Монгол түүхээ аврахын тулд Холливуудээр кино хийлгэе!

Twitter Print
2021 оны 05-р сар 19-нд 14:01 цагт
Мэдээний зураг,

Баруун, зүүнээс шидэлж, урд, хойноос үсчүүлэх “Чингис хаан манайх” гэх үгнээс залхаж байна. Их хаан монгол хүн байтал Хятад, Турк, Казахстан тэргүүтэй харийн нөхөд яагаад өөрийн болгох гэж улайрна вэ. Бид тэдний үнэт зүйлийг хулгайлсан юм уу, үүх түүхийг нь хумсалсан гэж үү?! Манай түүхийг тэднийх болгох гэсэн увайгүй түрэмгийлэлд бид цэг тавих цаг болсон юм биш үү. Асуудал арай л дэндлээ, дэндээд савнаасаа хальж байна. Олигтойхон ойлголцож, жинтэйхэн нэгдэж чаддаггүй зангаасаа болж монголчууд бид хөөмийгөө харьд хэдийнэ алдаж, уртын дууныхаа хэлтэрхийтэйгээ үлдсэн.

Одоо дээлээ тавиад туух уу, эмээлээ аваад үлдэх үү? Асуудал бүхэн эргэлзээтэй. Гэтэл бидний ам ЮНЕСКО өөд ангайж байх зуур үүнээс ч том хулгай Монголд нүүрлэчихлээ. Хан хүү Тэмүүжиний нэр Монгол орны чулуу бүрт сийлээстэй, Хаан эзэн Чингисийн алдар монголчууд бидний зүрхэнд хадаастай гэж хөөрцөглөөд байсан чинь харийн улс шөнө дөлөөр хот руу гэтэн их хааныг минь хулгайлж байх юм. Хүний хүн хатавч руу мөлхөж Хан хөвүүдийг богтолж явна шүү дээ. Сүржигнээд, бас өвчигнөөд байгаа юм биш. Бодит байдал ийм л байна. Энэхүү түгшүүрийн дохио гамшгийн харанга болохоос урьтаж ямар нэгэн зүйл хийх шаардлагатай байна шүү дээ...

...Сая “Чингис хаан“ хэмээх нисэх компанийг Өвөр Монголд байгууллаа. Тус компани олон улсын талбарт гарахын цагт нэр алдраараа шууд л аварга брэнд болон хувирна. Үүнээс ирэх үр нөлөө, олох ашиг тус үнэлж барамгүй их байх нь дамжиггүй. Үгүй ээ мөн, мэргэн сэтгэж шүү. Бид яагаад ингэж сэтгээгүй юм бол...

КИНО УРЛАГ ТҮҮХИЙН АВРАЛ

Бид мэдээллийн эрин зуунд амьдарч байгаа ч мэдээллийн дайн өрнүүлэлтэй биш. Түүхээ сурталчилж байна нь энэ гээд гадны пиарчдад хэдэн тэрбумаар нь цацамгүй байна. Буу шийдэм барьж, сэлэм бамбай үүрээд давхих бүр дэмий. Тэгэхээр ганц л зам үлдлээ. Тэр бол кино. Хүний оюун санаанд түүн шиг хурц нөлөөлдөг урлаг гэж үгүй. Түүхээ хамгаалах хамгийн шалгарсан арга нь ч юм.

Түүний ид шидийг гаргуун мэдэрсэн улс орнууд түүгээр дамжуулан түүхээ мөнхөлж байна. Мөн түүхийг гуйвуулж ч чадаж байна. Гуйвуулсны бодит жишээ бол Сергей Бодровын “Монгол” кино. Чингис хаан хятадуудад баригдсныг тэндээс л мэдлээ, тагтаа иддэгийг нь ч түүнээс харсан. Хүний хүмүүс хүнийх л байдаг хойно “уран сайхны” гэх шошготой энэ мэтийн баракуудыг бид үзэхээрээ л нэг болсон. Харин одоо өөрсдөө хөдлөцгөөе. Хөдлөхдөө шууд гол зах зээл рүү нь зүтгэе. Тэгж баймааж бид түүхээ даян дэлхийд бодитоор таниулна.

Хятад, Орос, Өмнөд Солонгос, Казахстан, Турк зэрэг улс түүхийн сэдэвтэй бүтээлд анхаарлаа айхтар хандуулж байна. Гарсан кино бүр нь хит. Төрөөсөө дэмжлэгтэй, төсөв нь баталгаатай болохоор аргагүй л өөр түвшинд бүтээж байна. Тэгвэл Монгол Улс тэдний хийснийг давуулан хийж яагаад болохгүй гэж. Тэдний кинонууд Ази, Европтоо эргэлдэж байх хойгуур бид дэлхийн зах зээлд үнэлэгдэх блокбастерыг бүтээе л дээ.

Холливудийн стандартад нийцэх киног жилдээ нэг удаа бүтээгээд байхад нэг сумаар хоёр туулай буудна л гэсэн үг.

Тэгэхдээ гагцхүү шилгүүдийг нь урьж авчиръя. “Загалмайлсан эцэг”-гийн найруулагч Фрэнсис Форд Копполагаар Чингис хааныхаа тухай гурамсан бүтээл хийлгэж яагаад болохгүй гэж. Эсвэл “Шиндлерийн бүртгэл”-ийн Стивен Спилбергээр Алтан улсад довтолсон тухайгаа тууривуулъя. Түүний байнга хэрэглэдэг гэрлийн хурц туяаны шийдэл ч Монголын байгалийг ямар тансаг дүрслэх бол.

Гол дүрийн баатруудаа ч гэсэн дэлхийн оддоос урья. Холливудийн жүжигчин Дуэйн Жонсонд Хасарын дүрийг даатгаж, Хироюки Тагаваг Жамухад хувиргасан байхад тэр кино хитээ хит. Ингэж байж л блокбастер болно шүү дээ. Гэхдээ энэ бол фантаз биш. Амьдралд ойр мөрөөдөл, бодит болохуйц хүсэл. Дэлхийн глобалчлагдахын хэрээр Холливудийн найруулагчид кино оддынхоо хамт гадны киног бүтээлцэж байна.

Кевин Костнер, Эдриан Броди нар л гэхэд гадны бүтээлд гаргуун сайн тоглолоо шүү дээ. Тиймээс Чингис хаанаа нандиганах, үүх түүхээ хамгаалах сэтгэл зүрх байхад блокбастер бүтээх монголчуудын мөрөөдөл дэргэд буугаад л ирнэ. Үзээд алдъя, хийгээд үзье.

Монгол Улс мөнхөд мандан бадраг!

ЖАЛСРАЙН БАЯРЖАРГАЛ

“ХАРЬД АЛДАГДСАН ЧИНГИС ХААН” нийтлэлийн хэсгээс

2018.09 сар

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.