Гар утасны дугаар шинээр авч буй иргэд царайгаа таниулах шаардлагатай болжээ

Twitter Print
2019 оны 12-р сар 03-нд 12:57 цагт
Мэдээний зураг,

Хятадад шинээр гар утасны дугаар бүртгүүлж байгаа хүн бүр царайгаа таниулах шаардлагатай болжээ.

Хятадын эрх баригчдын мэдэгдэж байгаагаар царай таних технологи нь иргэдийн цахим орчин дахь эрх, ашиг сонирхлыг "өндөр үр дүнтэйгээр хамгаалж", цахим гэмт хэргээс сэргийлж чадах аж. Нөгөө талаас Хятадын эрх баригчдын уг шийдвэр хувь хүний нууц, аюулгүй байдалд заналхийлж байна хэмээн мэргэжилтнүүд үзэж байгаа аж.

БНХАУ дэлхийн хамгийн хатуу хяналт бүхий цахим орчинтой бөгөөд иргэд нь цахим орчин дахь аккаунтуудаа улсад бүртгэлтэй албан ёсны овог нэртэйгээ холбох тухай хууль саяхнаас хэрэгжиж эхэлсэн бол өнгөрсөн мягмар гарагаас эхлэн иргэд гар утасны шинэ дугаар авахдаа царайгаа таниулж, нүүр царайныхаа мэдээллийг давхар бүртгүүлэх шаардлагатай болоод байна. Ингэснээр Хятадын иргэд цахим сүлжээнд нэр нүүрээ нууцлах ямар ч боломжгүй болж байгаа аж. Хятадын нийт хүн амын 65 орчим хувь буюу нийт 850 сая хүн гар утсаараа интернет ашигладаг байна.

Жишээ нь Tencent компанийн WeChat аппликэйшнийг ашиглан иргэд хоорондоо харилцахаас гадна такси үйлчилгээ, хоол хүргэлтийн үйлчилгээ, төрийн үйлчилгээ зэргийг цогцоор нь авдаг байна. Өмнө нь гар утасны дугаар шинээр авч буй иргэнээс иргэний үнэмлэх, фото зураг шаарддаг байсан бол иргэдийн нүүр царайны мэдээллийг давхар шаардах болсон нь үүрэн холбооны операторууд хэрэглэгчдийн өндөр нууцлал бүхий мэдээллийг хэр найдвартай хамгаалж чадах вэ гэсэн эргэлзээг төрүүлж байгаа аж. Хиймэл оюун ухаанаар мэргэшсэн Хятадын судлаачид өнгөрсөн 9-р сард бичсэн нийтлэлдээ хүний нүүр царай, хурууны хээ зэрэг мэдээлэл алдагдах нь хохирогчдын хувьд илүү "хүнд бөгөөд удаан хугацаагаар үргэлжлэх" хор уршигтайг онцолсон билээ. Comparitech компаниас хийсэн судалгаагаар Хятадын хотууд дэлхийн бусад хотуудтай харьцуулахад хамгийн олон хяналтын камертай ба Шанхай болон Шеньжэн хотуудад л гэхэд 1000 хүнд 100 гаруй хяналтын камер оногдож байгааг тогтоожээ.

China is rolling out facial recognition for all new mobile phone numbers зурган илэрцүүд

Хятадын Шиньжаан мужид эрх баригчид лалын шашны экстремизмтэй тэмцэх зорилгоор газар сайгүй хяналтын камер байршуулсан ба Шиньжаан мужийн зарим хотуудад 45 м тутам хяналтын камерууд байршуулсан байна. Эдгээр хяналтын камерууд нь авсан бичлэг болон зургуудаа хяналтын төв рүү илгээснээр албаны хүмүүс иргэдийн үйл ажиллагаанд хяналт тавьдаг байна. Өнгөрсөн 8-р сард Хонгконгийн иргэний хөдөлгөөнийхөн царай таних технологи бүхий камер байршуулсан хэд хэдэн шонг буулгаж, Хятадын эрх баригчдын хяналтын эсрэг байр сууриа илэрхийлсэн билээ.

China is rolling out facial recognition for all new mobile phone numbers зурган илэрцүүд

Хятадын засгийн газрын зүгээс царай таних технологийн стандартыг тодорхойлох зорилготойгоор технологийн үйл ажиллагаа явуулдаг 28 компаниас бүрдсэн ажлын хэсгийг өнгөрсөн сард байгуулсан ба тэдгээрийн дотор Шиньжаан мужийн лалын шашинтай иргэдийг хянах үйл ажиллагаанд оролцож буй компаниуд байсан нь олон улсын хүний эрхийг хамгаалах байгууллагуудын санааг зовоож байгаа аж. 

Эх сурвалж: CNN

Содномцэрэнгийн Энхзаяа 

mongolcom.mn 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.