Шинэ Зеланд удаан хугацааны турш хилээ нээхгүй гэв

Twitter Print
2020 оны 05-р сар 05-нд 14:29 цагт
Мэдээний зураг,

Шинэ Зеландын Ерөнхий сайд Жасинда Ардерн урт хугацааны турш хилээ нээхгүй гэдгээ мэдэгджээ. Тэрээр Австралийн сайд нарын хуралд цахимаар холбогдон Австралийн эрх баригчидтай хоёр улсын хооронд иргэд чөлөөтэй зорчих боломжийн тухай ярилцсан байна.

Австрали, Шинэ Зеланд хоёр улс хоёулаа коронавирусын халдварын дэгдэлтийн улмаас хилээ хаагаад байгаа билээ. Хоёр улсын эрх баригчдын үзэж байгаагаар хоёр улсын иргэдэд хоорондоо чөлөөтэй зорчих боломж байгаа хэдий ч бусад улс орны иргэдийн хувьд ойрын хугацаанд Австрали болон Шинэ Зеландад нэвтрэх боломж байхгүй аж. Австрали, Шинэ Зеландын эрх баригчид хоёр улсын хооронд аялал жуулчлалын "аюулгүй бүс" тогтоох, энэ нь хоёр улсын эдийн засагт ямар үр өгөөжтэй талаар хэлэлцсэн ба хоёр улсын иргэд хоорондоо чөлөөтэй зорчих нөхцлийг бүрдүүлэхийн тулд маш их ажил хийх шаардлагатай болохыг Жасинда Ардерн онцолжээ.

Шинэ Зеландын аялал жуулчлалын салбарын талаарх асуултанд Жасинда Ардерн, "Бусад улс орны иргэдийн хувьд Шинэ Зеландын хил удаан хугацааны турш хаалттай хэвээр байх болно." гэжээ. Шинэ Зеландын аялал жуулчлалын салбарт тус улсын нийт ажиллах хүчний 10 орчим хувь нь ажилладаг, томоохон салбарын нэг бөгөөд тус улсын ДНБ-ий бараг 6 хувийг бүрдүүлдэг аж. Шинэ Зеландад жуулчилж буй иргэдийн дийлэнх Австрали, БНХАУ, АНУ, Их Британиас ирдэг байна. Мягмар гарагийн байдлаар Шинэ Зеландад коронавирусын халдварын тохиолдол хоёр өдөр дараалан бүртгэгдээгүй байна. Тус улсад коронавирусын халдварын 1500 орчим тохиолдол бүртгэгдсэний 20 нь нас бараад байгаа билээ.

Ерөнхий сайд Жасинда Ардерн Австрали, Шинэ Зеланд хоёр улс коронавирусын цар тахлын эсрэг үр дүнтэй арга хэмжээ авч чадсан, үүнийхээ ачаар хоёр улсын иргэд хоорондоо чөлөөтэй зорчих боломжийг эрх баригчид хэлэлцэж байгаа гэдгийг онцолжээ. 25 сая хүн амтай Австралид коронавирусын халдвар авсан 7000 орчим тохиолдол бүртгэгдсэн ба тус улсад уг вирусын халдварын улмаас 96 хүн нас бараад байгаа юм. Коронавирусын халдварын тархалтыг хяналтандаа авч чадсаны ачаар Австралийн зарим бүс нутгууд хөл хорионы дэглэмээ сулруулаад байна.

Эх сурвалж: BBC

Содномцэрэнгийн Энхзаяа 

mongolcom.mn 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.