Пролетарийн диктатур тогтоогчийн төрсөн өдөр

2017 оны 04-р сар 22-нд 12:42 цагт
Мэдээний зураг,

Өнөөдөр хүн төрөлхтний хувь заяанд арилшгүй мөр үлдээсэн пролетарийн диктатурч В.И.Лениний төрсөн өдөр. Владимир Ильич Ульянов Ленин 1870 оны 4 дүгээр сарын 22-нд хуучны Симбирск хотод төржээ. Ленин хэмээх нууц нэрээрээ алдаршсан Владимр Ильич Ульянов бол Орос улсад Коммунист нийгэм байгуулахад гол үүрэг гүйцэтгэсэн улс төрийн удирдагч байв.

К.Марксын сургаалийг үнэнчээр үргэжлүүлэгч гэж өөрийгөө тунхагладаг байсан Ленин тэр сургаальтай нь тойруу замаар холбоотой бодлогыг явуулж байж.

Коммунист сургаалийн Лениний хувилбар дэлхийн олон хэсэгт түгэн тархсан учир Ленинийг түүхэн дэхь хамгийн нөлөө бүхий улс төрийн зүтгэлтэн гэж үзэхээс өөр аргагүй.

Түүний эцэг нь Симбирск хотод засгийн газарт үнэнч түшмэл байсан гэдэг. Том ах Александр нь хувьсгалч болж хааныг алах хуйвалдаанд оролцсон хэргээр цаазлуулсан. Ульянов 23 настайдаа Марксын сургаалыг тууштай баримтлагч болж 1895 онд хувьсгалт үйл ажиллагаанд оролцсон учир баривчлагдаж 14 сар шоронд суусны эцэст алс бөглүү Сибирьт цөлөгдсөн байдаг.

Тэнд 3 жил байх хугацаандаа хамтран зүтгэгч Крупская гэгч бүсгүйтэй гэрлэж *Орос дахь Капитализмын хөгжим* номоо туурвисан байна.

1900 оны 2 дугаар сарын цөллөгөөс буцаж ирэнгүүтээ Өрнөд Европт гарч тэнд мэргэжлийн хувьсгалчийн ажил эрхлэн 17 жил суужээ. Оросын социал-демократ нам хоёр хэсэг болон задрахад олон тооны гишүүнтэй болох большевик жигүүрийн удирдагч болсон байна.

Дэлхийн 1 дүгээр дайны уршгаар Орос улсад цэрэг, эдийн засгийн сүйрэл болж  Хаант засаглалыг эсэргүүцсэн ард түмний дургүйцэл ихэссэн нь Ленинд түүхэн болоцоо олгожээ.

1917 оны 2 дугаар сард хаант засаг унаж Орос улс ардчиллын замд гарах бололцоо нээгдэв. Хаант засаг унасныг мэдмэгц Ленин эх орондоо яаравчлан ирж ардчилсан намууд Түр засгийн газар байгуулсан ч бодит эрх мэдэлтэй болж чадаагүй байгааг  гярхай харж хүч сул коммунист намыг засгийн эрхэнд гаргах сайхан боломж бүрдсэнийг ойлгожээ. 

Тэгээд Болшевикууд Түр засгийн газрыг унагаж оронд нь коммунист засгийн газар байгуулах зорилгоор эргэлт хийхийг уриалав. 

Гэвч 7 дугаар сард хийсэн оролдлого нь бүтэлгүйтэхэд нууц байдалд орж. Дараа нь 10 дугаар сард хийсэн 2 дахь оролдлого нь амжилтанд хүрч Ленин засгийн толгойд гарчээ. Засгийн газрыг толгойлж байхдаа ов зальтай, бодит байдлыг жинхэнээр үнэлж чаддаг удирдагчийн хувьд социалист эдийн засагт бүрэн шилжилт хийхийг юуны өмнө зорилгоо болгов. 

Энэ зорилго нь биелэгдэх бололцоогүй нь тодорхой болоход мөн алсыг харж алхам ухралт хийж капиталист - Социалист холимог эдийн засгийг хэвшлийг бий болгосон нь ЗХУ-д нилээн хэдэн жил оршин тогтносон түүхтэй. 

1922 оны 5 дугаар сард Фанни Каплан гэгч эмэгтэйд буудуулж хүнд шархадсны улмаас 1924 оны 1 дүгээр сарын 21-нд нас барах хүртлээ төрийн ажилд оролцох чадваргүй байж. Түүнийг өөд болсных нь дараа шарилыг нь занданшуулж Москва хотод Улаан талбайд Мавзолейд тавьсан байна. 

Түүний Марксист онолд оруулсан хувь нэмрийг ленинизм гэдэг. Угтаа бол В.И.Ленин гэгч нь 1917 оны Оросын ажилчин, тариачны үймээний толгойлогч, марксист онолыг туршигч, практик үйл ажиллагаанаас онол боловсруулагч байсан ба түүний удирдлагаар тогтоосон пролетарийн диктатурын улмаас  100 сая хүн амь насаа алдсан судалгаа байдаг. Ихэнх түүхчид түүний үхлийг архагшсан тэмбүү, саажилт, цус харвалт хэмээдэг ч пролетариудын сүржин түүхэнд өгүүлснээр бол хувьсгалын эсэргүү нэгэн эмэгтэй буудан хороосон гэдэг. Харин Оросын ард түмэн энэхүү төрийн эргэлтээс улбаалсан иргэний дайнд 13-16 сая хүнийхээ амийг золин байж 1922 онд ЗХУ-ыг байгуулсан түүхтэй.

Зөвлөлтийн коммунист туршилтын бүх хугацаанд бараг 100 сая хүн өөрийн бус үхлээр үхсэн бол, Хятадад 72 сая хүн үрэгдсэн гэсэн тооцоо байдаг. Үнэн­дээ Лениний хувийн амьдралд аз жаргал байгаагүй. Гэр бүл зохиож, үр хүүхэдтэй болох боломж түүнд байсангүй. Крупская бол анкет бөглөхөд зориу­лагдсан цэвэр хуу­рамч, на­мын гэргий байж. Харин Инесса Арманд гэгчтэй ха­чин, будлиантай байдлаар хол­богдож байсан байдаг. Гэвч энэ нь Ленин ижил хүйстэн байсан гэсэн үг биш юм.

Тухайн үедээ Лениний залгамжлагч гэгдэж байсан Троцкий өнөө маргаашгvй болсон Ленинийг орхин насан эцэслэхээс нь ердөө гуравхан хоногийн өмнө “бие муу” гэсэн шалтгаар 1924 оны нэгдүгээр сарын 18-нд Крым руу явсан байдаг. Харин гурав хоногийн дараа В.И.Ленин 54 насандаа насан эцэслэжээ. Троцкий Москвад эргэн ирж чадалгүй, хэзээ дуудахыг нь насаараа хүлээсэн гэдэг. Харин  урилганы оронд нэгэн цахилгаан ирсэн нь “Кинто (Сталиныг тэд ийнхүү хочилдог байж) Ерөнхий боллоо” гэсэн утгатай байсан гэдэг. 

Үүнээс хойш Сталин-Троцкий нарын дунд урт удаан хугацааны зөрчил тэмцэл өрнөж, 1929 онд тvvнийг Оросоос хөөн гаргасан бол хожим 1940 онд Мехико хотод НКВД-гийн нууц туршуул Меркадер гэгч Троцкийн тархийг хага цохин хөнөөсөн байна. Ийнхүү Ленин, Троцкий нарын хослол хүн төрөлхтний түүхэнд арилшгүй хар мөр үлдээгээд өөрсдөө энэ хорвоогоос буцацгаасан түүхтэй.

Сэтгүүлч Д.Энхтүвшин

E-mail: eegii1967@yahoo.com 
Утас: 76110303, 76110505

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.