
БНХАУ-д албан ёсны айлчлал хийж буй Францын Ерөнхийлөгч Э. Макрон Хятадын төрийн тэргүүн Си Жиньпинтэй хийсэн уулзалтынхаа үеэр түүнээс Украины асуудал дээр ОХУ-ын "бодлыг өөрчилж" өгөхийг хүссэн байна. Тэрээр, "Украин дахь Оросын түрэмгийлэл олон улсын тогтвортой байдалд хүнд цохилт болсон. Таныг ОХУ-ын бодлыг өөрчилж, бүх талуудыг хэлэлцээрийн ширээний ард эргэн суухад нөлөөлж чадна гэдэгт би найдаж байна." хэмээн онцолжээ.
Нөгөө талаас Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песковын зүгээс ОХУ-Украины асуудал ээдрээтэй хэмээн уг асуудлыг улс төрийн замаар шийдвэрлэх боломж одоогоор байхгүй хэмээн мэдэгджээ. Хятадын Ерөнхийлөгч Си Жиньпиний хувьд уулзалтын үеэр ОХУ-Украины асуудал тайван замаар шийдэгдээсэй гэж хүсэж буйгаа илэрхийлсэн байна.
Э. Макрон Парис, Бээжин хоёрын стратегийн хамтын ажиллагаа олон улсын тогтвортой байдалд тус дэм болно гэж үзэж байгаа бол Си Жиньпин Франц, Хятад хоёрт дэлхийн энх тайван байдлыг хамгаалах "боломжоос гадна үүрсэн хариуцлага" нь байгаа хэмээн дурджээ. Францын Ерөнхийлөгч Э. Макроны хэлснээр үүсээд буй нөхцөл байдлаас болж дэлхийн томоохон гүрнүүд хагаралдаж, хоорондоо дайсагнах эрсдэл үүсээд байгааг аж. Вашингтонтой харилцаа муудсан энэ үед Францын төрийн тэргүүн Э. Макрон болон Европын холбооны зөвлөлийн ерөнхийлөгч Урсула фон дер Ляйен нар Бээжинд айлчилж байгаа нь Бээжингийн хувьд чухал ач холбогдолтойг ажиглагчид онцолж байна.
Урсула фон дер Ляйен БНХАУ ОХУ-тай олон арван жилийн нөхөрсөг харилцаатай байсныхаа үндсэн дээр Украины асуудал дээр ОХУ-д нөлөөлөх хариуцлагыг хүлээх ёстой ба Москва Беларусьт цөмийн зэвсгээ байршуулах төлөвлөгөө нь Европын холбоог түгшээж байгаа тухай дурджээ. Хоёр орнб төрийн тэргүүнүүдийн уулзалтын дараа Э. Макрон Франц, Хятад хоёр дайнд цөмийн зэвсэг ашиглахгүй байх дээр зөвшилцөлд хүрсэн.
Э. Макроны хамт Бээжинд айлчилж буй Европын холбооны зөвлөлийн ерөнхийлөгч Урсула фон дер Ляйен Хятадын төрийн тэргүүнийг Украины Ерөнхийлөгч Володимир Зеленскийтэй уулзаж, ярилцахыг ятгасан байна. Си Жиньпин Москвад хийсэн айлчлалынхаа дараа В. Зеленскийтэй утсаар ярина гэж ажиглагчид таамаглаж байсан ч уг таамаглал нь биэллээ олоогүй юм.
Тэгвэл Францын Ерөнхийлөгчийн айлчлал дууссаны дараа Си Жиньпин Украины төрийн тэргүүнтэй утсаар холбогдоно хэмээн зарим ажиглагчид үзэж байна.
Хятадын төрийн тэргүүнтэй уулзахаасаа өмнө Э. Макрон Хятадын Ерөнхий сайд Ли Чянтай уулзсан ба уулзалтын үеэр талууд Украины хямрал, Францын компаниуд Хятадын сансар судлал, хүнс, санхүүгийн салбарт хамтран ажиллах боломжуудын тухай ярилцсан байна.
Түүнчлэн ирэх 6-р сард Францад зохион байгуулагдах Дэлхийн Эдийн Засгийн Шинэ Гэрээ чуулга уулзалтанд Бээжинг оролцож, ядуурал, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг тэмцлийг санхүүжүүлэх явдалд гол үүрэг гүйцэтгэх ёстойг онцолжээ.
Коронавирусын цар тахлын улмаас 3 жил шахам гадаад орчноос тусгаарлагдсан Хятад Европтой худалдааны эргэлтээ сайжруулахыг эрмэлзэж байгаа билээ. Үүнтэй холбоотойгоор Э. Макрон Хятадад хийх айлчлалынхаа багт Францын 50 орчим бизнес эрхлэгчдийг багтаажээ.
Эх сурвалж: The Guardian
Содномцэрэнгийн Энхзаяа
mongolcom.mn
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.