З.Энхболд даргаас эхлээд, Л.Эрдэнэчимэгтэй нийлээд 14 гишүүн явган харайлгаж явна

Twitter Print
2014 оны 04-р сар 21-нд 10:25 цагт
Мэдээний зураг,
Саяхан л цахим ертөнцийн “од” болж, өөрийн шинэхэн S500 бенц жийпийн ид шидийг твиттерээр зарлаж байсан УИХ-ын эрхэм гишүүн Л.Эрдэнэчимэг хөрөнгө орлогын мэдүүлэгтээ “Хувийн автомашингүй” хэмээн бичиж явган таваргаж яваа гишүүдийн тоог нэгээр нэмчихдэг юм байна. Өнөөдөр Монголчуудын хувьд гангараа, баян чинээлгийн үзүүлэлт байхаа больж жирийн өдөр тутмын хэрэглээ болсон автомашингүй, нарийн ярьвал “эмзэг” давхрагад хамруулан үзэж болох хөөрхийлөлтэй ядуу гишүүдийн дунд Гадаад харилцааны сайд “Голомт” банкны томоохон хувьцаа эзэмшигч Л.Болд хүртэл цохиж явна. За тэгээд улсын их баяр наадамд түрүүлэхэд нь сүмогийн их аварга дүү Д.Дагвадоржийнхоо бэлэглэсэн Ланд-200-гаа үгүй хийчихсэн аварга Д.Сумьяабазар, хувьдаа дээд сургуультай Д.Лүндээжанцан, барилга болон урагш нь нүүрс зөөдөг том компанитай Б.Чойжилсүрэн зэрэг хувийн унаагүй хөөрхийлөлтэй ядуу гишүүдийн тоо 14-т хүрчээ.

Хөөрий төрийн түшээд минь ард түмэндээ хэрэгтэй, амьдралд өгөөжтэй хууль батлах гэж шөнө нойргүй, өдөр хоолтой хоолгүй зүтгэцгээсний эцэст унах унаа ч үгүй хоцорцгоосон байна. Ард түмэн биднийхээ л төлөө “шар мах”-тайгаа хатаж унах унаа, орох оронгүй сөхөрч унатлаа зүтгэж байгаа тэднийгээ ард түмний хандиваар унаа тэрэг, толгой хоргодох оромжтой болгоход ч буруудах зүйлгүй. АТГ-аас төрийн өндөр албан тушаалтан 239 хүний хөрөнгө орлогын мэдүүлгийг нийтэд дэлгэсэн. Тэрхүү хөрөнгө орлогын мэдүүлгийг харж байж л ард түмэн өөрийн нэр дээр тээврийн хэрэгсэлгүй “эмзэг” бүлэгт хамаарах УИХ-ын 14 гишүүн байдгийг олж мэдсэн хэрэг. Үгүй мөн ч тусгүй, хүн муутай явдал болж байна даа, сонгогчид минь. Хөөрхий минь, УИХ-ын дарга З.Энхболд, УИХ-ын дэд дарга Р.Гончигдорж, Гадаад харилцааны сайд Л.Болд, УИХ-ын гишүүн Д.Арвин, Б.Гарамгайбаатар, Д.Дэмбэрэл, Д.Лүндээжанцан, С.Одонтуяа, С.Оюун, Я.Содбаатар, Д.Сумъяабазар, Б.Чойжилсүрэн, Ж.Энхбаяр,  Л.Эрдэнэчимэг гээд явган таваргаж яваа төрийн түшээдээ унах унаатай болгох талаар бүх ард түмний хэлэлцүүлэг өрнүүлэхэд ч буруудах зүйлгүй. Шинэхэн машинаараа гайхуулж, цахим ертөнцөд “бенз S500” хэмээх олиггүй хоч хүртээд байсан Л.Эрдэнэчимэг гишүүн маань үнэн хэрэгтээ унах унаагүй, Улаанбаатарын хамгийн ядуу хэсэгт хамаарах нэгэн болж таарлаа.

Унах унаагүй эдгээр гишүүдийн араас орох орон, оочих аягагүй гишүүд ч олшрох янзтай. Хоёрхон жилийн өмнө Хуульзүйн сайд асан Ц.Нямдорж түрээсийн байранд амьдардагаа мэдэгдэж өр нимгэн зарим хүмүүсийн нулимсыг урсгасан удаатай. Харин энэ удаа ямар ч гэсэн толгой хоргодох оронтой болсон нь аштай юу. Унах унаагүй, толгой хоргодох оромжгүй “эмзэг” бүлгийн эрхэм гишүүдээ ер нь яалтай ч билээ дээ, хөөрхийс.

Д.Энхтүвшин  

Сэтгүүлч Д.Энхтүвшин

E-mail: eegii1967@yahoo.com 
Утас: 76110303, 76110505

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.