе ирлээ” энэ тэр гэсэн ноцтой гэмээр ганц хоёр нийтлэл байсан л даа. Манай сургуульд 1942 онд Дэ вангийн офицерийн сургуульд сурч байсан Дамба гэж физикийн багш, маш мундаг өвөрмонгол хүн байсан. Тэр хүний тухай бичсэн маань ч баахан асуудал дагуулсан. Тэгээд л хаагдсан.
-Сониноо хаалгачихаад бухимдаад л яваад байв уу?
-Яг бухимдах ч биш юм аа. Гэхдээ би ямар нэгэн агуу их үйл хэргийн өмнө тулж ирээд байгаа, тэр үйл хэргийн тэргүүн эгнээнд явах ёстой гэдгээ л мэдрээд байсан. Ингээд явж байтал 1989 оны дөрөвдүгээр сард Монголын оюутны хоёрдугаар чуулган болж, тэр чуулганы индэр дээрээс хаагдсан сониныхоо гурван дугаарыг барьж байгаад үг хэлсэн юм. Тэр чуулганыг МАХН-ын Төв хорооны үзэл суртал эрхэлсэн нарийн бичгийн дарга Ц.Балхаажав гэдэг хүн удирдаж байсан. Би тэр үед “Энэ сониныг хааж байгаа юм бол зөвхөн УБДС-ийн биш бүх монголын оюутны чөлөөт хэвлэл болгоно” гэж хэлсэн. Намайг үгээ хэлчихээд буутал Ц.Балхаажав гуай “Төлөөлөгч Сүхбаатар, би хариуг нь шууд хэлчихье. Нэгдүгээрт, Монгол Улс цаас үйлдвэрлэдэггүй. Бидэнд гадаадаас цаас авах валют байхгүй. Тэгэхээр “Залуучуудын үнэн” сонины нэг нүүрийг оюутнуудын мэдэлд өгье” гэсэн. Түүний хэлсэн ёсоор “Залуучуудын үнэн” сонинд оюутнуудад зориулсан нэг нүүр бий болсон боловч тэнд үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх ямар ч боломж байгаагүй.
-Ер нь ингэхэд “Энэ нийгэм нэг л буруу яваад байна. Бид тэмцэж байж энэ гажуудал, завхралыг засна” гэсэн тэрслүү гэмээр чанар танд хэзээнээс бүрэлдэн тогтсон юм бол?
-Би 1984 онд БНАГУ-д оюутан байж байгаад хөөгдөж ирсэн хүн. Тэр бурангуй гэмээр үйл явдал миний үзэл бодол бүрэлдэн тогтоход ихээхэн нөлөөлсөн. Бухимдах, гомдох, өширхөх зэрэгцсээр тэмцэгч Дарь.Сүхбаатар бүрэлдэн бий болсон. Би гурван жил цөллөгийн журмаар ажиллаж, амьдарч үзсэн. Ингээд 1987 оноос л эргэж оюутан болсон хэрэг шүү дээ. Өөрийн үзэл бодол нэгтэй нөхдөө хайж явсаар 1989 оны 10 дугаар сард болсон “Залуу уран бүтээлчдийн улсын хоёрдугаар зөвөлгөөн” дээр л жинхэнэ ёсоор уулзалдацгаасан даа. Тэр зөвлөлгөөнд УБДС-ын утга зохиолын нэгдлийн эрхлэгч л төлөөлөгчөөр орох эрхтэй байсан. Би тэр үед үзэл бодол нэгтэй нөхдөө цуглуулаад “Дэвшилт залуусын эвсэл” гэдэг хууль бус байгууллага байгуулан нарийн бичгийн даргаар нь тэр үед Барилгын зургийн институтад ажилладаг байсан Л.Нямсүрэнг томилж байлаа. Ингээд манайхан ярьж байгаад “Дэвшилт залуусын эвсэл”-ийн тэргүүн Дарь.Сүхбаатарыг “Залуу уран бүтээлчдийн улсын хоёрдугаар зөвлөлгөөн”-д оруулъя гэж тохиролцоод зөвшөөрөл гуйн ёстой хөлөө хүрэх газрыг дуустал гүйсэн. Ингээд эцсийн мөчид буюу 1989 оны 12 дугаар сарын 10-ны өглөө Эвлэлийн төв хорооны дарга Ц.Нарангэрэл дээр орцгоон “УБДС-ийн оюутан Дарь.Сүхбаатарыг зөвлөлгөөнд оруулахгүй бол бид нар мандатаа энд тавьж, зөвлөлгөөнд оролцохгүй” гэвэл Ц.Нарангэрэл дарга өөрийнхөө мандатыг шууд миний хүзүүнд зүүгээд өгсөн. Бид хамгийн гол нь хэн юу ярих вэ, яаж оролцох вэ гээд бүх зүйлээ тохиролцчихсон байсан тул тэгж гүйцгээсэн хэрэг л дээ. Тэгээд түүнээс хойшхи болсон явдлууд бол он сар өдөртэйгөө байгаа даа.
-Хэдийгээр “Цагийн толь” сонин хаагдсан ч дараагийнхаа “Шинэ толь” сонинд ихээхэн нөлөө үзүүлсэн л байх даа?
-Толь гэдэг маань нийгэм, хүмүүс өөрсдийнхөө улаан нүүрийг харах л хэрэгсэл шүү дээ. Дээр нь 1913 онд Цэвээн Жамсранов гуйан эмхлэн гаргасан “Шинэ толь” гээд сэтгүүл байдаг. Намайг Германд оюутан байхад Баруун Германы “Шпигель” буюу “толь” гэж алдартай сэтгүүл гардаг байлаа. “Шпигель” дээр гарсан нийтлэл, өгүүлэл, асуудал дэвшүүлсэн бүхэн асар хүчтэй, үнэтэй байсан. Энэ бүхнээс ургуулан бодоод “толь” гэдэг үг миний дотор яваад байсан хэрэг. “Цагийн толь” гэдэг нэрийг бид редакциараа ярьж байгаад л “Ерөөсөө энэ цаг үеэ тольдоод үзье” гэсэн санаагаар өгсөн нэр байгаа юм аа. “Шинэ толь”-ийн тухайд “Ардчилал” сониноос өмнө гарсан сонин. Тэр үед Ардчилсан холбоо маш хүчтэй байсан. Тэр нэрийг “Ардчилал” сонины анхны эрхлэгч С.Амарсанаа бид хоёр ярьж байгаад өгч байлаа. Тэр сонинг С.Зоригийн ах С.Баяр эрхлэн гаргаж байв. Харин “Ардчилал” сонины анхны дугаар бол нэлээн хойно, дөрөвдүгээр сарын найманд гарч байсан юм.
-Ардчилсан хувьсгалын анхдагчдыг 13 биш, 15 байх ёстой гэсэн хүмүүс олон байдаг. Та яах аргагүй анхдагчийн хувьд үнэн тоог хэлж өгөөч?
-Энэ бол маш хэцүү асуудал. Гэхдээ би бол 13 биш, 15 хүн байх ёстой гэж үздэг. Хэн хоёр дутуу байна вэ гэвэл, Сосорбарамын Цогтсайхан, Чимэдийн Энхээ хоёр дутаж байгаа юм шүү дээ. Энэ хоёрыг бүр заавал оруулж байж 15 хүн байх ёстой юм. Гэхдээ 13 хүний дотор асуудал бий шүү. Ер нь бол тангараг өргөсөн 13 хүнийг л анхны 13 гээд явчихсан юм.
-Тэр нь ямар тангараг, юун тангараг хаана, хэзээ өргөсөн хэрэг вэ?
-1989 оны 12 дугаар сарын долооны өдөр нөхөддөө асуудал тавьсан юм. Тэр үеийн МУИС-ийн хоёрдугаар байрны хоёр давхарт криминалистикийн танхим гэж байлаа. “Малыш” Энхтүвшин тэр танхимын лаборант байхад бид тэнд нэг хэсэг их цугладаг байсан юм. Би жаахан түүх сонирхдогийн хувьд 1920 оны Ардын намын анхны долоогийн тангарагаас санаа аваад тангарагын үг бичсэн юм. Тэгээд тэр орой нөхөддөө “За хэдүүлээ нэгэнт амь нас, хувь заяагаараа дэнчин тавиад энэ том үйл хэрэг рүү орж байгаа юм чинь тангараг тавъя” гэсэн. Тэгэхэд яг 13 хүн байж таарсан юм. Уул нь 14-үүлээ байсан чинь Ч.Энхээгийн тулгар биетэй эхнэр нь хаалгаар шагайсаар байгаад нөхрөө аваад явсан. Тэгээд би зүүн гартаа эхийг нь барьж, бүгдээрээ баруун гараа зүрхэн тушаа аваад “Монгол Улсын иргэн, тэр овогтой тэр” гэж байгаад л тангарагаа уншиж байлаа. Яагаад шууд Монгол Улс гээд явсан бэ гэвэл би 1982 оноос эхлээд л БНМАУ биш Монгол Улс гээд хэлээд заншчихсан байсан. Тэр үед Германаас явуулж байсан миний захианууд дээр бүгд л Монгол Улс гээд дурайтал бичээстэй байгаа. Тэр тангараг “Хэрвээ би энэ тангарагаасаа няцвал төрийн болоод, ямар ч хатуу цээрлэлийг үг дуугүй хүлээх болно” гэж төгсдөг юм. Тангарагийн дор гарын үсгээ зурцгаахад Цагаандарийн Энхтүвшин бид хоёр л уйгаржин монголоор гарын үсгээ зурсан байдаг юм. Энэ тангараг Д.Баасан ламын “Сундуйн жүд” номын баринтагт дандаа явдаг байсан. Үнэн түүх бол ийм л юм.
-Ардчиллын замаар эрэлт буцалтгүй замнаж яваа Монгол Улсын нэн шинэхэн түүхэнд чөлөөт хэвлэлийн оруулсан үүргийг та маш товчхон дүгнэн хэлэхгүй юу?
-Үзэл бодлоо үг хэлээрээ чөлөөтэй илэрхийлэх, хэвлэн нийтлэх нь хүний төрмөл эрх чөлөө юм. Хэвлэлийн эрх чөлөө бол ерөөсөө л хэвлэн нийтлэх эрх чөлөө шүү дээ. Үгээ хэлэх, хэвлэн нийтлэх, хөгжлийн бэрхшээлтэй иргэд бол дохио зангаагаар үзэл бодлоо илэрхийлэх зэрэг үндсэн гурван зарчим нь хүний уугуул эрх юм аа. Өнөөдөр “Цагийн толь” сонины редакциас хоёр нь тэнгэрийн харьяат болж. Гэхдээ бид үүргээ хангалттай гүйцэтгэсэн гэж хэлж болно. Г.Олзвой, П.Бөхбат хоёр маань буцаж ирдэггүй аянд морджээ. Бид бүгд л тэнгэрийн харьяат болно л доо. Гэхдээ хэн нь хэн байсан юм, хэзээ, хаана юу хийж явсан юм гэдэг үнэн түүх заавал үлдэх ёстой юм. Түүх бол угшил юм. Үүний төлөө л би энэ ярилцлагыг өгч байна.
-Та ардчиллын 13-ын нэг мөртлөө олон жил ажил төрөлгүй явж , зарим үед нөхөдтэйгөө ч тэрсэлдэж явсан үе бий. Энэ бүхэн юунаас болсон бэ. Та нөхдөөсөө урвасан хэрэг үү, аль эсвэл нөхөд тань таныг хаяж явах зайлшгүй шалтгаан байсан юм уу?
-Би өргөсөн тангарагтаа өнөөдрийг хүртэл үнэнч байж, алхамын төдий ч зөрчөөгүй. Үүнийг хаана ч бардам хэлнэ. Энэ тангарагыг та бүхэн олж үзээрэй.
-Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Хэвлэлийн эрх чөлөөний тухай хууль санаачлаад УИХ-аар хэлэлцэхийн өмнөхөн өөрөө татаад авчихсан. Уг нь гайгүй сайн хуулийн төсөл явж байсан гэх хүмүүс олон байдаг юм. Ер нь монголд Хэвлэлийн эрх чөлөөний тухай хууль зайлшгүй хэрэгтэй юу. Гарах цаг нь болсон уу?
-Миний бодлоор Хэвлэлийн эрх чөлөөний тухай хууль гэж угаасаа байх хэрэггүй юм. 1948 онд батлан гаргасан Хүний эрхийн түгээмэл тунхаглалд “Хүн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхтэй” гээд маш тодорхой заачихсан байгаа. Энэ конвенцод Монгол Улс нэгдсэн. Энд нэгдсэн л бол ямар ч хууль хэрэггүй. Хууль өөрөө зарим тохиолдолд үзэл бодлыг хаах хаалт, хана хэрэм болчихдог. Энд зориуд цохон тэмдэглэхэд манай С.Амарсанаа Хүний эрхийн түгээмэл тунхаглалыг орос хэлнээс орчуулан “Ардчилал” сонин дээр гаргасан гавьяатай нэгэн шүү. Тэр гавьяаг нь ч үнэлж Монгол Улсын Ерөнхийлөгч түүнийг Соёлын гавьяат зүтгэлтэн цолоор шагнасан байх.
-Таны бодлоор Монголд чөлөөт хэвлэл үүсч хөгжихөд ихээхэн гавьяа байгуулсан ямар ямар хүмүүс байдаг вэ. Боломжтой бол нэрлэхгүй юу?
-Би ганц л хүнийг онцгойлон хэлнэ. Хэрэв энх цагт Монгол Улсын баатар цолыг авах шалгуур хангасан хүн хэн бэ гэвэл би хамгийн түрүүнд ардчилсан хувьсгалын дууч, талийгаач С.Цогтсайханыгаа ам бардам хэлнэ. С.Цогтсайхан амьд байсан энэ цолыг гуйж биш гуйлгаж авах байсан. Магадгүй үхсэн хүнд энэ цолыг олгохгүй гэсэн хуулийн хоригийг ч эргэж харах учиртай. Нэгдүгээрт С.Цогтсайхан буриад хүн. Буриадуудыг аймшигтай хэлмэгдүүлсэн. Хоёрт С.Цогтсайхан бол үнэхээр гайхамшигтай сэтгүүлч байсан. Түүний бичсэн нийтлэлүүдийг одоо дэлгэн тавьбал өнөөдрийн сүрхий нийтлэлч гэгдсэн нөхөд нүүр хийх газаргүй болно доо. Юу бичиж вэ, яаж бичиж вэ гэдэг нь өөрөө маш том философи явж байгаа. Түүний нийтлэлүүдийг уншиж үзээд ёстой л цусаа буцалгаж, эсээ нэрж, чөмгөө дундалж бичсэнийг нь мэдрэх болно. Гуравдугаарт С.Цогтсайханы “Хонх”-ны дуугүйгээр ардчилсан хувьсгал тийм хурдан олон түмний дэмжлэг, итгэлийг хүлээхгүй байсан юм. Үлдэгсэд маань С.Цогтсайханыхаа сэрэмжлүүлснээр “Цаасан малгай” өмсөөд гүйгээд байж болохгүй шүү. Улсын баатар цолыг нэхэн олгохгүй гэдгээ эргэн харж, цуцлаасай л гэж бодож явдаг шүү.
-Таныг ажиглаад байхад зарим үед нэлээн бухимдангуй харагддаг. Санасан бодсоноо дэлгэн тавьж чадаж байна уу?
-Өө, хэлэхээрээ л нэг болсон доо. Хамгийн гол нь хүн хэн байсан, одоо хэн болчихоод байгаа, хожим хэн болохоо заавал дүгнэн цэгнэж, байнга бодож явах хэрэгтэй юм даа. Товчхондоо ийм шив дээ.

E-mail: eegii1967@yahoo.com
Утас: 76110303, 76110505
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Зочин
(103.26.194.16) 2014-04-24 21:08Mash goe yariltslaga baina daa. Bidnii medehgui olon zuiliin tuhai yarijee. Ter ardchilalyn 15 gedeg bol yah argagui fact yum daa. Dari. Suhbaatar tand amjilt husiye. Ardchilalyn toloo tany hiisen buhen martagdah esgui.
Хариулах