Усан онгоцны ослоор амь үрэгдэгсэд нэмэгдсээр байна

Twitter Print
2014 оны 04-р сар 21-нд 21:15 цагт
Мэдээний зураг,
“Sewol” хөлөг онгоц осолдож далайн гүнд живснээс хойш өнгөрсөн бүтэн сайн өдөр анх удаа хөлгийн дотроос арав гаруй хүний цогцос гаргаж авсанаас хойш ослын талбарт ажиллаж байгаа Далайн эргийн хамгаалалтын албаны болон Тэнгисийн цэргийн аврагчид нэмж цогцос гаргасаар одоогийн байдлаар 96 хүн нас барж, 200 гаруй хүн сураггүй алга болсон хэвээр байна гэсэн тооцоо гараад байна. Байдал нэгэнт ийм болсон тул одоо сураггүй алга бологсод амьд байх найдлага ор тас тасраад байна.

Харин усан онгоцондоо цогцос нь үлдсэн үү, задгай далайд хаягдаад алга болсон уу гэдэг эцэг эхчүүд болон аврагчдийн сэтгэлийг зовоож байна. Үхсэн амьд алин боловч үр хүүхдийнхээ барааг нь харах гэсэн олон зуун эцэг эх, төрөл төрөгсөд энэ өдрүүдэд ёстой л шар махтайгаа хатаж, зарим нь эмнэлэгт хүргэгдэж байгаа мэдээ байна. Эцэг эхчүүдийн хувьд цогцос таниулах ажиллагаа хамгийн хүндээр тусч байгаа аж.  

Ням гарагийн өглөө осолдсон хүмүүсийн түрүүч болох Сөүлийн ойролцоох Данвон Ахлах сургуулийн 17 настай 3 сурагч, 2 багшийг оршуулах ажиллагаа болсон байна. Цогцос нь олдсон болон сураггүй алга болсон хүүхдүүд бараг бүгд энэ сургуулийн сурагчид аж. 

6,825 тонн жинтэй тус усан онгоц өнгөрсөн Лхагва гарагт Чэжү арал орох замдаа осолдсон бөгөөд усан онгоцонд Сөүлийн ойролцоох хотын ахлах сургуулийн сурагчид голдуу 476 хүн зорчиж явжээ. Тэд бүгд 16-17 насныхан байсан байна. Зорчигчдоос 174 хүн амь аврагдаад байгаа бөгөөд сургуулийн дэд захирал аврагдсаныхаа дараа, өнгөрсөн Баасан гарагт аялах ажиллагааг зохион байгуулсандаа өөрийгөө буруутгаж амиа хорлож нас барсан юм. Тэрээр гэрээслэлдээ "намайг чандарлаад онгоц оосолдсон газар цацаарай, хойд насандаа багш болж хайртай хүүхдүүддээ хичээл заах болно" гэж бичжээ. Тэрээх 52 настай байсан бөгөөд өнгөрсөн 3-р сард сургуулийнхаа дэд захирлаар томилогдсон байжээ.

Далайн давалгаа ихсэж, бороо орж байгаа, мөн усан дотор үзэгдэх байдал маш муу байгаа зэргээс шалтгаалан аврах ажиллагаа амжилт муутай байгаа ч аль болох цаг алдалгүй хүмүүсийг гаргаж авахын тулд 560 шумбагч ээлжлэн далайн гүн руу шумбаж байгаа бол 204 Тэнгисийн цэргийн болон Далайн эргийн албаны усан онгоцууд, 34 нисэх онгоц аврах ажиллагаанд оролцож байна. Сүүлийн өдрүүдэд цаг агаар харьцангуй сайн байсан ч далайн ус маш хүйтэн, давалгаа 0.5-1 мерт өндөр байгаа юм байна.

Осол гарсан цэг нь Мугпо, Чежү мөн Инчон, Чэжү арлын чиглэлийн хөлөг онгоц чиглэлээ өөрчлөх ёстой цэг аж. Харин “Sewol” хөлөг онгоц тухайн цэг дээрээс алгуурхан чиглэлээ өөрчлөх ёстой байтал хэт огцом эргэлт хийсэн байна. Үүний улмаас онгоцонд ачиж явсан 180 машин болон чингэлэг зэрэг нийт 1157 тонн ачаа онгоцны нэг тал руу ханарч, онгоц хүндийн төвөө алдсан байна. Одоогоор БНСУ-ын холбогдох албанаас 69 настай хөлөг онгоцны ахмад Lee Joon-seok болон багийн 2 гишүүнийг баривчлан шалгаж, байцаалт авснаар ослын шалтгааныг дээрх байдлаар тодорхойлоод байгаа аж. Тэднийг ажлын хариуцлага алдсан, далайн хуулийг зөрчсөн гэсэн үндэслэлээр шалгаж байна. Хөлөг онгоц живэх үед туршлагагүй, багийн 3-р гишүүн залуурыг залж явсан бөгөөд түүнийг урд нь олон тооны алдаа гаргаж байсан тухай сонингууд мэдээлж эхэлжээ. 

Осолдсон хүмүүсийн ар гэрийнхэн аврах ажиллагаа удааширч, онгоц осолдоод 6 хонож байхад хүмүүсийг гаргаж чадахгүй байгаад Засгийн газрыг буруутгаж, бухимдацгааж байна. Үр хүүхдийнхээ сургийг гаргаж чадахгүй байгаа эцэг эхчүүдийн сэтгэл санаа маш хүнд байна. Мөн усан онгоцны аялал эхлэхээс өмнөх видео бичлэгийг үзүүлсэн бөгөөд хүүхдүүдээ усан онгоцонд баях хөөртэйгөөр сууж байгаа дүрс бичлэгийг харсан эцэг эхчүүд зарим нь ухаан алдаж эмнэлэгт хүргэгдсэн байна. 

Мөн осол болсоны дараахан хүүхдүүдийн аав, ээждээ хандан бичсэн гэх мессэж олон нийтийн элгийг эмтэлж байна. Нэг хүү "Ээж ээ, энэ үгийг дахиж танд хэлж чадахгүй байж магадгүй. Хүү нь тандаа хайртай" гэсэн бол нэгэн охин "Аав аа, би амьд байна, намайг авраач" гэсэн байжээ. 

Үр хүүхдээ үхсэн амьд алин боловч барааг нь харах гэсэн эцэг эхчүүд Жинду арлын далайн эрэг дээр 7 дэхь өдрөө зовж шаналан өнгөрөөж байна.  

Сэтгүүлч Ц.Мөнхбаяр

E-mail: tsmunkhbayar@yahoo.com 
Утас: 76110303, 76110505

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочин

      (103.26.194.2) 2014-04-20 22:16
      • 0
      • 0

      Ямар хэцүү юм бэ. Хүлээж хүлээж ийм муу мэдээ дуулах. Солонгос чинь мундаг хөгжилтэй гээд байдаг далай бол далай л байдаг юм байна даа. Ямар их азаар Монго улсдаа төрөө вэ л гэж бодох юм. Яана даа, хөөрхий хүүхдүүд, хөөрхий аав ээжүүд.

      Хариулах