
Хятадын нийслэл Бээжин хот дахь цорын ганц монгол цэцэрлэг болох Нарангоогийн үүсгэн байгуулсан “Наран” цэцэрлэг хүрээгээ өргөтгөн монгол үндэстний цэцэрлэг, сургуулийн цогцолбор болж тэллээ.
ӨМӨЗО-ны их сургуулийг сэтгүүлчийн мэргэжлээр төгссөн Нарангоо монгол хэл соёлоо түгээн дэлгэрүүлэх, хадгалан уламжлуулах зорилгоор Бээжин хотод монгол үндэстний цэцэрлэг байгуулсан нь 10 жилийн өмнөх явдал ажээ. Нарангоо Хятад улсын 56 үндэстний нэг монгол үндэстний хэл соёлын өвийг хадгалан уламжлуулж, монгол үндэстний залгамж хойчийг эх хэлээрээ сургаж боловсруулахын төлөө мэргэжлийн чадварлаг боловсон хүчний багийг дайчилж гэр цэцэрлэг ажиллуулж хичээллүүлсээр өдгөө хүрчээ.
Тэдний хамт олон саяхан үйл ажиллагааны чиглэлээ өргөтгөн Бээжингийн монгол хэл соёлын цэцэрлэг, бага сургуулийн цогцолборыг үүсгэн байгуулснаа өнөөдөр албан ёсоор мэдэгдэн хэвлэлийн бага хурал зохион байгууллаа.
Тэдний өргөтгөн тэлсэн шинэ байгууллага болох “Наран” олон улсын боловсролын компани Бээжингийн “Жүн И Шин Шин” боловсролын корпорацтай хамтран хятад монгол хос хэлний ангийг “Бээжин Шин Шин” сургуульд нээх болсноо мөн үеэр мэдэгдэв. Тус хос хэлний ангийн элсэгчид нь хуваарьт хичээлүүдээс гадна уран бичлэгийн дугуйлан, үндэстний зан үйл, чөлөөт бокс, сурын харваа, бөх, морин спорт зэрэг чиглэлээр мэргэшин суралцах боломжтой ажээ.
Тус сургуулийн сургалтын гол агуулга болох үндэстний соёлын хичээлд монгол хэл, монгол дуу бүжиг, хөгжмийн зэмсэг зэргийг тусгайлан мэргэжлийн багш нар урьж заалгах юм. Шинээр байгуулагдаж байгаа сургууль цэцэрлэгийн цогцолборт Хятад дахь монгол үндэстэн болон Бээжинд ажиллаж сурч амьдарч байгаа монголчууд төдийгүй монгол соёлыг сонирхогч гадаадын хүн бүхэнд нээлттэй юм байна. Шинэ элсэгчдийг 2020 оны 1-6-р сар хүртэл бүртгэж 9-р сараас албан ёсоор хичээлийг эхлүүлэх ажээ.
Эх сурвалж: Хятадын олон улсын радио
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Zochin
(80.210.129.130) 2020-01-13 03:04Neeh undur tulburtei yum bgaa biz
Хариулах