Улаанбаатар 15 жилийн дараа 5 сая жуулчин хүлээн авдаг болно\

Twitter Print
2014 оны 04-р сар 23-нд 16:59 цагт
Мэдээний зураг,
 

Нийслэлийн ЗДТГ, нийслэлийн Аялал жуулчлалын газар, нийслэлийн Соёл урлагийн газартай хамтран “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл өнөөдөр сэтгүүлчидтэй зангиагүй уулзалт зохион байгуулав.

Энэхүү хөтөлбөрийг 15 жилийн турш хэрэгжүүлснээр 2030 он гэхэд Улаанбаатар хот таван сая жуулчин хүлээн авдаг болох гэнэ. Одоо Улаанбаатар хот Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүний 64 хувийг үйлдвэрлэж байгаа. Манай улсын хоёр хөрш болох БНХАУ, ОХУ-д 10 сая монгол туургатан хүмүүс аж төрдөг, Улаанбаатар хот бүс нутгийнхаа аялал жуулчлалын төв болох боломжтой зэрэг олон давуу байдлаа ашиглаж чадвал өрхийн дундаж орлого 30 хувиар өсөх тооцоог эдийн засагчид гаргажээ.

Уг хөтөлбөрийн стратегийн зорилтын нэгдүгээрт Монгол туургатны соёлын аялал жуулчлалын төв болох, хоёрдугаарт Зүүн хойд Азийн бизнес жуулчлалын нэг төв болгоход чиглэсэн үйл ажиллагааг хэрэгжүүлэх аж. Өнөөдөр 1,3 сая хүн амтай Улаанбаатар хотод нийтийн тээврийг хөгжүүлэхээс эхлээд бүтээн байгуулалтын олон том зорилт нь зөвхөн нийслэлчүүдэд төдийгүй ирээдүйн “Найрсаг Улаанбаатар”-т хүрэлцэн ирэх таван сая жуулчныг хүлээн авахад цогц байдлаар зориулагдах юм байна. Хөтөлбөрийн хүрээнд хотын дэд бүтэц, соёл урлаг, спортын арга хэмжээ, маркетингийн үйл ажиллагаа, нийгмийн харилцаа гэсэн таван цогц асуудлыг шийдвэрлэх тодорхой зорилтуудыг хэргэжүүлэх юм. Тухайлбал, “Сэтгэл татам Улаанбаатар” болохын тулд нийслэлийн иргэд гэр бүлээрээ, найз нөхдийн хүрээнд идэвхтэй, ая тухтай амрах орчныг бүрдүүлнэ. Сонгодог урлагийг хотын аялал жуулчлалын гол бүтээгдэхүүн болгоно. Соёл урлаг, үзвэр үйлчилгээний газруудын менежментийг сайжруулна. Үндэсний их баяр наадмыг 7-14 хоногийн хугацаанд үргэлжилдэг том хэмжээний үйл явц болгон өргөжүүлж Монгол туургатны соёл, спортын наадам гэсэн агуулга хэлбэрээр зохион байгуулдаг болно. Олон улс, тив, дэлхийн хэмжээний урлаг спортын тоглолт, наадмуудыг жилийн турш зохион байгуулна. Согтууруулах ундааны зохистой хэрэглээг бий болгох гэсэн олон зорилтыг хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.

“Өрлөг түүхт Улаанбаатар” хэмээх зорилтын хүрээнд шинээр Монгол наадам цогцолбор, “Гандангийн дэнж” соёлын дүүрэг, Усан парк, амьтны хүрээлэн, Их Майдар цогцолбор, Зайсан цогцолбор, Түмэн хишигтэн цогцолбор иж бүрнээр байгуулагдана. Мөн шинэчлэх, сэргээн засах, тохижуулах олон ажлыг хэрэгжүүлэхээр хөтөлбөрт тусгажээ. Хотын соёл, эерэг хандлага, жуулчдыг татах найрсаг үйлчилгээний талаар сургалт, сурталчилгааг тогтмолжуулан бодит ажил хэрэг болгон хэвшүүлж хэрэгжүүлнэ. Энэ хүрээнд “Инээмсэглэх Монгол-Найрсаг Улаанбаатар” аян зохиож нийслэлчүүд, нийтийн болон төрийн үйлчилгээнд, “hUB” урамшууллын хөтөлбөрийг жуулчны үйлчилгээнд тус тус нэвтрүүлэх аж. Энэ мэтээр “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд олон зорилтыг хэрэгжүүлэхээр үйл ажиллагаагаа эхлүүлснийг Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл мэдэгдсэн юм.

Д.Энхтүвшин

Сэтгүүлч Д.Энхтүвшин

E-mail: eegii1967@yahoo.com 
Утас: 76110303, 76110505

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.