Жо Байдан хүсэн хүлээсэн дохио өглөө

Twitter Print
2014 оны 04-р сар 23-нд 16:59 цагт
Мэдээний зураг,
 

Украины хувьсгалт ололт амжилтад туслах зорилгоор олгосон таван тэрбум доллар аманд ч үгүй, хамарт ч үгүй болж байгаа учир АНУ-ын дэд ерөнхийлөгч Жо Байден Киевт айлчилж бодит нөхцөл байдлыг газар дээр нь үзэж танилцахыг зорьж байна.

Украин улс өрнөдийн орнуудаас үзүүлж байгаа тусламжыг үр дүнд хүргэхийн тулд засаг захиргааныхаа бүх системийг орвонгоор нь өөрчилж муж хязгаарын засаглалд илүү эрх мэдэл өгсөнөөр төвлөрсөн төсвийн алдагдлаас гарах зорилго тавьж байгаагаа эрхэм Байданд танилцууллаа.

Харин гаднаас үзүүлж байгаа дарамт шахалтын хувьд Украины түр төрийн тэргүүн Турчиновын тэмдэглэснээр Украины олонхи иргэд эх орныхоо нэгдмэл байдлыг хангаж, "Оросын Холбооны цэргийн хүчирхийлэлийг сөрөн зогсох хүсэл эрмэлзэл дүүрэн байгаа" ажээ. Мөн түүн онцолсоноор "гэвч харамсалтай нь ОХУ болон тэдний террорист тусгай хүчнийхэн Женевийн хэлэлцээрийг ёслол төгөлдөр (демонстративно) зөрчиж байгаа" гэнэ.

Украины "УДАР" намын тэргүүн Виталий Кличко нарын олон улс төрчид Жо Байданд хамаг зовлонгоо тоочихын хамт "Украины газар нутгийн бүрэн бүтэн байдал, тусгаар тогтнол Оросын талаас аюулд ороод байгаа учир Оросын энэ хүчирхийлэлийг таслан зогсоож Украины дотоод үйл хэрэгт хөндлөнгөөс оролцохгүй байх нөхцөл байдлыг хангаж өгөх явдал энэ тэргүүний чухал зорилт болж байна. Оросууд зөвхөн хүчирхийлэлийн хэл мэддэг. Хэрвээ Оросуудыг одоо хазаарлан зогсоож чадахгүй бол дараа нь асар их өндөр үнэ төлөх болно. Путин Украины тэсэж гарч чадахгүй хэмжээнд хүртэл хол явж чадна шүү" хэмээн анхааруулж үзэв.

Энэ мэтийн гомдол санал сонсохоор эрхэм Жо Байдан Киевт айлчлан ирсэн бололтой. Уг айлчлалаас горьдож буй эцсийн үр дүн бол Украинчууд АНУ-аас цэргийн тусламж олж авах асуудал. Үүндээ ч хүрэх эхний алхамуудаа хийгээд авсан. Дэд ерөнхийлөгчийн өмнө АНУ-ын тагнуулын төв газрын тэргүүн Киевт айлчилсан. Дараа нь дэд ерөнхийлөгч ирнэ гэдэг асуудлыг нэг тийш шийдэхээр зориг шуулуудсаныг илтгэнэ. АНУ, өрнөдийн цэргийн хүчин хамтарсан сургуулилт нэрийн дор Дорнод Европын улсуудад ирсээр байгаа, зэвсэг техникээ дөхүүлсээр байгаагаас энэ бүс нутгийн ойрын төлөв байдал тодорхой харагдаж байх шиг.

Жо Байденийг Украин орохоор мордсоны дараа Америкийн үндэсний аюулгүй байдлын асуудал эрхэлсэн шинжээч Барри Пейвл DW-World телевизэд өгсөн ярилцлагадаа дэд ерөнхийлөгч Жо Байден  хэрвээ Киевт тодорхой алхам хийх болсоноо мэдэгдэхэд хүрвэл энэ бол Путиныг хашрааж өгөх дохио болох юм, хэмээн өгүүлсэн байна.

Жо Байдан харин энэ дохиог өгөх шиг боллоо. Одоо юу юу ч үгүй байгаа Украины арми бага калиберийн буу зэвсэгнээс өгсүүлээд агаараас эсэргүүцэн хамгаалах төхөөрөмж, хүнд зэвсэг техник, хамгийн сонирхолтой хөл нүцгэн гүйлдэж байгаа цэргүүддээ хувцас хунар гээд авахгүй юм байхгүй. Үүнийгээ ч эхнээсээ нуугаагүй, эхний ээлжинд америк цэргийн ууталсан хүнс 30 мянган ширхэг аваад байгаа. Харин одоо НАТО, Америк цэргийн хангалтад орох болж байна.

Энэ зэрэгцээ Америкчууд Украиныг байгалийн хийгээр хангах болж байгаа бөгөөд Жо Байден Радад үг хэлэхдээ " Та бүхэн төсөөлөөд үз дээ, Оросуудад: "Та нар хийгээ (байгалийн) өөртөө үлдээ" гэж хэлэх цаг ирнэ. Ингэвэл ч хорвоо өөрөөр харагдана шүү" гэж хэмээн өгүүлжээ.

АНУ-ын тив алгассан геополитикийн бодлого ингээд зохих байндаа хүрч тусах шиг боллоо. Эцэст нь Вашингтон Украинд улс төр, эдийн засгийн шинэчлэлт явуулахад 50 сая доллар, үүнээс  11 сая долларыг Украины ерөнхийлөгчийн сонгуульд зориулж гаргах болсоныг Жо Байдан мэдэгдсэн байна. Биеэ үнэлэх хүүхэн мэт болоод байсан Украин ийнхүү санасандаа хүрэх шиг боллоо.   

Сэтгүүлч Л.Отгонбат

E-mail: etugen68@yahoo.com 
Утас: 76110303, 76110505

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.