Хятадад хар тамхи, мансууруулах бодистой холбоотой хэрэгт цаазын ял оноожээ

Twitter Print
2019 оны 11-р сар 08-нд 12:17 цагт
Мэдээний зураг,

Хятадад хиймэл аргаар гаргаж авсан сэтгэц нөлөөт, мансууруулах бодис болох фентанилийг хил давуулан худалдаалж байсан хууль бус гэмт бүлэглэлийн 9 гишүүнд шүүхээс ял оноожээ.

Хэбэй мужийн Шинтай хотын шүүхээс дээрх бүлэглэлийн толгойлогчид хар тамхи, мансууруулах бодис үйлдвэрлэсэн, борлуулсан хэргээр цаазын ял оноосон бол бүлэглэлийн хоёр гишүүнд бүх насаар хорих ял, бусдад нь 6 сараас 10 хүртэлх жилийн ял тус тус оноосон байна. Фентанил нь хиймэл аргаар гаргаж авсан, хамгийн хүчтэй мансууруулах бодис бөгөөд героиноос 60 дахин хүчтэй үйлчилгээ үзүүлдэг аж.

Фентанилийг хэтрүүлэн хэрэглэсний улмаас АНУ-д 2017 онд л гэхэд 30 мянга орчим хүн нас барсан судалгаа байдаг ба тус улсад хууль бусаар орж ирж буй фентанилийн дийлэнх хувийг БНХАУ-д үйлдвэрлэсэн байдаг тухай Америкийн эрх баригчид удаа дараа онцолж байсан билээ. АНУ руу хууль бусаар фентанил нийлүүлж буй явдлыг таслан зогсоох нь Ерөнхийлөгч Доналд Трампын гол бодлогын нэг юм. Тэрээр америкчууд фентанилийн улмаас хэдэн мянгаараа амь үрэгдэж байгаа явдалд Хятадын Ерөнхийлөгч Си Жиньпин буруутай хэмээн, Хятадаас АНУ руу шуудангийн илгээмж илгээх явдлыг зогсооно эсвэл илгээмж бүрийг нэг бүрчлэн шалгадаг болно хэмээн өөрийн твиттер хуудаснаа өнгөрсөн 8-р сард бичиж байсан юм.

Image result for Fentanyl trafficker in China sentenced to death

Хэбэй мужийн Шинтай хотын шүүхээс ял авсан гэмт бүлэглэлийн гишүүдийг Хятадын цагдаа нар Америкийн хууль сахиулагчдаас өгсөн мэдээллийн дагуу 3 сарын турш мөрдөн шалгасны эцэст баривчилсан байна. Хятадын Хар тамхины хяналтын үндэсний зөвлөлийн орлогч дарга Ю Хайбины мэдээлсэнээр тухайн бүлэглэлийн гишүүд хар тамхиа шуудангаар илгээдэг байсан нь тогтоогдсон ба цагдаа нар баривчилгааны үеэр 11.9 кг фентанил, 19.1 кг сэтгэц нөлөөт эм болох алпразоламыг хурааж авч байжээ. Дээрх хэрэг дээр Бээжин, Вашингтон хоёр хамтран ажиллаж, зохих гэм буруутанд ял шийтгэлийг нь өгсөн ч талууд харилцан бие биенийгээ фентанилийн асуудалд хангалттай арга хэмжээ авч чадахгүй байна хэмээн буруутгасаар байгаа юм.

Image result for Fentanyl trafficker in China sentenced to death

АНУ-ын зүгээс Хятадыг хууль бус фентанилийн гол эх үүсвэр хэмээн тодорхойлсон бол БНХАУ-ын зүгээс олон улсаас өгсөн үүрэг даалгаврыг гүйцэтгэж, АНУ-ын тавьсан шаардлагыг бүрэн биелүүлж байгаа хэмээн мэдэгдсэн билээ. Хууль бусаар хар тамхи үйлдвэрлэж, борлуулж байсан гэмт бүлэглэлийн гишүүдийг шүүх хурлыг Хятадын эрх баригчид нээлттэй явуулсан нь АНУ-тай харилцаагаа сайжруулах гэсэн оролдлого мэт харагдаж байгааг мэргэжилтнүүд онцолжээ.

Тэгвэл Хятадын Хар тамхины хяналтын үндэсний зөвлөлийн орлогч дарга Ю Хайбин тус шүүх хурал Америк-Хятадын худалдааны "дайн" - тай огтхон ч холбоогүй хэмээн, "Хар тамхитай холбоотой хэргүүдийг шүүх нь гагцхүү хүний амь аврахтай холбоотой. Хүний амьнаас илүү чухал зүйл үгүй." хэмээн мэдэгджээ.

Эх сурвалж: Time.mn

Содномцэрэнгийн Энхзаяа

mongolcom.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.