Швейцариуд хөрш орнуудынхаа адилаар тамхины сурталчилгаанд хориг тавихыг дэмжлээ

Twitter Print
2022 оны 02-р сар 14-нд 13:37 цагт
Мэдээний зураг,

Швейцарийн иргэдийн дийлэнх нь тамхины сурталчилгаанд хориг тавихыг дэмжжээ.

Өнгөрсөн ням гарагт Швейцарь улс даяар явагдсан бүх нийтийн санал асуулгын дүнгээр тус улс хөрш улсуудынхаа адилаар тамхины сурталчилгаатай холбоотой хатуу журам батлах нь тодорхой болов.

Олон улсад Швейцарь улс эрүүл мэндийн салбарт тэргүүлж, байгальд ээлтэй улс гэдгээрээ алдартай ч тамхины хяналтын тухай хууль нь Европтоо хамгийн сулд тооцогддог аж.

Их Британи, Франц, ХБНГУ зэрэг Европын улс орнуудад зоогийн газар, уушийн газарт тамхи татахыг олон жилийн өмнөөс хориглосон билээ.

Швейцарийн парламентад суугаа Социал Демократ намын гишүүн Флавиа Вассерфаллен иргэд тамхины сурталчилгааны эсрэг санал өгөхөд эмч нар, эрүүл мэндийн салбарынхан, багш нарын хичээл зүтгэл нөлөөлсөн гэдгийг онцолжээ. Түүний хэлж байгаагаар эрүүл мэнд, боловсролын салбарынхан хүүхэд залуусын эрүүл мэндийг хамгаалахын төлөө тамхи сурталчлах явдлыг хориглохыг идэвхтэй уриалж байжээ.

Европын бусад улс орнуудтай харьцуулахад Швейцарьт тамхины үнэ хямд бөгөөд насанд хүрэгчдийнх нь 27 хувь нь тамхи татдаг нь Европын бусад улс орнуудынхаас өндөр үзүүлэлт юм.

Өмнө нь тамхины хяналтын тухай хуулийг чангатгах хуулийн төслүүд, бүх нийтийн санал асуулга явуулах хүсэлтүүдийг гаргаж байсан ч Швейцарийн засгийн газар тэдгээрт татгалзсан хариу өгч байсан нь тус улсад Филип Моррис, Бритиш Американ Тобакко, Жапан Тобакко зэрэг тамхины томоохон компаниуд байрладагтай холбоотой гэж үзэж байгаа аж.

Швейцарийн эдийн засагт тамхины салбар жилдээ 6 тэрбум ам. долларын орлого оруулж, 11 мянган хүнийг ажлын байраар хангадаг байна.

Нөгөө талаас тус улсад тамхи татсантай холбоотойгоор үүсдэг өвчин эмгэгийн улмаас жилдээ дунджаар 9000 хүн нас бардаг ба тамхидалттай холбоотой эмгэгүүдийн эмчилгээнд их хэмжээний мөнгө зарцуулагдаж тэр хэрээр эрүүл мэндийн даатгалын шимтгэл нэмэгдсээр байгаа аж.

Эх сурвалж: BBC

Содномцэрэнгийн Энхзаяа 

mongolcom.mn 

 
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.