Хүчтэй төрийн үндэс Хүчирхэг иргэн

Twitter Print
2019 оны 12-р сар 01-нд 16:35 цагт
Мэдээний зураг,

(Өчигдөр буюу 11-р сарын 30-нд АТГ-аас “Авилгын эсрэг” сэдвээр зохион байгуулсан хуралд хэлсэн үгийнхээ товчыг хүргэж байна)

Ард түмнийхээ аз жаргалтай, амгалан тайван амьдралын төлөө, авилгагүй шударга нийгмийг байгуулахын төлөө тууштай, зөв бодлого баримтлан хэрэгжүүлдэг хүчтэй төр засагтай улс орон дэлхийд олон байна. Эдгээр улс орны амжилтын үндэс юу вэ? Төлөвшсөн улс төр, ухаалаг зөв бодлого, боловсролын түвшин, эрүүл мэндийн тогтолцоо ... гээд олон шалтгааныг дурдаж болох байх. Гэхдээ, миний бодлоор, ХҮЧТЭЙ ТӨР ЗАСАГ-ийн үндсийн үндэс нь ХҮЧИРХЭГ ИРГЭН гэж боддог.

Иргэн гэж хэн бэ?

Монгол хүн хүнийхээ хувьд, маш хүчтэй. Бие бялдрын хувьд ч, оюун ухааны хувьд ч хүчтэй. 3-хан сая хүн амтай Монгол улсын төлөөлөл 30 сая хүнтэй, 300 сая хүн амтай улс орны тамирчинтай уралдаад, тулалдаад дэлхийн аварга болж байна, оюун ухаанаар ч дэлхийн рекорд тогтоож байна. Гэтэл Монгол хүн иргэнийхээ хувьд ямар вэ, шуудхан хэлэхэд, үнэхээр сул дорой.

Тэгэхээр, иргэн гэж хэн бэ? Товчхон хэлэхэд, нийгэм нийтээрээ хамтран аж төрөх нөхцөлд “өөрийгөө мартаж” өрөөлийн эрх ашгийг ч хүндэтгэн, нийтийн өмнө хүлээсэн үүргээ ямагт биелүүлдэг хүнийг хэлнэ. Хүчирхэг иргэдтэй нийгэмд авилгачдын, хулгайч дээрэмчдийн гишгэх газар үргэлж хумигдаж байдаг. Хүчирхэг иргэдтэй нийгэмд шинжлэх ухаан технологи хөгжинө, эдийн засаг бизнес голдрилоороо явна, хүчирхэг иргэдтэй нийгэм улс төрчдийг хянаж чаддаг... гээд үргэлжлүүлээд хэлээд байвал их юм бий.

Тодорхой жишээнд дээр ярьвал илүү ойлгомжтой болох байх. Би япон хэлний мэргэжилтэн хүн, Японоос их жишээ татдаг. Японы хөгжлөөс, Япончуудын ёс зүйгээс жишээ их татдаг. Гэхдээ, Японд бүх юм дээд зэргийн сайхан, санаа зовох юм огт байхгүй, гэмт хэрэг байхгүй болсон, авилга байхгүй болсон гэсэн үг биш. Гэмт хэрэг, авилга байж л байгаа. Харин, Японд улс төр харьцангуй төлөвшсөн, иргэд үүргээ дээд зэргээр ухамсарласан, нийгмийн үйл хэрэгт оролцох иргэдийн оролцоо өндөр түвшинд хүрсэн байдаг. 1995 оны 3-р сард нэгэн шашны байгууллагынхан Токиогийн метронд хорт хий тавьсан террорист үйл ажиллагаа болсон. 10 гаруй хүн амь насаа алдсан, 6 мянга гаруй хүн их бага хэмжээгээр хордсон аймшигт үйл явдал болсон. Энэ ажиллагааг зохион байгуулагчид хорт хий үүсгэгч материалыг хуучин сонинд боогоод, метронд тавьчихсан байсан гэдэг. Тэр үед метрогоор зорчигчид уншиж дууссан сонин сэтгүүлээ метронд суудлын дээрх тавиурт тавьчихаад явчихдаг байсан. Тийм учраас тухайн үед хорт хий үүсгэгчийг хуучин сонинд боогоод тавьчихсан байсныг хэн ч анзаараагүй байжээ. Энэ үйл явдлын дараа “хуучин сонин сэтгүүлийг заавал хогийн саван хаяая, эсвэл өөрсдөө авч явцгааж байя” гэсэн уриалга гарсан, тэр даруйд хүмүүс энэ уриалгыг хэрэгжүүлж эхэлсэн, тэр үеэс ганц ч хуучин сонин сэтгүүлийг метронд хаяахаа больсон. Ердийн л тохиолдол мэт боловч Иргэний үүргээ ягштал биелүүлж байгаа байдал! Зохион байгуулалт, сахилга бат, иргэн хүний ухамсар эндээс харагдаж байна.

Дундаж япон хүн дундаж монгол хүнээс бие бялдарын хувьд доогуур үзүүлэлттэй байх, магадгүй, эрдэм мэдлэгийн хувьд ч гэсэн хол зөрүүгүй байж мэднэ шүү, гэхдээ, иргэнийхээ хувьд япон хүн монгол хүнээс хамаагүй хүчтэй. Хүчирхэг иргэнтэй Япон улс хүчирхэг байгаа юм л даа. Хүчирхэг иргэн хүн мөнхөд хүчирхэг байхгүй, тэгэхээр, байнга сануулж, ухуулж, төлөвшүүлж байдаг.... иймэрхүү ажил зогсолтгүй явагддаг... жишээ нь, гэмт хэрэг гармагц л зар явдаг... танай хотод ийм явдал болсон байна, ийм хүнийг хайж байна .... гэх мэт... метро олон нийтийн газар байнга зар явж байдаг... сэжигтэй хог сав боодол, элдэв юм харагдвал хариуцсан хүнд нь мэдэгдэнэ үү... гэх мэтээр зар бол залхмаар их явдаг.... одоо бодож байхад ингэж байж л хүнийг өөрчилдөг юм байна, бурангуй бүхэнтэй тэмцдэг юм байна, гэж бодогдож байна л даа...

Яагаад монгол хүн иргэнийхээ хувьд сул дорой байгаа вэ? Нийгмийн үйл хэрэгт иргэдийн оролцоо яагаад муу байна вэ? Иргэд үүргээ биелүүлэхгүй байгаа шалтгаан юунд байна вэ? Нүүдэлчдийн амьдралын хэв маяг.... айл гэр ганц нэгээрээ амьдардаг... Зөвхөн өөрийгөө боддог, хатуу ширүүн байгальтай “тэмцэж” амьдардаг учир уулын цаана байгаа айлын асуудал өөрт хамаагүй болчихдог. Гэтэл нийтээрээ амьдрах үед заавал нэг нэгнийхээ, хөршийнхөө эрх ашгийг бодолцохоос өөр аргагүй байдаг.... гэх мэт шалтгаануудыг хэлж болно.

Бидний явж ирсэн зам... социализм... бүх зүйлийг төрд даатгадаг байсан... хүмүүс дуугүй л ажлаа хийдэг... иргэдийг их мохоодог байсан... идэвхгүй болгодог байжээ... Аман дээрээ иргэн хүнийг дээдэлдэг, магтан дуулдаг байсан ч ачир дээрээ иргэн байсангүй.

Тэгвэл, өнөөдөр бид социализмын уламжлалаа үргэлжлүүлж л байна. Төр засаг нь их юм амлаж байна, иргэдийн бие даасан байдлыг алдагдуулж байна, иргэдийг өөртөө шаардлага тавих, өөрийгөө дайчлах боломжийг бий болгохгүй байна, идэвхгүй болгож байна... Иргэдийг үнэн сэтгэлээсээ нийгмийн үйл хэрэгт оролцох орчинг бий болгохгүй байна... Хүчирхэг биш, сул дорой иргэдийг бий болгож байна... Иргэдийг төлөвшүүлэх, аливаа нийгмийн үйл хэрэгт оролцох идэвхийг нь сайжруулах биш, бүр эсрэгээр нь, хий сүржигнэх, популизм хийх, “авилгачид олигархиудыг намная” гэх мэтээр сүржигнэн, иргэдийг гол зүйлээс нь холдуулаад байна. Иргэний нийгэм гэдгийг жагсах, шаардах төдийхнөөр ойлгож байна... Хамгийн гол нь, иргэд өөрсдөө ИРГЭН болохын төлөө тэмцэхгүй байна. Санал санаачилгууд гарч байгаа ч дэмжлэг авахгүй байна.

Ийм шалтгаануудаар өнөөдөр монгол хүн нийгмийн идэвх гэдэг утгаараа хэтэрхий хойрго, идэвхгүй байсаар байна. Үргэлж л бусдаас алдаа хайдаг, өөрсдийнх нь өмнөөс өөр хүн асуудлыг шийдэх ёстой юм шигээр боддог болчихсон байна. Монгол хүн иргэнийхээ хувьд сул дорой байсаар байна.

Цаашид яах ёстой вэ, юу хийх ёстой вэ?

Үүнд нэг үгээр хариу өгөхөд хэцүү. Нийгмийг хамарсан өргөн хүрээнд иргэдийг идэвхжүүлэх ажил хийх ёстой, Монгол хүнийг иргэнийх нь хувьд өөрчлөх хэрэгтэй байна. Монголын улс төрийн төлөвшил, иргэний төлөвшил, боловсролын салбар, гэр бүлийн орчин, гэх мэт олон талыг хамарсан цогц ажил хийх шаардлагатай. Дан ганц АТГ соён гэгээрүүлэх ажил хийгээд барахгүй... “Таны төлөө би зүтгэе” гэсэн худлаа лоозонгоосоо татгалзаад “Иргэн хүн таны хичээл зүтгэлээс эх орны хөгжил хамаарна”, “Иргэн таны хувь заяа таны гарт байна” гэх мэт үнэн үгийг хэлэх хэрэгтэй байна. Улс төрчид түмпэн сав, түлээ нүүрс тарааж Монголчуудыг сул дорой болгож “хорлохоо” зогсоомоор байна. Улс төрчдийн амыг харж, маргааш сайхан болохыг хүлээх хэрэггүй гэдгийг амьдрал бидэнд харуулсаар байна. Дор бүрнээ, ажил дээрээ, гэр орондоо ч “би яах ёстой вэ, би юу чадах вэ” гэж бодож, сэтгэх хэрэгтэй болжээ.

Хүндрэл бэрхшээл байгаа ч гэсэн хүчирхэг иргэнийг төлөвшүүлэх хөрс суурь Монголд бий гэдэгт би эргэлзэхгүй байна... Нийгэм нийтээрээ зүтгэх л хэрэгтэй. (Нарийн судалгаан дээр тулгуурлаж бичсэн илтгэл биш өөрийн бодлоо шууд ярьснаа товчлон сийрүүлсэн болохыг анхаарна уу. Таны бодол минийхээс өөр байж болно)

Япон судлаач Д.Төмөрбаатар

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.