Дуусан амьдраагүй С.Зориг

2017 оны 04-р сар 20-нд 11:00 цагт
Мэдээний зураг,

Ардчилсан хөдөлгөөний анхдагчдын нэг, Монгол Улсад ардчилсан төр засгийг үүсгэн байгуулагч, төр нийгмийн нэрт зүтгэлтэн Санжаасүрэнгийн Зориг агсны мэндэлсэн өдөр тохиож байна. Тэрбээр өнөөдөр 55 нас хүрэх байлаа. Тэрээр 1998 оны аравдугаар сарын 02-ны өдөр буюу цэл залуухан, ид хийж бүтээх 36 насандаа бусдын гарт зэрлэгээр амиа алдсан билээ.

С.Зориг 1962 оны дөрөвдүгээр сарын 20-ны өдөр Нийслэлийн нэгдүгээр амаржих газарт Монголын дээд боловсролын салбарын томоохон зүтгэлтний нэгэн МУИС-ын декан, Боловсролын яамны орлогч сайдын алба хашиж явсан Санжаасүрэн, манай анхны их эмч нарын нэг Доржпалам нарын хоёр дахь хүү нь болон хорвоод мэндэлсэн тэр ёстой л үүлэн чөлөөний наран шиг үзэгдээд өнгөрөхдөө ховорхон гайхамшигтай амьдарч, элэг эмтрэм даанч харамсалтайгаар нартаас буцах хувь заяатай нэгэн байж, хөөрхий.  

Социализм, коммунизмыг байгуулж, гэрэлт ирээдүйд хүрэхэд тун ойрхон байна гэсээр 70 жил нэг намын үзэл суртлын боол болж, дэлхийгээс тусгаарлагдсан Монголчуудыг чухамхүү 1990 оны Цагаан морин жилийн Ардчилсан хувьсгал “Хонхны дуу”-гаар сэрээхэд С.Зориг агсан тэргүүн эгнээнд нь явж ард түмнээ удирдсан билээ. Түүнд төрөлхийн нэгэн гайхамшигтай чанар, чадвар байсан нь ямар ч үед олон түмнийг араасаа дагуулах хувь хүний давтагдашгүй ухаалаг энгийн зан, аядуу зөөлөн хэрнээ хэрэгтэй цагт хамгийн зөв гарц олдог удирдан манлайлагчийн байгалиас заяасан сэтгэлгээний хурд нь  байлаа.

Тэр 36-хан наслахдаа бусдын л адил алдаж онож, амьдралын их эргүүлэгт нухлуулж, бас сөрөн тэмцсээр ялаад гарч явсан эгэл жирийн сайхан эр хүн байлаа. Тэр яах аргагүй ардчилсан хувьсгалын удирдагч байсан ч олон зүйл дээр алдаж эндэж, будилж төөрөлдөж явсан түүх нь үлджээ.

1990 оны зургадугаар сард Монголд анх удаа явагдсан чөлөөт сонгуулиар Улсын Бага Хуралд сонгогдож, Дэд ерөнхийлөгчийн албан тушаалд АН-аас нэр дэвшсэн боловч хөдөөнөөс сонгогдсон Ардын Их Хурлын депутатуудад таалагдах үг хэлж, тэдний өмнө өөрийгөө рекламдаж чадаагүй даруу зангийнхаа уршгаар тэр албанд нь Р.Гончигдорж сонгогдож байсан түүхтэй. Ер нь тэр ямар ч баггүй, илүү дутуу заль мэх сураагүй төрөлх зангаараа амьдарсаар маш их боломж, илүү эрх мэдэл, эд баялагт хүрэх замаа өөрийн гараар үгүй хийсэн байдаг. Амьд ахуйдаа хашиж явсан хамгийн дуртай сонгуульт ажил нь Монголын шатрын холбооны ерөнхийлөгчийн алба л байсан гэдэг.

Өрөөтэй шатар барьсаар Саарал ордны хонгилоор өрөөнөөс өрөө дамжиж явахдаа “С.Зоригт шатар тоглохоос өөр ажил алга” хэмээн өнөөдрийн  төрийн түшээ нэгний хэл амны байнгын бай болдог байв. “Амьдын зол, үхсэний хохь”-оо гэж. С.Зоригийг ажил хийдэггүй, залхуу, хэнэггүйгээр нь дуудаж байсан тэр эрхэм түүний аймшигт хар үхлээс хойшхи өнгөрсөн 16 жилд чухам ямар ажил хийж Монгол Улсад гавьяа байгуулсан бол?

“Би Монгол хүний саруул ухаанд итгэдэг” гэж хэлэх дуртай энэ эгэлхэн эр 36-хан насаа шатар нүүж, “Стюардесса” тамхиа баагиулсаар хааяа нэг сэтгэл, яриа нийлдэг нөхөдтэйгөө биллярд цохиж 100 грамм виски татсан шиг өнгөрүүлэхдээ монголын нялх Ардчиллыг бэхжүүлэх, Монгол хүний үнэлэмжийг өсгөхөд хувь хүнийхээ түүхэн үүргийг гүйцэтгэсэн юм.

1998 оны зургадугаар сард эрх баригч АН олонхиороо түрий барьж Сэргээн Босголт банкийг хувийн Голомт банктай нэгтгэсэн нь сөрөг хүчний шүүмжлэлтэй тулгарч Ц.Элбэгдоржийн Засгийн газар унасан түүхтэй. Тэр үеийн Ерөнхийлөгч Н.Багабанди АН-аас Ерөнхий сайдад нэр дэвшүүлсэн болгоныг янз бүрийн шалтгаанаар буцаасаар УИХ хуульд заасан хугацаанд Ерөнхий сайдаа томилж чадаагүй. Ц.Элбэгдоржийн Засгийн газар үүрэг гүйцэтгэгч нэртэйгээр дөрвөн сар ажиллаж байсан тэр л үед буюу 1998 оны 10-р сарын 2-ны шөнө С.Зориг бусдын гарт зэрлэгээр хөнөөгдсөн билээ. Чухамдаа хоёр гуравхан хоног амьд байсан бол Монгол Улсын дараагийн Ерөнхий сайд болж Ц.Элбэгдоржоос төрийн тамга хүлээн авах өндөр их хувь заяа яалт ч үгүй түүнийг хүлээж байлаа.

Тэр үеийн эрх баригч эвслийнхэн буюу Ардчилсан хүчнээс нэрийг нь Ерөнхий сайдад өргөн мэдүүлж, Ерөнхийлөгч Н.Багабандитай зөвшилцөх гэж байсан түүхэн эгзэгтэй мөчид  амь насыг нь туйлын хорсолтойгоор хөнөөсөн нь гарцаагүй улс төрийн аллага байснаас зайлахгүй.

Монголын Ардчилсан хувьсгалын удирдагч С.Зориг Ерөнхий сайд, цаашлаад Монгол Улсын Ерөнхийлөгч болох хамгийн боломжтой, ард түмэндээ танигдаж хүндлэгдсэн манлай удирдагч байсан. Түүнийг алдсанааараа Монголын ард түмэн нөхөж баршгүй гарз хохирол хүлээж тэр аймшигт төлөөсийг өнөөдрийн энэ их авилга хээл хахууль, улсаа худалдсан урвагчдын гай балгаар үүрч, түүний орон зай ханхайсаар л байна.

Дэлхийд гайхагдсан асар их эрдэнэс баялагтай Оюутолгойн ордыг хэдхэн урвагч хэдэн үеэрээ идэж барахгүй хээл хахуулиар тавьж туугаад гадныхан эзэн суучихлаа.

Залгуулаад Монголын ард түмнийг хэдэн зуунаар тэжээх асар их нөөцтэй Тавантолгойн нүүрсний ордыг өнөөдөр ч зөвхөн урьдчилаад зээлж аваад идчихсэн өр төлөх байдлаар урагш нь зөөсөөр л байгаа.

Улс эх орноо, хүн ардтай нь худалдсан өнөөдрийн эрх баригчдын дунд Ардчилсан хувьсгалын удирдагч, Монгол эх орондоо чин хайртай С.Зориг агсаны орон зай ямар их үгүйлэгдэнэ вэ. Түүний амь насыг захиалга өгч зэрлэгээр хөнөөлгөсөн, хөнөөлцсөн алуурчид өнөөдөр ял шийтгэл эдлэх нь байтугай гэмгүй царайлчихаад, хилсээр нялх хүүхэд, насанд хүрээгүй шоронгийн хоригдлыг амь насыг нь бүрэлгэсэн болгож тодруулчихаад, эрх мэдлийн халхавчин дор харийн тонуулчдад эх орноо худалдаж, урвасан хулгайч нүүрээ  авилга хээл хахуулийн  зунгааралдсан тороор битүүлэн нуучихаад  мярайн гэтэж явна.

Хээл хахууль, бузар булхай болгон нь удахгүй сад тавин дэлбэ үсрэх өнөөдрийн Монголын арчаагүй улстөр задран унахад С.Зориг таны амь насыг зэрлэгээр хөнөөсөн аймшигт аллагын эздүүд тодорч, шудрага шүүхийн өмнө бузар нүглээ үүрэх нь гарцаагүй.

С.Зориггүй 19 хавар, 19 намрыг Монголчууд туулж л явна. Ухаангүй ноёдод маань улс эх орныхоо амин чухал язгуур эрх ашгийг эн тэргүүнд тавьж, Монгол Улс орших уу, эс орших уу гэсэн аймшигт асуултанд ард түмнийхээ өмнөөс чин шудрагаар хариулах улс төрчийн эр Зориг алга. Тэдэнд ичих нүүр, харамсах зүйл байхгүй. Яагаад гэвэл тэдний Оюутолгойн Канад эздээс авсан хээл хахууль нь хэдэн үеэрээ идэхэд элбэг хүрэлцэнэ. Тэдний зарим нь АНУ-ын Вашингтон муж улсад байх тансаг харшийнхаа цэцэрлэгийг услаад зогсож байгаа нь цацагдсан. Тэр этгээдийн араас Монголоос зугтан гарах дараагийн хулгайчид бэлтгэлээ базааз байж ч болзошгүй. Тэдгээр урвагч, хулгайчдыг хожмын өдөр ард түмний шудрага шүүхийн өмнө ял шийтгэлээ хүлээхэд С.Зориг та дээд тэнгэрээсээ харж сүнсээ амирлуулаарай.

С.Зориггүй 19 жил иймэрхүү л байна даа.

Д.Энхтүвшин, mongolcom.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • зочин

      (123.2.157.38) 2017-01-01 19:15
      • 0
      • 0

      Монголын ард түмний хайртай хүү ард түмний сэтгэл зүрхэнд үүрд орших болно.

      Хариулах

    • Зочин

      (103.229.123.252) 2016-10-02 16:41
      • 0
      • 0

      Ивий ивий.

      Хариулах