
Аргентины шүүх тус улсын дэд ерөнхийлөгч Кристина Фернандез де Киршнерийг авлигын хэрэгт буруутай гэж үзэн 6 жилийн хорих ял оноожээ.
69 настай Кристина Фернандез нь дэд ерөнхийлөгчийн хувиар халдашгүй эрхтэй ба тэрээр шүүхийн шийдвэрийг давж заалдахаар төлөвлөжээ. Түүнчлэн шүүхээс түүнийг төрийн албанд ажиллахыг нь бүх насаар нь хорьсон ч хэргийг нь дээд шүүхээс шийдвэрлэх хүртэл Кристина Фернандез дэд ерөнхийлөгчийнхөө албан тушаалыг хашсаар байх гэнэ.
Прокурорын зүгээс Кристина Фернандезд 12 жилийн хорих ял оноохыг хүссэн аж.
Шүүх хурлын дараа хийсэн мэдэгдэлдээ Кристина Фернандез өөрийгөө "хууль зүйн салбарын мафи" - ийн хохирогч болсон хэмээн түүнд улс төрийн зорилготойгоор хэрэг тохож байна хэмээн онцолжээ. Мөн шүүх хурлын өмнө тэрээр прокурор түүнийг гүтгэж, худал ярьж байна хэмээн мэдэгдсэн юм.
Энэ нь тус улсад дэд ерөнхийлөгч нь бүрэн эрхийнхээ хугацаанд шүүхээс ял авсан анхны тохиолдол бөгөөд прокурорын талаас мэдээлснээр Кристина Фернандез 2007-2015 онд Ерөнхийлөгчийн албан тушаалыг хашиж байхдаа авлига авч, Санта-Круз мужид хийгдэх дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажлын тендерүүдийг найзынхаа барилгын компанид өгсөн аж.
Шүүхээс дэд ерөнхийлөгч Кристина Фернандезийн найз Ласаро Баесд 6 жилийн хорих ял оноосон ба өнгөрсөн жил түүнд шүүхээс мөнгө угаасан хэргээр 12 жилийн хорих ял оноосон байжээ.
Кристина Фернандез, түүний найз Ласаро Баес нараас гадна шүүх 7 хүнийг гэм буруутайг тогтоож, 3.5-6 хүртэлх жилийн ял оноожээ.
Прокурорууд Санта-Круз мужид явагдаж буй дэд бүтцийн бүтээн байгуулалттай холбоотой хэдэн арван тендер зөрчилтэй явагдсаныг олж тогтоожээ.
Прокурор Диего Лучиани тус хэргийг Аргентины түүхэн дэх хамгийн том авлигын хэрэг хэмээн тодорхойлсон ба авлигын уг схемээс болж Аргентин улс 1тэрбум ам. долларын алдагдалд орсон гэжээ.
Кристина Фернандезийн зүгээс өөрийгөө гэм буруугүй хэмээн мэдэгдээд байгаа аж.
Эх сурвалж: BBC
Содномцэрэнгийн Энхзаяа
mongolcom.mn
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.