Кил Кан Мү: БНСУ-ын визний хариу 2-3 долоо хоногт гардаг болно

Twitter Print
2019 оны 10-р сар 02-нд 18:17 цагт
Мэдээний зураг,

БНСУ-ын визний журамд өөрчлөлт орсонтой холбогдуулан БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны зөвлөх, консул Кил Кан Мүг "Eagle" телевиз "Зочны цаг" нэвтрүүлэгтээ урьж ярилцлага авчээ.

-Наймдугаар сарын 26-нд зарласан БНСУ-д зорчих визний журмын өөрчлөлтийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөч. Юуг нь шинэчилж өөрчилсөн бэ?

-Энэ удаагийн өөрчлөлт нь ерөнхийдөө долоон зүйл байгаа юм.

Нэгдүгээрт, манай Элчин сайдын яам 2012 оноос эхлэн өнгөрсөн найман жилийн хугацаанд виз хүсэгчдээс банканд хадгаламж байршуулах нөхцөл тавьдаг байсан. Энэ нөхцөл үгүй болж оронд нь виз хүсэгчийн дансны сүүлийн зургаан сарын хуулгыг авдаг болсон.

Хоёрдугаарт, хөдөлмөрийн гэрээний нөхцөлөөр буюу E-9 ангиллын визтэй Солонгост ажиллаж амьдарч байгаа монгол иргэдийн гэр бүл буюу эхнэр юм уу нөхөр, эцэг эх, хүүхэд виз мэдүүлж байгаа тохиолдолд ямар нэгэн санхүүгийн баталгаа шаардахгүй, зөвхөн солонгосоос сүүлийн зургаан сард гэр бүл рүүгээ мөнгө илгээсэн мөнгөн гуйвуулгын хуулгыг авдаг болсон.

Гуравдугаарт, урьд өмнө нь Солонгос руу хууль журмын дагуу, ямар нэгэн зөрчилгүйгээр зорчиж байсан иргэд, албан ажил, дипломат шугам, томилолт, хурал уулзалтад оролцох гэх мэт зорилгоор Солонгос руу явах гэж байгаа тохиолдолд материалыг 7-10 хоногийн хугацаанд хурдан шуурхай шалгадаг болж байгаа.

Дөрөвдүгээрт, виз мэдүүлэхдээ төрийн мэдээлэл солилцооны ХУР системийг ашиглах боломжтой болсон.

Тавдугаарт, Монголын ерөнхий боловсролын сургууль болон мэргэжлийн коллежид солонгос хэлний багш нар болон тэдгээрийн гэр бүлд олон удаагийн визийг хөнгөвчилсөн нөхцөлөөр олгохоор болж байна.

Зургаад, виз мэдүүлэгч татгалзсан хариу авсан тохиолдолд зургаан сарын дараа виз мэдүүлэх боломжтой болсон.

Долоодугаарт, виз мэдүүлэхдээ хууль бус буюу хуурамч материал бүрдүүлсэн, бүрдүүлж өгсөн гэх мэт хэрэгт холбогдсон тохиолдолд тухайн хүний мэдээллийг визний нэгдсэн системд бүртгэж авдаг болж байгаа. Ингэснээр тухайн хүний мэдээлэл хадгалагдаж дараа виз мэдүүлэхэд нь сөргөөр нөлөөлнө гэсэн үг юм.

-Таван сая төгрөг байршуулахгүй ч гэсэн дансны хуулга авч байгаа нь ямар учиртай юм бэ?

-Эхлээд хадгаламжид мөнгө байршуулах болсон нөхцөлийн талаар тайлбарлая. 2012 онд анх энэхүү нөхцөлийг бий болгохдоо 20 сая төгрөг буюу тухайн үеийн ханшаар 20 мянган ам.доллартай тэнцэх хэмжээний мөнгийг байршуулах шаардлага тавьдаг байсан. Гэхдээ энэ нөхцөл хөнгөвчлөгдсөөр саяхныг хүртэл 2000 ам.доллартай тэнцэх таван сая төгрөг болж буурсан. Гэсэн хэдий ч энэхүү нөхцөлийг буруугаар урвуулан ашиглаж виз хүсэгчдэд таван сая төгрөгийг өндөр хүүтэйгээр зээлүүлдэг тохиолдлууд гарах болсон. Мөн дээрээс нь таван сая төгрөгөөр виз мэдүүлэгчийн санхүүгийн чадварыг үнэлэх нь учир дутагдалтай байгаа учраас энэ нөхцөлийг цуцалж байгаа юм.

Үүний оронд ердийн үед хэрэглэдэг тухайн хүний банкны дансны хуулгыг авахаар болсон. Гэхдээ виз мэдүүлэгчдэд анхааруулахад, өөрийн дансандаа түр хугацаагаар их хэмжээний мөнгийг орлого болгон хийх хэрэгтэй юм байна гэсэн буруу ойлголт байх шиг байна. Дансанд орж ирж байгаа орлого тухайн эзэмшигчийн өмч мөн бол тэр хэрээр мөнгөө зарцуулна гэсэн үг. Тэгэхээр орлоготой харьцуулахад зарлагын гүйлгээ нь жинхэнэ худалдан авах чадварыг харуулна гэсэн үг юм. Сүүлийн үед виз мэдүүлэгчдийн дансанд их хэмжээний мөнгийг түр шилжүүлж өгснөөрөө 100-200 мянган төгрөг авдаг бизнес хүртэл бий болж байна гэж сонсогдох боллоо. Тэгэхээр ийм буруу ташаа зүйлд хууртагдалгүй өөрийн ердийн үед ашигладаг дансныхаа мэдээллийг үнэн зөвөөр нь бүрдүүлж өгөх ёстойг анхааруулъя.

-Та гэрээний ажилтнуудын Е-9 гэж визний тухай хэллээ. Е-9 визийг авч ажиллаж байгаа иргэний ар гэрийнхэнд хөнгөлөлт бий юу?

-Е-9 виз буюу хөдөлмөрийн гэрээний нөхцөлөөр Солонгост 6700 монгол иргэн амьдарч байна. E-9 ангилал гэдэг нь хууль ёсны зөвшөөрөлтэйгөөр ажиллах боломжтой виз юм. Урьд нь Е-9 визтэй хүний эхнэр, нөхөр, эцэг эх, хүүхэд виз мэдүүлэхэд яг адилхан мөнгө байршуулах шаардлага тавьдаг байсан. Харин энэ удаа таван сая төгрөг байршуулах нөхцөлийг хассан учраас Е-9 визтэй иргэдийн гэр бүл виз мэдүүлэхэд хялбар болгож, сүүлийн зургаан сард Солонгосоос гэр бүлдээ мөнгө шилжүүлсэн болохыг баталсан материал авдаг болж байна. Солонгос улс хөдөлмөрийн гэрээний нөхцөлөөр гадаадын 16 улс орноос ажиллах хүч хүлээн авдаг. Гэхдээ энэхүү хөнгөвчилсөн нөхцөл зөвхөн Монголд л хэрэгжиж эхэлж байгаа юм. Өөр бусад 15 улсад ийм хөнгөлөлт байдаггүй.

Солонгос улсын Засгийн газрын зүгээс Е-9 визтэй иргэдийн гэр бүл Солонгост очоод, гэр бүлээрээ хууль бусаар үлдэх вий гэсэн асуудалд их санаа зовдог. Үнэндээ ийм тохиолдол их өндөр хувьтай байдаг юм. Тийм учраас виз мэдүүлэхэд Солонгост ажиллаж, амьдарч байгаа иргэний хөдөлмөрийн гэрээний үлдсэн хугацааг мөн харгалзан үзэж хариуг олгоно.

БНСУ-ын ЭСЯ-нд виз хүссэн иргэдийн тоо 2016 онтой харьцуулахад 2 дахин, огцом өссөн

-Виз мэдүүлээд татгалзсан хариу авсан тохиолдолд зургаан сарын дараа дахин виз мэдүүлнэ. Мөн хуурамч мэдээлэл өгсөн иргэнийг ерөнхий системдээ бүртгэнэ гэсэн. Ер нь жаахан чангалж байна гэж ойлгож болох уу?

-Таны хэлснээр нэг талаас чангарч гэж санагдаж магадгүй юм. Гэхдээ энэ бол Монголын ард иргэдэд илүү хялбар шуурхай үйлчилгээ үзүүлэхийн төлөө авч буй арга хэмжээ юм.

Өнөөдрийг хүртэл Солонгост зорчих виз хүсэгчид 3-4 сар хүлээж хариугаа авдаг. Яагаад ийм байдал үүссэн бэ гэдгийг би статистик тоогоор тайлбарлая. 2016 онд манай Элчин сайдын яаманд 65 мянган визний хүсэлт ирсэн, харин 2017 онд энэ тоо 130 мянга дараа онд 150 мянга гэх мэт 2016 онтой харьцуулахад хоёр дахин, огцом өссөн. Монгол Улс Олон улсын валютын сангийн хөтөлбөрт хамрагдаж, эдийн засгийн хүндрэл бий болсонтой холбоотойгоор Солонгос руу явах хүсэлтэй хүн ихэссэн байж болох юм. Гэтэл үүний хажуугаар Солонгос явах хүсэлтэй хүмүүст буруу ташаа мэдээлэл өгч, хуурамч материал бүрдүүлэх, албан ёсны бичиг баримтыг өөрчилж янзлах гэх мэт хууль бус асуудлууд гарч ирснээр виз хүссэн материалуудыг маш нарийн шалгах шаардлага үүссэн.

Энэ удаа чангарсан гэж харагдаж байгаа өөрчлөлтүүд нь үнэхээр тодорхой зорилготой, Солонгос руу явах чухал шаардлагатай хүмүүс, жишээлбэл сургуульд сурах гэж байгаа оюутнууд, эмчилгээ хийлгэх шаардлагатай өвчтөнүүд гэх мэт эдгээр хүмүүст хүндрэл бэрхшээлгүй, хурдан шуурхай үйлчилгээ үзүүлэх зорилготой юм.

Татгалзсан хариу авснаас зургаан сарын дараа виз мэдүүлэх журамтай ч 

хүндэтгэх шалтгаан байгаа тохиолдолд харгалзаж үзэх болно

-БНСУ-д зорчих хүмүүст Хур системээр үйлчилнэ гэсэн. Бүх хүмүүст энэ хамааралтай юу?

-Төрийн мэдээлэл солилцооны Хур систем нь олон ажлыг хялбарчилсан, чухал хэрэгцээтэй систем байгаа юм. Энэхүү системийг ашигласнаар виз мэдүүлэгчийн мэдээллийн үнэн худлыг шууд тэр дор нь шалгах боломжтой болно гэсэн үг. Гэхдээ Монголын бүх иргэд ашиглаж болох уу гэвэл, виз мэдүүлэгч өөрөө Хур системийг ашиглахыг зөвшөөрсөн тохиолдолд л боломжтой. Виз мэдүүлэгч зөвшөөрвөл Хур системд холбогдож хувийн мэдээллийг шалгаад, шууд хэвлээд авна. Үнэн зөв мэдээлэл бүхий материал учир 2-3 долоо хоногийн богино хугацаанд шалгаж визний шийдвэрийг гаргах боломжтой. Хэрвээ виз мэдүүлэгч зөвшөөрөхгүй бол холбогдох төрийн байгууллага болон ТҮЦ машинаас шаардлагатай материалуудаа бүрдүүлж авчирч өгч болно. Гэхдээ визний хариу гарахад Хур системээр дамжсанаас хугацаа илүү шаардагдана.

Бид өнгөрсөн наймдугаар сарын 26-нд визний журмын өөрчлөлтийг танилцуулахдаа визний хариу 2-3 долоо хоногийн дотор гардаг болно гэж зарласан. Гэхдээ энэ нь одоо яриад байгаа Хур системийг ашигласнаар боломжтой болно гэсэн үг юм.

Хур системийг бид ашиглахын тулд Монгол Улсын зүгээс холбогдох зөвшөөрөл, туслалцааг авах, системийг суурилуулах гэх мэт процесс явагдах хэрэгтэй байгаа. Эдгээр ажлуудыг энэ сард багтаан хэрэгжүүлж, туршилтын байдлаар ажиллуулж үзээд, арваннэгдүгээр сарын сүүл гэхэд бүрэн ашиглах боломжтой болно гэж бодож байна.

-2018 оны аравдугаар сараас олон удаагийн визэнд тодорхой хэмжээний хөнгөлөлтүүдийг хийж өгсөн. Өнөөдрийн байдлаар хэчнээн хүн олон удаагийн виз хүсэж байна. Энэ тоо хэр нэмэгдсэн бол?

-Өнгөрсөн жилийн аравдугаар сард бид олон удаагийн визний журмаа шинэчилж, хамрах хүрээг тэлсэн. Тухайн үед буюу 2018 оны аравдугаар сарын 4-ний өдрийн байдлаар олон удаагийн визтэй монгол иргэдийн тоо 35 мянга орчим байсан бол найман төрлийн категорийг нэмж оруулснаар Монголын 200 мянган иргэн олон удаагийн виз авах боломж бий болсон. Олон удаагийн виз олголт нэмэгдэнэ гэдэг нь хоёр улсын хооронд визгүй зорчдог болохын өмнөх шатлал гэж хэлж болно.

Харин энэ удаагийн визний өөрчлөлтөөр ерөнхий боловсролын сургууль, мэргэжлийн коллежид солонгос хэл заадаг үндсэн багш нар, тэдний гэр бүлийг хамруулах гэж байгаа юм. Учир нь юу вэ гэвэл, Монгол, Солонгос хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ой болох гэж байна. Бие биеийнхээ хэл, соёлыг мэддэг ойлгодог хүмүүс хоёр улсын харилцаанд чухал үүргийг гүйцэтгэдэг. Тийм учраас солонгос хэлний багш нарыг энэхүү олон удаагийн визний хөнгөвчилсөн нөхцөлд нэмж оруулах гэж байгаа юм. Одоогийн байдлаар бид үүнтэй холбоотой хууль журмаа шинэчлэхээр ажиллаж байгаа бөгөөд энэ жилийн сүүл юм уу ирэх жилийн эхэн гэхэд солонгос хэлний багш нар олон удаагийн виз мэдүүлэх боломжтой болно.

Виз мэдүүлэхдээ төрийн мэдээлэл солилцооны Хур системийг ашиглах боломж бүрдэж байна

-Наймдугаар сарын 26-нд хийсэн мэдээллээс шалтгаалаад иргэд есдүгээр сарын 16-наас эхлэн БНСУ-ын виз хүсэх юм бол 2-3 долоо хоногийн дараа визний хариу гарна гэсэн хүлээлттэй байгаа. Өнөөдрийн байдлаар энэ ажил эхэлсэн үү. Хур системээс шалтгаалаад жаахан хойшиллоо гэж ойлголоо. Гэхдээ ачаалал хэр байна. Одоо 2-3 сар хүлээх биш 2-3 долоо хоногт визний хариугаа авах боломж хэр нээгдэж байна?

-Үүнтэй холбоотой хоёр ажлыг хийж байна. Эхнийх нь сая тайлбарласан Хур систем. Энэ бол бид системийг ашиглая гээд ашиглаж чадах зүйл биш. Тодорхой зөвшөөрөл, бэлтгэл ажил шаардлагатай байгаа. Хоёр дахь нь Хур системийг ашиглах хүртэл бид өөрсдийн хийж чадах арга хэмжээ авсан нь ажиллах хүчээ нэмэх байсан бөгөөд 6-7 хүн нэмэлтээр ажиллаж байна. Тэгэхээр энэ хоёр ажлын үр дүнд арваннэгдүгээр сарын сүүл юм уу арванхоёрдугаар сар гэхэд 2-3 долоо хоногийн дотор хариу гаргадаг болно гэж бодож байна.

-Та Монгол Улсад ирээд хоёр жил гаран боллоо. Энэ хугацаанд монголчуудын виз мэдүүлэхдээ юун дээр алдаад байна. Одоогоор 20 мянга гаруй иргэний визний материал  хүлээгдэж байна гэсэн. Энэ бүхнийг түргэвчлэх арга байгаа болов уу?

-Виз гэдэг зүгээр нэг онгоцны тасалбартай адил зүйл биш. Энэ бол итгэлцэл юм. Виз олгоно гэдэг нь тухайн хүнд итгэж байгаа гэсэн үг бөгөөд виз авсан хүн хариуцлагатай байх ёстой. Тэгэхээр виз мэдүүлэгч өөрийн үнэн зөв мэдээллийг байгаа тэр чигээр нь мэдүүлэх ёстой юм л даа. Үнэн зөв мэдээллийг нуусан, гуйвуулсан, хэн нэгнээс ингэвэл виз гардаг юм, таньдаг хүнтэй байвал виз гардаг ч гэх юм уу худал хуурмаг мэдээллүүд сонсогддог. Ийм зүйл огтхон ч байхгүй. Визний бүхий л процедур хууль журмын дагуу явагддаг. Манай виз мэдүүлэхтэй холбоотой бүхий л мэдээллүүд веб сайтад нийтэд ил тавигдсан байдаг. Мөн албан ёсны зөвшөөрөлтэй визний материал хүлээн авдаг газруудаас зөвлөгөө авах хэрэгтэй. Бид үнэн зөв мэдээллийг илүү хүртээмжтэй олгохын тулд зөвлөгөөний төв, утсаар лавлах үйлчилгээг бий болгохоор ажиллаж байгаа. Ингэснээр иргэдэд улам ойлгомжтой, хялбар болох болов уу.

-Таны консулын үүрэгт хэдий хугацаа үлдсэн бол. Цаашдаа өөрийнхөө ажиллах хугацаанд юуг илүү хийе, Монгол Солонгосын найрамдлын харилцаанд таны гүйцэтгэх үүргийг тодотгох ямар ажил хийх гэж байна вэ?

-Миний томилгооны хугацаа одоо 10-11 сар үлдсэн байна. Монголд байх хугацаандаа визтэй холбоотой систем тогтолцоог хялбар цэгцтэй болгох, хамгийн багадаа хоёр долоо хоногийн дотор хариуг олгодог болгохын тулд хичээн ажиллаж байна. Үүний тулд удахгүй “Визний төв” тусдаа байгуулагдана. Мөн групп аяллын визийг монголчуудад олгодог болгох зэрэг ажлууд хийгдэнэ. Албан ажлын хувьд бол ийм байна.

-Жилийн өмнө тантай ярилцахад би таныг монгол хэл сураасай гэж хүсэж байсан. Монгол хэл сурсан уу?

-Хувьдаа би сүүлийн 7-8 сар морин хуур тоглож сурч байгаа юм. Морин хуурийн хөг аялгуу үнэхээр гайхамшигтай. Энэ хөгжим дэлхийд улам их танигдаасай гэж хүсдэг. Хэдийгээр Монголд ажиллах хугацаа маань нэг жил хүрэхгүй ч би Солонгост морин хуурийг таниулахад өөрийнхөө хэмжээнд хувь нэмэр оруулах юмсан гэж хүсч байна. Морин хуурийг чадварлаг эзэмшсэн монгол залуу хөгжимчид өөрийн мэргэжлээрээ Солонгост ажиллах, Солонгост морин хуурийг заах таниулах ажлыг хийгээсэй гэж хүсч байгаа юм.

Баярлалаа.

Эх сурвалж: Eagle TV

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочин

      (64.119.26.142) 2019-10-02 18:52
      • 0
      • 0

      Хур системийг ашиглана гэдэг маш аюултай. Хувийн бүх нууцыг олж авна гэсэн үг. Үүнээс өөр арга хэрэглэхгүй, зөвхөн хур систем рүү дайраад байдаг нь ямар учиртай юм бэ. Таны банкны болоод нийгмийн даатгал, эхнэр нөхөр бүх мэдээллийг олж авна гэсэн үг. ҮҮнийг Монгол улс зөвшөөрөхгүй байлгүй дээ.

      Хариулах