Хүчирхийлэл нь “Гурван Д” буюу Давтагддаг, Даамжирдаг, Далд хэлбэрээр явагддаг

Twitter Print
2021 оны 09-р сар 20-нд 10:21 цагт
Мэдээний зураг,

Хүчирхийлэл.

Энэ үгийг та сонсож байсан нь лавтай. Хэдий хугацааны өмнө мэддэг болсноо мэдэхгүй ч, сонссоор чихэнд дасал болтлоо хоногшсон энэ ганц үг гэр бүл, ажлын байр, гудамж, талбай гээд л биднийг тойрон хүрээлэх нийгмийн харилцааны бүхий л хэсэгт оршин байдаг нь хачирхалтай. Үүний нэг хэлбэр нь #биемахбодийн хүчирхийлэл юм.

Үндэсний Статистикийн Хороо, НҮБ-ын Хүн амын сан болон Швейцарийн Хөгжлийн Агентлаг хамтран 2017 онд Жендерт суурилсан хүчирхийллийн үндэсний хэмжээний томоохон судалгааг манай улсад анх удаа хийж байжээ. Тус судалгааны үр дүнгээс харахад дотны хамтрагчийн зүгээс үйлдэгдэж буй бие махбодын хүчирхийлэл нь цохих, алгадах, түлхэх, чимхэхээс эхлээд нүүрэн дээр дэвсэх, өшиглөх, шалны мод, ганжин, плитканы залгуур зэрэг гарт тааралдсан зүйл ашиглан цохих, хутга, заазуур ашиглан гэмтээх, духаараа мөргөж унагах, юм мөргүүлэх, үсдэж чирэх зэрэг маш олон төрлийн, харгис хэрцгий 40 гаруй төрлөөр үйлдэгддэг байна.

Түүнчлэн бие махбодын хүчирхийлэлд өртсөн эмэгтэйчүүдийн бараг тал нь олон удаа буюу 5-аас дээш удаа хүчирхийлэлд өртөж байсан байна. Хүчирхийлэлд өртөж байгаагүй эмэгтэйчүүдийн бараг тал нь буюу 47.6 хувь, хүчирхийлэлд өртөж байсан эмэгтэйчүүдийн талаас их буюу 55.4 хувь нь “Сайн эхнэр, нөхөртэйгөө санал нийлээгүй ч үгийг нь дагадаг” гэсэн ойлголттой санал нийлсэн байна.

Дээрх үйлдлүүдийг хэвийн үйлдэл мэтээр хүлээн авч буй бол, та аль хэдийн бие мах бодийн хүчирхийллийг хүлээн зөвшөөрч эхэлсний шинж. Бие мах бодийн хүчирхийлэл нь ил, далд хэлбэрээр үйлдэгдэх бөгөөд даамжран давтагдаж улмаар амь нас хохирох аюул учруулдаг. Иймд ямар нэгэн арга хэмжээ эрт авахгүй бол ноцтой аюулд хүргэдэг.

Тэгвэл бие мах бодийн хүчирхийллээс хэрхэн урьдчилан сэргийлж болох вэ?

Нэн тэргүүнд хэн хэндээ эрсдэл учруулж болохуйц, “Гурван Д” буюу Давтагддаг, Даамжирдаг, Далд явагддаг уг үйлдэл нь хохирогчийн сэтгэл зүй, бие мах бодид айдас, түгшүүр, бэртэл, гэмтэл гэх мэт таагүй үр дагавар авчирдаг тул уг харилцаагаа таслан зогсоох чухал алхмыг хийхийг танд зөвлөе. Түүнчлэн бие мах бодийн хүчирхийлэлд өртөж буй бол тэсэх, тэвчих гэх үсгийг үгийн сангаасаа авч хаях хэрэгтэй. Бидний бие мах бодь зодуур даах хэрэгсэл биш. Өөрийгөө болон эрсдэлд буй бусад хүмүүсийг хамгаалахын тулд мэргэжлийн байгууллагад хандах, гомдол, мэдээлэл гаргах, зөвлөгөө туслалцаа авах зэргээр бодит алхам хийснээр бие мах бодийн хүчирхийллийг эрт илрүүлэх, түүнчлэн таслан зогсоож чадах юм.

Та хэн нэгний биед зөвшөөрөлгүй хүрч байсан уу? Тийм бол өөртөө дүгнэлт хийж, бусдад хүндэтгэлтэй хандаарай.

Таны биед хэн нэгэн зөвшөөрөлгүй хүрч/халдаж байсан уу? Тийм бол яг одоо таслан зогсоох эхний алхмыг хийгээрэй. Мэргэжлийн байгууллага, мэргэжлийн хуульч, өмгөөлөгчид хандаарай.

Caritas Mongolia

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.