Арван гурван сая гаруй хүн амтай Шиань хотод хатуу хөл хорио тогтоолоо

Twitter Print
2021 оны 12-р сар 23-нд 10:30 цагт
Мэдээний зураг,

Коронавирусын халдварын тархалтыг зогсоохын тулд Хятадын эрх баригчид Шаньси мужийн Шиань хотод хатуу хөл хорио тогтоожээ. Энэ сарын 9-нөөс хойш 13 сая гахуй хүн амтай Шиань хотод коронавирусын халдварын 143 тохиолдол бүртгэгджээ.

Өнгөрсөн лхагва гарагаас хэрэгжиж эхэлсэн журмын дагуу нэг өрхөөс нэг хүн хоёр өдөр тутам нэг удаа гэрээсээ гарч, дэлгүүр орох боломжтой аж.

БНХАУ-ын хувьд коронавирусын шинжилгээнд иргэдийг олноор нь хамруулж, хөл хорио тогтоох зарчмаар коронавирусын цар тахалтай тэмцсээр байгаа билээ. Ирэх 2-р сард тус улсад Өвлийн Олимпын наадам зохион байгуулагдахтай холбоотойгоор Хятадын эрх баригчид халдварын тархалтыг түргэн хугацаанд хумихаар ажиллаж байна.

Шиань хотын оршин суугчдын хувьд хүндэтгэх шалтгаан болон албаны хүмүүсийн зөвшөөрөлгүйгээр хотоос гарч болохгүй аж. Тус хотод тогтоосон хөл хорио хэдий хүртэл үргэлжлэх нь тодорхойгүй байна.

Эрх баригчид Шаньси мужийн иргэдээс коронавирусын сая сая шинжилгээ аваад байгаа ба Шиань хот руу орсон автомашины зам дээр шалган нэвтрүүлэх цэгүүд байршуулжээ.

Түүнчлэн Шиань хотын нисэх онгоцны буудлаас нисэх байсан олон тооны нислэгүүдийг цуцлаад байна. Хүнсний дэлгүүр, эмийн сан зэргээс бусад худалдаа үйлчилгээний төвүүд хаалгаа барьсан ба төрийн албан хаагчдад гэрээсээ ажиллахыг үүрэг болгожээ.

Өнгөрсөн долоо хоногт эрх баригчид Шиань хотод үйл ажиллагаа явуулдаг баар, фитнессийн төвүүд, кинотеатруудыг хаагаад байсан юм.

Албаны хүмүүсийн мэдээлж байгаагаар Шиань хотод коронавирусын дельта хувилбарын халдвар давамгайлж байгаа ба омикрон хувилбар бүртгэгдсэн эсэх нь тодорхойгүй байна.

Бээжин коронавирусын цар тахал нь Бээжингийн Өвлийн Олимпын наадмын хувьд хамгийн том сорил болоод байгааг хүлээн зөвшөөрөөд байгаа билээ.

Коронавирусын халдвар анх бүртгэгдсэн тус улсад өнөөдрийн байдлаар коронавирусын халдварын 113 мянга гаруй тохиолдол бүртгэгдэж, уг вирусын халдварын улмаас 4849 хүн нас бараад байна.

Эх сурвалж: BBC

Содномцэрэнгийн Энхзаяа

mongolcom.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.