
ОХУ болон Украины зэвсэгт хүчнийхэн Украины хил орчимд нэгэн зэрэг хээрийн сургуулилт эхлүүлжээ. НАТО-гийн гишүүн орнуудын гадаад хэрэг ба батлан хамгаалахын сайд нар Украины хил орчим байрлаж буй Оросын цэргүүдийн тоо нэмэгдэж буй явдлыг шуурхай журмаар хэлэлцэж байна.
Вашингтон ба НАТО Украины хил орчим болон Крымийн хойгт Москва олон тооны цэрэг, цэргийн техникийг байршуулж байгаа явдалд сэтгэл зовниж буйгаа илэрхийлэн, Вашингтон Хар тэнгис рүү Тэнгисийн цэргийн байлдааны 2 хөлөг онгоцоо илгээж буйгаа мэдэгджээ. Кремлийн зүгээс АНУ Хар тэнгис рүү байлдааны хөлөг онгоцоо илгээсэн явдлыг нөхөрсөг бус, өдөөн хатгасан үйлдэл хэмээн тодорхойлж, Крымийн хойг болон Хар тэнгисээс хол байхыг Вашингтонд анхааруулсан байна. Украины хил орчим Оросын зэвсэгт хүчнийхэн байршиж буй явдал нь 3 долоо хоног үргэлжлэх хээрийн сургуулилттай холбоотой хэмээн Оросын талаас тайлбарласан ба хээрийн сургуулилт хийхээр болсон нь НАТО-гийн зүгээс ирж буй заналхийлэлтэй холбоотой гэжээ.
АНУ-ын байлдааны хөлөг онгоцууд Хар тэнгист ирэхтэй холбоотойгоор Оросын Тэнгисийн цэргийн хүчин энэ лхагва гарагт Хар тэнгист цэргийн сургуулилтаа эхлүүлжээ. Нөгөө талаас Украины зэвсэгт хүчин Крымийн хойг орчимд хээрийн сургуулилтаа эхлүүлсэн байна. Украины Батлан хамгаалахын сайд Андрей Таран Европын холбооны парламентын гишүүдэд ОХУ Крымийн хойгт цөмийн зэвсэг хадгалахаар бэлтгэж буй талаар анхааруулжээ. Түүний хэлж байгаагаар Украины хил орчим Оросын 110 мянган цэрэг байршиж байгаа аж. Украины зүүн бүс нутаг болох Донбасст сүүлийн долоо хоногуудад Украины зэвсэгт хүчнийхэн болон Оросын талыг баримтлагч босогчид хоорондын тулаан эрчимжжээ. АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен Брюссельд НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга Йенс Столтенбергтэй хийсэн уулзалтынхаа үеэр Украины хил дээр болон Донбасст явуулж буй түрэмгий үйлдлийнхээ хариуг Москва амсах болно хэмээн анхаарулсан байна.
Өнгөрсөн мягмар гарагт АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй утсаар холбогдож, уулзалт зохион байгуулах саналыг тавьсан юм. Кремлийн зүгээс уулзалт зохион байгуулах тухай ярихад эрт байна гэдгийг онцолсон байна. Москва НАТО-г Балтын тэнгисийн орнууд болон Польшид цэргүүдээ байршуулж, Европ тивийн тогтвортой байдлыг алдагдуулж байна хэмээн буруутгасаар ирсэн билээ. Оросын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгугийн мэдэгдсэнээр НАТО Оросын хил орчимд 40 мянган цэрэг, 15 мянган цэргийн машин техникийг байршуулсан аж.
Эх сурвалж: Reuters
Содномцэрэнгийн Энхзаяа
mongolcom.mn
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.