Оросоос ирж буй өвлийн туристууд

Twitter Print
2022 оны 10-р сар 03-нд 14:28 цагт
Мэдээний зураг,

Оросоос ирж буй өвлийн туристууд

Энэ жил ОХУ-ын Путин ерөнхийлөгч энэ оны 9-р сарын 21-ний өдөр 647 тоот зарлиг гаргаж улс орондоо “хэсэгчилсэн дайчилгаа” зарласан. Энэ дайчилгаанд хамрагдах хүсэлгүй, хүний нутагт царь-ийнхаа өдүүлсэн балмад дайны золиос болохгүй гэсэн, энхтайванч үзэлтэй болон бас бус есөн жорын шалтгаанаар эх орноо орхих шаардлагатай болсон хүмүүс дайчилгаа зарласны дараах ганц хоёр хоногт л ОХУ-тай хил залгаж байгаа, оросын “жуулчдыг” өнөөгийн нөхцөлд хүлээж авах боломжтой Гүрж, Казахстан, Финланд, Монгол гм хөрш орнуудынхаа хилийн боомтууд дээр урт цуваа үүсгэсэн билээ.

Үнэндээ энэ олон оросууд гадагшаа зугтан дүрвэж байгаа нь дайн эх нутагт нь болж, дайны хөлөөс, бусдын түрэмгийлэл, аллагаас зугтсандаа биш харин өөрийн удирдагчийн “мэргэн жолоодлогоор” харийн нутагт хийж байгаа дайнд оролцохгүй, тэнд очиж хүний нутгийн шороонд булуулахгүй гэсэндээ л амь тэмцэн дүрвэж байгаа өнөө цагийн нэг ийм түүхэнд байгаагүй гэмээр хачин үзэгдэл болж байгаа юм.

Орос хүн гэр орон, эх оронд нь харийн дайсан халдаад, алж талаад эхэлбэл дуугүй сууж байгаад буугаа үүрээд зуугаа татаад дайндаа яваад л өгнө.

Ганц орос хүн биш дээ, хайртай дотны, миний гэсэн гэр орон, эх оронд аюул тулбал хэнбугай ч гэсэн тэр үнэт зүйлээ хамгаална гээд босно шүү дээ. Энэ бол хүний битгий хэл амьтны амиа аврах, амьд явах зөнгийн л асуудал.

Харин тусгаар тогтносон бусад улсыг эзлэн түрэмгийлээд энгийн жирийн ард түмнийг нь алж талж, бөмбөгдөж, пуужиндаж байгаа, тэгээд бас ичгүүртэйгээр ялагдах тал руугаа орчихсон ийм дайнд хэн нэг балмад удирдагчийнхаа уриалгаар явж хүний нутагт үхэж далд орж байдаг тийм тэнэг ард түмэн 21-р зуунд байхгүй шүү гэдгийг л Оросын хэдэн зуун мянган дайнаас зугтаагсад шууд хэлээд байгаа юм. Энэ бол дайныг эсэргүүцэгчдийн эхний цуваа ч биш, 2 дахь 3 дахь нь юм. Эхний хэсэг болох царь-ийн дэглэмийг эсэргүүцсэн, оросод нэгэнт амар тайван амьдарч болохоо байсан сөрөг хүчний улстөрчид, өөрийн толгойгоороо юм бодож чаддаг, үгээ хэлж чаддаг ардчилсан үзэлтэй сэтгэгчид, урлаг соёлын зүтгэлтнүүд аль хэдийн хилийн чанад руу гараад явсан. Энэ цуваанд маш олон хүн энэ оны 2-р сарын 23-ны өдөр дайн эхэлсэнээс хойш нэгдэж, гадны улс орнуудаас дуу хоолойгоо илэрхийлсээр байгаа. Тэдний олонхийг хүлээж авсан улс орнууд бол АНУ, Европ, Израиль.

Монголд бол энэ 9-р сараас хойш 6000 орчим хүн орж ирсэн ба 9-21-ээс хойш жуулчны 30 хоногийн визээ сунгуулсан 700 хүн, түр оршин суух зөвшөөрлийн талаар зөвлөгөө авсан 1000 гаруй хүн байна гэж дуулсан. Манай Монголын сошлчид ах дүү орос буриад тува юу байдаг юм орж ирвэл тусалъя энэ тэр гээд хөөрдгөөрөө хөөрч л байна. Тусалмаар байвал Монголын ард түмний өмнөөс яриад байх хэрэггүй, өөрөөсөө эхлээд л тусал, хашаандаа нэг гэр бариад өгчих, эсхүл авгай хүүхдээ нөгөө өрөөндөө чихэж байгаад нэг өрөөгөө хоёр буриад нэг тувад суллаад өгчихгүй юу.

Манай улсын хувьд өөрсдөө хүсэлт гаргавал ОХУ-ын иргэдэд ХУУЛЬ ЖУРМЫНХАА хүрээнд түр оршин суух зөвшөөрөл олгож болно гэдгээ ГИХГ мэдэгдчихсэн. Монгол Улсад тухайн нэг улс орноос ирж амьдарч болох иргэдийн тоог хуулинд заагаад өгчихсөн байдаг. Тийм тооны ОХУ-ын иргэд Монголд орж ирэх ч гүй, гуйсан ч ирэхгүй байх. Яагаад гэвэл бид өөрсдийн амьдрал ахуйгаа л харчих, хариулт нь бэлэн байна. УБ хот зэрэг томоохон хот суурингийн иргэдийн 60 хүртэлх хувь ядууралд орчихсон, аж ахуйн нэгжүүд ажилгүй болчихсон, ажилгүйдэл, гиперинфляцад ард иргэд нь бүүр туйлдчихсан (энэ бол хямралын зөвхөн эхлэл шүү), хийрхэл, хөөрөл, бие биеэ муулах доош нь хийх өвчинд баригдчихсан, байгаа юм бол түгжрэл л байна. “Төр засгийнхаа буянаар” ийм байдалд орчихсон улс орны өөрийн нь иргэд Солонгос-д зарц хийх, Туркэд наймаа хийх гэж алалцаж байхад юун гадны хүн авч асарч тэжээх мантай.

Ямар нөхдүүд Монголд орж ирсэн бэ гэвэл ОХУ-ын Москвагаас ч байна, Алс дорнодоос ч байна, энүүхэнд байгаа Иркутск, Буриад Тува бол ойлгомжтой, дийлэнх нь байна. Тэдэн дотор эхний үед Украинд “цахилгаан дайн” хийгээд Орос ялна гэж бодож хийрхэж, машин дээрээ Z ба V үсгийг намируулж хэсэг яваад болохоо байгаад тэрийгээ хуулж хаяад ирсэн “сошл, компьютерч эх орончид” ч байна, дайны эсрэг үзэлтнүүд ч байна, царь-ийн дэглэмийн эсрэг хүмүүс ч байна, нутаг орныхоо хууль цаазаас зугтаад ирсэн өөр шалтгаантай ч улсууд байгаа. Тэдгээрийн дийлэнх нь мөнгө нь байвал Монголоор дамжаад Турк, Солонгос, Хятад, Тайланд зэрэг бусад орон руу гарах сонирхолтой ба гарч ч байна. Харамсалтай нь өнөө манай Сарангэрэл авгайн хэлдгээр “улны” хэд болох аргаа барсан мөнгө зоосгүй хэдэн буриад тува орос бол үлдэнээ хөөрхий, үлдэнэ, өөр сонголтгүй юм чинь. Хүн хэвийн ажиллаж, амьдарч болох газар руу л хүн явна шүү дээ, хэн ч бай. Манайд бол нэг их олноороо орж ирэхгүй, үлдсэн “улны” хэд л энд аргаа барна байх даа. Тэр цагт л Монгол хүний халуун сэтгэл халуунаа удаан бариасай л гэж залбирч байна.

Манайд үлдэх “улны турист”-уудын хувьд өвлийн хувцас хунараа базааж ирж амжсан л байгаасай. Миний хувьд бол ганц нэг хүнд ах дүү ёсны биш, хүн ёсны хувьд чадахаараа тусалж дэмжихийг л хүсч байгаа юм.

Дүгэрсүрэнгийн Хосбаяр

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочин

      (202.126.88.223) 2022-10-04 08:59
      • 0
      • 0

      Улны шалны гээд муухай үг гаргалаа шүү энэ Сарангэрэл гуай ёстой муухай

      Хариулах

    • Зочин

      (202.131.227.178) 2019-11-06 23:44
      • 0
      • 0

      өөрсдөө наад хуулиа батлаа биз дээ. ордонд архидаж завхайрч байгаа нь үнэн биз дээ. тэгчээд юу гээл байгаа юм

      Хариулах