Бөх сонирхогчид өнөө аймгийн заан М.Лхагвагэрэл хэнтэй яаж барилдаж байна гэж тогтож харах боллоо...

Twitter Print
2020 оны 01-р сар 13-нд 10:37 цагт
Мэдээний зураг,

ХАЙЖ ХАРАХААР ЗАЛУУ БӨХ ТОДОРЛОО, ЯАХ БОЛ...

Өчигдөр ардчилсан Үндсэн хуулийн өдөрт зориулсан бөхийн барилдаан үзсээр өдрөө барав. 128 бөх барилдав. Нэгийн даваанд улсын цолтон 38 бөх зодоглосноос улсын заан Б.Соронзонболд, харцага Ш.Мөнгөнбаатар тэргүүтэй 12 бөх аймгийн цолтнуудад уналаа. Хоёрын даваанд аварга Н.Батсуурь, арслан Р.Пүрэвдагва нарын зэрэг улсын цолтон 10 бөх уналаа.

Улсын харцага Г.Элбэгийн хөвгүүн Батсуурь хоёр долоо хоногийн өмнө нэгийн даваанд улсын заан Б.Соронзонболдыг мордож давсан юм. Өчигдөр бас л нэгийн даваанд аймгийн начин Э.Батсуурь, заан Б.Соронзонболдыг нэгийн даваанд хаялаа. Ингээд залуу хөвгүүн Э.Батсуурь Б.Соронзонболд зааныг ганц ч давуулахаа болив. Өнөө Э.Батсуурь хоёрын даваанд улсын аварга аминдай Н.Батсуурийг мөн л хаячихлаа. Э.Батсуурь энэ жилийн аль нэгэн аймгийн наадмаар юм уу бүх цэргийн наадмаар аймаг юм уу цэргийн арслан болчихвол бүр ч амлах аргагүй хатуухан боорцог болно.

Завхан аймгийн заан М.Лхагвагэрэл сүүлийн хоёр удаагийн барилдаанд тодорлоо. Хоёр долоо хоногийн өмнөх барилдаанд улсын харцага Б.Одгэрэл, Д.Анар нарыг гурав дөрвийн даваанд хаясан билээ. Бас он дөнгөж гармагц Чөлөөт бөхийн улсын аваргын тэмцээний 125 кг-ийн жинд түрүүлэв. Саяын барилдаанд од нь гийсэн бололтой, сайн бөхчүүдийг төвөггүй хаяж түрүүллээ. Гэхдээ тэр чигээрээ өчигдрийн барилдаан шиг нэвт гүйгээд улсын цолонд хүрнэ гэж найдах аргагүй. Өргөөний барилдаанд улсын том цолтныг хаяж түрүүлдэг атлаа улсын наадмын начны даваанд хүрэлгүй олон жил болсон Ш.Мөнгөнбаатар болон аймгийн цолтнууд бий шүү дээ. Аварга Ч.Санжаадамба хүртэл аймгийн арслан цолтой хэдэн жил барилдсан байх аа.

Бас улсын цолтон хашрууд чинь хэрхэн барилддагийг нь хараад ажиглаад яавал хаях боломжтойг бодож ажиглаж олно шүү дээ. Тиймээс барилдааны арга барилаа улам сайжруулж шинэ мэх сурах талаар идэвхийлнэ байх аа.

Юутай ч бөх сонирхогчид, өнөө аймгийн заан М.Лхагвагэрэл хэнтэй яаж барилдаж байна гэж тогтож харах боллоо. Сайн барилдвал улам шимтэж харна. Өнгөрсөн жилийн намрын эхэн үеийн нэг барилдаанаар аймгийн начин О.Баярцогт гэдэг залуу улсын том цолтныг хаяад л содон байлаа. Сүүлдээ чимээ алдрав. Монгол бөхийн барилдаанд од нь орсон эр учраагаа төвөггүй давж түрүүлэх атлаа, заримдаа яана вэ гэмээр унадгаараа тун ч сонирхолтой билээ. Аймгийн заан М.Лхагвагэрэлийн хойшдын барилдааныг харах үлдлээ.

С.Товуудорж

Тодруулга: Монгол Улс шинэ үндсэн хуулиа баталсны 28 жилийн ой, Монгол Улсын Үндсэн хуулийн өдөрт зориулсан барилдаан өчигдөр Бөхийн өргөөнд болсон. Улсын аварга Н.Батсуурь, улсын арслан П.Бүрэнтөгс, Р.Пүрэвдагва, улсын заан Б.Батмөнх, Б.Соронзонболд, улсын харцага харцага Б.Бат-Өлзий, Д.Анар, Ө.Даваабаатар, Б.Одгэрэл, М.Бадарч, О.Хангай, Н.Золбоо тэргүүтэй 128 бөх зодоглосон барилдаанд Завхан аймгийн Яруу сумын харьяат, “Хилчин” спорт хороо, “Жем-Интэрнэйшнил” ХХК, “Аварга” дээд сургуулийн бөх, аймгийн заан Мөнхтөрийн Лхагвагэрэл түрүүлж, Хөвсгөл аймгийн Галт сумын харьяат, улсын начин Ч.Хөхчирэнгэр үзүүрлэв. Их шөвөгт улсын харцага Б.Бат-Өлзий, улсын начин Э.Даш нар шалгарсан юм.

Улсын начин, Гавьяат дасгалжуулагч Б.Адъяахүүгийн шавь, чөлөөт бөхийн үндэсний шигшээ багийн тамирчин М.Лхагвагэрэл өчигдрийн барилдаанд түрүүлэхдээ нэгийн даваанд улсын начин Б.Даваа-Очирыг, хоёрын даваанд улсын начин Б.Сангисүрэнг, гурвын даваанд аймгийн арслан Д.Хүдэрбулгыг, дөрвийн даваанд улсын заан Б.Батмөнхийг, тавын даваанд улсын харцага О.Хангайг, зургаагийн даваанд улсын харцага Б.Бат-Өлзийг, долоогийн даваанд улсын начин Ч.Хөхчирэнгэрийг өвдөг шороодуулав.

 

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.