Кевин Гарнетт 25000 онооны босгыг давсан 14 дэхь тоглогч боллоо

Twitter Print
2014 оны 04-р сар 21-нд 10:09 цагт
Мэдээний зураг,
Өнгөрсөн оны аравдугаар сарын 24-нд нээлтээ хийсэн NBA-ийн тойргийн тоглолт саяхан өндөрлөсөн билээ. Таван сар үргэлжилсэн сагсан бөмбөгийн хамгийн шилдэг лигийн сонирхолтой баримтуудаас хүргэж байна.

-Энэ улирлыг NBA-ийн 30 баг 92 гадаад тоглогчтой эхлүүлсэн нь дээд амжилт болжээ. Тэднээс 11 нь “Сан Антонио Сперс”-ийн бүрэлдэхүүнд тоглосон байна.

-“Атланта Хаукс” багийн мэргэн бууч Кайл Корвер 127 тоглолт дараалан холын зайн шидэлтээ амжилттай болгож дээд амжилтыг шинэчлэн тогтоов. Түүний өмнө Дана Баррос 89 тоглолт дараалан гурвын зураасны ардаас довтолж байлаа.

-NBA-ийн бүх цаг үеийн шилдэг тоглогчид зүй ёсоор нэрлэгдэх, ирээдүйн алдрын танхимын гишүүн К.Гарнетт 14000 дахь самбараас бөмбөг авалтаа энэ улиралд гүйцэтгэжээ. Ингэснээр Кевин Жи 25626 оноо, 14201 самбар, 5306 оновчтой дамжуулалт, 1785 бөмбөг таслалт, 2010 блок шотт гүйцэтгэсэн гурав дахь тоглогч болсон. Өмнө нь Карим Абдул Жаббар, Карл Мэлоун хоёр л 25000-аас дээш оноо, 14000-аас самбар, 5000-аас дээш оновчтой дамжуулалт өгч байжээ.

-Алдарт 2003 оны драфтаар орж ирсэн К.Энтони энэ улиралд 62 оноо авч хувийн дээд амжилтыг шинэчилсэн байна. Тэрээр “Шарлотте Бобкетс”-ийн эсрэг тоглохдоо ийм оноо авсан. Сонирхолтой нь нэг оны драфтаар NBA-д элссэн Л.Жеймс мөн л “Бобкетс”-ийн эсрэг тоглохдоо 61 оноо авч хувийн дээд амжилтаа тогтоожээ.

-“Оклахома Сити Тандер”-ын холбогч Р.Уэстбрук хамгийн богино хугацаанд трипл-дбаль хийсэн тоглогч болсон. Тэрээр 20 минут 17 секундэд 13 оноо, 14 оновчтой дамжуулалт, 10 удаа самбараас бөмбөг авчээ.

-Энэ улирлын онцлох баг нь “Сан Антонио Сперс” гэдгийг бүгд хүлээн зөвшөөрсөн. Г.Поповичийн залуус 18 тоглолт дараалан ялалт байгуулж, 18 жилд 60-аас дээш оноо авсан анхны баг болсон юм. Тэд гуравдугаар сард 16 тоглолт хийхдээ бүгдэд нь ялалт байгуулан сүрдэм амжилт үзүүлж байлаа. Харин “Филадельфи 76” баг 26 тоглолт дараалан ялагдал хүлээж Үндэсний сагсан бөмбөгийн хамгийн муу амжилттай зэрэгцсэн байна. Өмнө нь 2010-2011 оны улриралд “Клевлэнд Кавалейрс” 26 тоглолт дараалан хожигдсон аж.

Сэтгүүлч М.Золбаатар

E-mail: zoloo_fifa@yahoo.com 
Утас: 76110303, 76110505

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.