
МОНГОЛ ОРНЫ ХАМГИЙН ТОМ 10 НУУР
Аялал жуулчлал, амралт зугаалгын улирал дөхөж буйтай холбоотойгоор аялагч та бүхний мэдлэгийн санд дусал нэмэр болгох үүднээс “Монгол орны байгаль”-ийн талаарх товч мэдээллийг цувралаар хүргэж байна.
1. УВС НУУР
Их нууруудын хотгорын хойд хагасын хамгийн нам цэгт Төв Азийн хамгийн том нуур (эрдэст) болох Увс нуур оршино. Нуурын хамгийн урт 84 км, өргөн нь 79 км болно. Увс нуурын эргийн байдал тэгшивтэр, 425 км урт эргийн шугамтай. Усны хагалбар уулсаас хол орших учир бу¬лан, хушуу цөөн ерөнхийдөө дугуй хэлбэртэй боловч нуурын хойд, зүүн хэсэгт хэд хэдэн томоохон булан бий. Увс нууранд Хархираа, Түргэн, Хөндлөн, Торхилог, Хариг, Сагил, Боршоо, Хандгайт, Тэс, Нарийн зэрэг 38 гол горхи цутгана.
Увс нуур нь манай орны нууруудын нийт талбайн 21.4 хувь буюу 3350 хавтгай дөрвөлжин километр талбайг эзлэн орших хамгийн том (давстай) нуур юм.
Нуурын хойд хэсэгт орших Мөнгөт Цахир уулнаас ийн харагдана.
2. ХӨВСГӨЛ НУУР
Монгол орны хойд хэсэгт орших Хөвсгөл нуур нь тус орны хоёр дахь том нуур юм. Хөвсгөл нуур эртний төрмөлийн эриний үеийн хагарал дагасан тектоникийн гүн зөрөгт хотост тогтсон уулын нуур учраас эргийн байдал их хэрчигдсэн, булан тохой, арал хойг, элэгдлийн чулуут эгц дэнж, хадан хясаа элбэгтэй, уртрагын дагуу сунаж тогтсон гонзгой зууван хэлбэртэй. Нуур хойноос урагш 133.4 км урт, баруунаас зүүн тийш 39.5 км өргөн, 414 км урт эргийн шугамтай.
Хөвсгөл нуур нь 380 шоо км усны нөөцөөрөө дэлхийд 14, Азид хоёрт орох бөгөөд манай орны гадаргын цэвэр усны нөөцийн 93.6 хувийг, дэлхийн нийт цэнгэг усны нөөцийн нэг хувийг өөртөө агуулдаг. Хөвсгөл нуурын хотгор урагшаа нарийсаж Хатгал тосгоны орчимд урт нарийн булан болж, эндээс Эгийн гол эх авч урсадаг нь түүнээс гарах цорын ганц урсгал болно. Хөвсгөл нуур байнгын урсгалтай бүгд 46 гол горхийг нийлүүлэн авах 5300 хав.дөр.км талбайгаас усжина.
Хөвсгөл нуурын ёроолын бүх талбайн 69 хувь нь 100 метрээс илүү гүн бол зөвхөн 15 хувийг 0-50 м гүн эзэлдэг байна. Цутгал голуудын садраа, булангаас бусад эргийн зурваст нуурын ёроолын хажуу маш эгц учраас эргээс 1-2 км-т усны гүн даруй 100-200 м болно
3. ХАР УС НУУР
Талбайн хэмжээгээрээ Их нууруудын хотгорын бүлэг нуурууд дотор Увсын дараа 2-рт, улсын хэмжээнд 3-рт орно. Уг нуур нь эртний тектоник хотгорт тогтсон боловч геологийн удаан хугацааны турш ширгэж татарснаас эргийн байдал налуу талархаг байдалтай болсны дээр эргийн зурваст зэгс шигүү ургаж намагжсан байна.
Хар ус нуур нь усны хагалбар уулсаас хол, зөвхөн нуурын зүүн урд талаас нутгийнхан “Талын даваа” гэж нэрлэдэг Жаргалант Хайрхан уулын шувтрах үзүүр уснаа түрж хадан гацаа үүсгэнэ. Нуурын эргийн шугамын урт нь 306.8 км болно. Энэ нуур нь Их нууруудын хотгорт орших бусад нууруудаас нилээн өндөрт оршдог цэнгэг устай урсгал нуур юм.
Нуур хамгийн урт хэсэгтээ 72.2 км, хамгийн өргөн хэсэгтээ 26.2 км хүрэх ба дундажаар 25.8 км өргөн. Хар ус нуур хэдийгээр том талбайтай боловч маш гүехэн, дундажаар 2-3 м гүнтэй.
Хар ус нуурын усны нөөц, эзэлхүүн бага 3.4 шоо км.
4.ХЯРГАС НУУР
Хяргас нуур гүн, эзэлхүүнээрээ Их нууруудын хөндийн хамгийн гүн, их устай нуур юм. 66 сая м3 эзэлхүүнтэй усны нөөцөөрөө Хөвсгөл нуурын дараа хоёрт, эрдэст нуурууд дотроо нэгдүгээрт, талбайн хувьд улсын хэмжээнд дөрөвдүгээрт, эрдэст нуурууд дотро Увс нуурын дараа хоёрдугаарт орно. Нуурын эргээс ялимгүй дотогшлоход усны гүн 40-50 м болно. Нуурын хамгийн урт 75 км, хамгийн өргөн хэсэгтээ 31 км, дундаж өргөн нь 19 км. Хяргас нуур тектоник хотгорт тогтсон учраас эргийн шугам нь их хэрчигдсэн, нийтдээ 253.2 км урт эргийн шугамтай.
Монгол Алтай, Хангай нуруунаас усжин Их нууруудын хотгорт ирэх бүх голууд Айраг нуураар дамжин Хяргас нуурт усаа юүлдэг. Нууруудын хотгор болон эрэг хөвөө нь жинхэнэ цөлөрхөг байдалтай тул өвс ургамал тачир нийтдээ элс хайрга чулуугаар хучигдана.
5. БУЙР НУУР
Монгол орны зүүн хэсгийн хамгийн том нуур болох Буйр нуур нь гарал үүслийн хувьд тектоникийн гаралтай боловч геологийн түүхэн хугацаанд эргийн хэв шинж нь ихээхэн өөрчлөгдсөн ажээ. Нуурын дундаж гүн 6 м, нийт талбайн 30 хувийг 8 метрээс илүү гүн эзлэнэ. Нуурын ёроол нь тэгш гадаргатай, гүехэн учир усны нөөц үлэмж бага юм. Буйр нуур нь манай орны 5 дахь том нуур бөгөөд 40 км урт, 21 к¬м өргөн, 118 км урт эргийн шугамтай.
Нуурын түвшний хэлбэлзэл жилд унах хур тунадас, цутгал голын урсцаас шалтгаалдаг. Буйр нуурын үндсэн тэжээл нь түүний зүүн хойноос цутгах Халх гол юм. Илүүдэл усаа Оршуун голоор дамжуулан Далай нуурт өгдөг.
6. ХАР НУУР
Хар нуур хамгийн урт хэсэгтээ 36.8 км, хамгийн өргөн хэсэгтээ 23.6 км, дундажаар 15.7 км өргөн юм. Хамгийн гүн нь төвдөө 6.6 м хүрэх ба дундажаар 4.2 м гүн, усны нөөц нь 2.422 шоо км болно. Нуурын ус цуглуулах талбай 72000 ам.дөр.км.
Хар нуурт Хар-Ус нуурын илүүдэл ус Чоно Харайхын голоор ирж, өөрийн илүүдэл усаа ууршуулахын хамт нэг хэсгийг нь Хомын хоолойгоор Дөргөн нуурт, нөгөө хэсгийг нь Татхан Тээлийн голоор Завхан голд өгдөг учраас цэнгэг устай урсгал нуур болно. Хар нуураас гадагш урсах 12 кило¬метр урт Татхан-Тээлийн гол зөвхөн Хар нуурын илүүдэл усыг төдийгүй Хар-Ус нуур болон Ховд голын системд хамрагдах Монгол Алтайн бүх гол горхи нуурын усыг Хяргас нууранд дамжуулах цорын ганц суваг юм.
7. ДӨРГӨН НУУР
Дөргөн нуур нь Их нууруудын хотгорын бүлэг нууруудын дунд талбайгаараа бага боловч гүнээрээ Хяргас нуурын дараа орно. Хамгийн гүнзгий зүүн хэсэгтээ 27 м, дундаж гүн нь 14.3 м хүрнэ. Нуурын 10 хувийг 0-4 м гүн, 20 гаруй хувийг 20 м-ээс илүү гүн эзэлнэ.
Усны эзлэхүүн нь 4.367 шоо километр байгаа нь Хар-Ус, Хар нуураас хавьгүй илүү юм. Нуур хамгийн өргөн хэсэгтээ 16.8 км, хамгийн урт газраа 24 км бөгөөд дундажаар 12.7 км өргөн. Зөвхөн Хомийн хоолой, Ногоон нуурын зах, Мэргэний шанаа хавьд бага хэмжээний нишингэ шигүү ургана.
Дөргөн нуурт арал хойг, булан тохой байхгүй, эргийн шугам бага хэрчигдсэн 79.1 км урт эргийн шугамтай.
8. АЧИТ НУУР
Ачит нуур нь манай орны баруун хэсэгт Баян-Өлгий, Увс аймгийн заагт орших тектоник гаралтай цэнгэг уст нуур юм. Нуурын орчимд мөнх цаст өндөр уулсаас эхлээд чийглэг нуга, хээржүү цөл, хуурай хээр, уулын хээр, уулын ойт хээр, тагийн зэрэг байгалийн бүс, бүслүүрүүд зэрэгцэн орших нэн сонирхолтой юм. Ачит нуур (манай орны 8 дахь том нуур) талбайн хувьд том хэдий ч тэгш ёроолтой, гүехэн устай.
Талбайн 54 хувийг 2 м гүн, 30 хувийг 3 м гүн, 3 хувийг 4-5 м гүн тус тус эзэлнэ. Усны дундаж гүн 2.3 м болно. Тиймээс усны эзэлхүүн бага 665 сая м3. Ачит нуур 24 км урт, 18 км өргөн, 99 км урт эргийн шугамтай. Нуурын ёроолд хүхэр, устөрөгчийн үнэртэй хар бараан лаг, ялзмаг шавар, зах хэсэгтээ элс тархана. Ачит нуурын усны тунгалагшил харьцангуй бага, эрэг орчимдоо 2 метрээс үл хэтэрнэ.
Ачит нуур 10500 хавтгай дөрвөлжин километр талбайгаас усжина. Монгол Алтайн нурууны томоохон салбар болох Сийлхэм, Түргэний нурууны хур цас, мөсөн голоос эх авч урсах Цагааннуур, Хатуу, Бөх мөрөн, Алтангадас, Улиастай зэрэг хэд хэдэн гол горхийн усаар тэжээгдэж, илүүдэл усаа “Усан хоолой” нэртэй ганц голоор Ховд голд өгнө.
9. БӨӨНЦАГААН НУУР
Хангайн нурууны өвөр, Говь-Алтайн нурууны араар баруун хойноос зүүн урагшаа сунаж тогтсон тектоник гаралтай томоохон буурц хотгор оршдогийг Оросын нэрт эрдэмтэн М.В.Певцов “Нууруудын хөндий” гэж нэрлэсэн байдаг. Энэ хөндийд орших бүлэг нуурын хамгийн том нь Баацагаан сумын төвөөс баруун тийш 16 км-т орших Бөөнцагаан нуур юм.
Нуур хамгийн урт хэсэгтээ 24 км, өргөн хэсэгтээ 19 км, эзэлхүүн нь 2385 сая м3 юм. Нуурын дундаж гүн 9.9 м бөгөөд нийт талбайн 70 хувь, эзэлхүүний 46 хувийг 6 метрын гүн, 37 хувийг 12 метрийн гүн тус тус эзэлдэг. Нуурын ёроол жигд тэгш, лаг, наанги шавартай, эрэг хавиараа том, жижиг мөхлөгт элс, гүехэн булан тохойдоо ургамал ургасан байна.
Ус хураах сав газрын талбай 33500 хавтгай дөрвөлжин километр. Хур тунадас, гадаргын ба гүний урсацаар тэжээгддэг. Нуурын зүүн хойд хэсгээс Байдраг гол цутгана.
10. ҮҮРЭГ НУУР
Түргэн, Цагаан шувуут, Байрам, Мөнгөн Тайга зэрэг Алтайн сүрлэг уулсаар хүрээлэгдэн орших Үүрэг нуур нь тектоник гаралтай битүү хотгорт тогтсон манай орны томоохон давстай нуур юм.
Үүрэг нуур 19.5 км урт, 18 км өргөн, 65.5 км урт эргийн шугамтай. Нуурын нийт талбайн 82 хувийг 12 м, 69 хувийг 20 м, 51 хувийг 32 метрээс илүү гүн тус тус эзэлнэ. Нуурын төв хэсэгт гүн нь 42 м хүрдэг. Усны эзэлхүүн нь 6.4 шоо км бөгөөд усны нөөцийн хувьд Хөвсгөл, Хяргас нууруудын дараа гуравдугаарт орох бол гүнээрээ 7-рт, талбайн хэмжээгээрээ 10-рт орно.
Нуурын ус хураах талбайн хэмжээ 3360 хав.дөр.км бөгөөд Цагаан шувуут, Цагдуул, Хариг зэрэг хэд, хэдэн гол горхи цутгах боловч олонхи нь түр зуурын урсгалтай. Байнгын урсацтай томоохон цутгал нь Улсын хилийн цаанаас эх авч урсан, нуурын баруун хойноос цутгах Харигийн гол юм.
Эх сурвалж: Д.Батболд “Монгол орны байгалийн гайхамшиг” УБ 2015 он
Ж.Цэрэнсодном “Нуурын катлог/цэс/” УБ 2000 он
Бэлтгэсэн: Д.Золзаяа
mongolcom.mn