Г.Ариунцэцэг: 21 дүгээр зууны хүүхдүүдийг 20 дугаар зууны аав, ээжүүд 19 дүгээр зууны арга барилаар хүмүүжүүлж байна

Twitter Print
2020 оны 12-р сар 30-нд 09:45 цагт
Мэдээний зураг,

Орчин цагийн аав, ээжүүд хүүхдүүдээ сур сур, сураад бай л гэж шахдаг. Шахаанд орсон багачуул харин юуг хэрхэн сурч байна вэ? Сурах гэдэг зөвхөн ном унших, ерөнхий боловсролын сургууль төгсөж, их дээд сургуульд элсэх төдийхөн биш юм. “Сурах гэдэг өөр” номын редактор Г.Ариунцэцэгтэй энэ талаар хөөрөлдөхөөр “Номын тухай ярилцъя” буландаа урилаа.

 -Бидний хүүхэд хүмүүжүүлэх уламжлалт арга, европын соёлоос юугаараа хоцрогдсон гэж. Үүнээс ярилцлагаа эхлэх үү?

- Юун түрүүнд би энэхүү ярилцлагыг хувь хүнийхээ зүгээс бус харин “Сурах гэдэг өөр” номын агуулгын хүрээнд өгч байгаа гэдгээ тодотгох нь зүйтэй болов уу. Саяын асуултын хувьд, хүний биологийн өгөгдөл хаана ч гэсэн адилхан. Монгол, Европ ялгаагүй. Хүүхэд төрсөн л бол байгалиас заяасан, төрөлх өгөгдөл чадварууд нь адилхан. Гол нь өссөн орчноосоо шалтгаалан өөр хүмүүжил төлөвшил, ухамсартай байж болно.

Улс орон бүр үндэсний онцлогоо харгалзан орчиндоо тохируулаад хүүхдийг өөр өөр арга барилаар өсгөдөг.  Гэхдээ юуг яаж сурах нь бүх хүүхдийн хувьд адилхан шүү дээ. Хүүхдээ сургахдаа тэдний хөгжлийн онцлог, хүсэл сонирхлыг харгалзах нь хамгийн зөв. Энэ номын зохиогч нь Швейцарын судлаач хүн. Өөрийнхөө амьдрал, улсынхаа жишээнд тулгуурлан номоо бичсэн. Тэд бэрхшээлээ даван туулахын тулд өнө удаан судалж, тодорхой дэвшил гаргаж чадсан. Өөрөөр хэлбэл, хүүхэдтэй харилцах гарц гаргалгаагаа олсон. Өнөөдөр ч тус улсад хүүхдийг сургах, боловсруулах сэдэв хуучраагүй. 

Тэдэнд 70-80 жилийн өмнө тулгарсан бэрхшээл монгол хүүхдэд одоо тохиолдож буй. Яг одоо орчин цагийн ээж аавууд дээрх бэрхшээлийн өмнө зогсож байна.  Үүнийг даван туулах аргыг энэ номд бичсэн.  Номын зохиогч “21 дүгээр зууны багачуулыг 20 дугаар зууны эцэг эх өсгөж, хүмүүжүүлж байна. Гэхдээ ээж, аавуудын хүмүүжүүлж буй хэлбэр 19 дүгээр зуунд туршигдсан арга барил” гэж бичсэн байсан. Тиймээс хоёр зууны зөрүүтэй арга барилаар 21 зууны хүүхдийг барих гэж оролдох нь утгагүй. Өнөөдрийн нийгэмд ихэнх багш нарын зааж буй арга хэдэн зуун жилийн өмнөөс өвлөгдсөн арга барил юм. Үүнийг бид ойлгох ёстой. Мэдээж соёл, соёлын ялгаанаас шалтгаалаад хүүхдүүдийн өв уламжлалаа дээдлэх, үүнээс хамаарч биеэ авч явах чадварууд өөр өөрөөр төлөвшинө. Гэхдээ үндсэн чадварууд хаана ч адил. Орчин цагт хүүхдүүдийг төрсөн үе үеэр нь хуваадаг болж. Улмаар одоогийн хүүхдүүд ийм тийм болсон гэцгээнэ.

Энэ бол буруу хандлага гэж би боддог. Хүүхэд өөрчлөгдөөгүй, хүний физиологийн өгөгдөл хэвээр. Ингэж өөрчлөгдөх нь хэдэн мянган жил шаардах үйл явц байх.  Харин орчин маш их өөрчлөгдсөн. Хүүхдүүд энэ бүгдийг хүлээж авч чадна. Өнөөгийн эрчимтэй хөгжиж буй техникийн хувьслыг биднээс илүү ойлгодог. Нийгмийг байгаагаар нь хүлээж авч буй хүүхдүүдэд аль 200 жилийн өмнөх арга барилаар заана, тулгана гэдэг хэцүү.

- “Сурах гэдэг өөр” номд гурван хүүхдийн амьдрал, сурах явцыг өгүүлсэн байсан. Тэд ирээдүйд нэг ижил түвшинд хүрэх боломжтой юу?

-Нэгдүгээрт, хүүхэд, хүүхдийн ялгаа бий. Уншиж сурсан үйл явцуудаас нь жишээ татъя. Яг адилхан аргаар заахад бүгд сурна гэж байхгүй. Аливаа зохиолыг уншаад А-гийн ойлгосон зүйл Б-гийн мэдэрснээс өөр. Үүнтэй адилхан нөгөө хүүхдийн уншиж сурах явц өөр. Гэхдээ бүгд сурах чадвартай. Нэг хүүхдийнх нь уншиж сурах явц удаан байлаа гэж бодъё. Эмгэгтэй ч байж болно. Тийм байлаа ч эцэг, эх багш нь зөв харилцаж чадвал дэмжлэг муухан авсан энгийн хүүхэдтэй ижил хэмжээнд сурч болно. Тиймээс бид хүүхэдтэй яаж харилцах вэ, яаж хандах вэ гэдэг их чухал. Хоёрдугаарт, хүүхдийн өгөгдөл, хөгжилд таарсан аргаар заасан уу, илүү шахсан уу, дарамтлаад байна уу, эсвэл дутаагаад байна уу гэдгээ ч бас анхаараарай. Дутаавал буруу, илүүдвэл бас тусгүй. Аль ч арга нь байсан хүүхдийн хөгжилд сөрөг нөлөөтэй. Гурван өөр орчинд өссөн хүүхэд ирээдүйд нэг ижил түвшинд өөр өөрийн замаар, өөр өөрийн хугацаанд хүрэх боломжтой.

-Тэд хэрхэн хөгжив, бид яагаад хоцорчхов?

-Олон улсын чиг хандлага, жишгээс харахад  манай улс өндөр хөгжилтэй орнуудын сурган болоод нийгмийн шинжлэх ухааны хөгжлөөс даруй 40, 50 жилээр хоцорсон санагддаг. Дэлхийн түвшинд яригдаж буй сэдэв манайд яригддаг. Гэхдээ бодитоор хэрэгжүүлж, амьдралд үр өгөөжөө өгтөл нь нутагшуулж чадаагүй. Швейцар, Германы ялангуяа нийгмийн шинжлэх ухааны хөгжлийг манай улстай зүйрлэх аргагүй. Эдгээр орны төр засаг эрдэмтдээ бодлогоор дэмжиж, хэдэн зуун жилийн өмнөөс шинжлэх ухааны салбараа хөгжүүлж ирсэн байхад бид хотжоод зуун жил ч болоогүй байна. Тиймээс нийгмийн шинжлэх ухаан хөгжихөд тодорхой хугацаа, үе шат хэрэгтэй болов уу. Бид гаднын жишгийг авахдаа ул суурьтай, нарийн судалж, утга учрыг нь ойлгохгүйгээр зөв сайхан санагдсанаа өм цөм авдаг нь буруу.

-Хүүхдийн хүмүүжил, боловсролын талаар сайн зохиол зөндөө бий. Яагаад заавал уг номыг сонгож орчуулсан бэ?

-Зохиогч номыг маш энгийн ойлгомжтой бичсэн. Тиймээс ээж, аав, хүүхэд хэн байх нь хамаагүй, уншсан л бол хэлэх гэсэн санаа агуулгыг төвөггүй ойлгоно. Уншаад нээрээ бид хүүхэдтэйгээ өөрөөр харилцах ёстой юм байна гэх бодол ёнк хийтэл орж ирэх вий. Бид номын агуулгыг ямар нэг гоёчлолгүй, байгаа чигээр нь уншигчдад хүргэхийг хичээсэн. Энэ зорилгоо биелүүлсэн гэдэгтээ итгэлтэй байна. Одоо номыг яагаад сонгосон шалтгаанаа тайлбарлая. Хэн хүнгүй ярьдаг, хүүхдийг хэрхэн хүмүүжүүлэх, сургах тухай энд ном тусгасан. Гэхдээ эл ном олон улсад хүлээн зөвшөөрөгдөж, маш олон хэлээр, хэдэн мянган хувиар хэвлэгдэж, бестселлер болсон.  Хоёрдугаарт, номын зохиогч 800 гаруй хүүхдийг төрсөн цагаас нь насанд хүртэл нь урт хугацаанд судалжээ. Судалснаа амьдрал дээр буулгаж, уялдуулж, баталж нотолж бичсэн. Өрх гэрийн байдал, хүүхдийн хөгжил төлөвшил хэрхэн явагдсаныг нэг бүрчлэн ийм урт хугацаанд судална гэдэг ховор тохиолдол, үнэ цэнтэй мэдээлэл. Номд бичсэн үг өгүүлбэр болгоныг уншихад үнэн шүү дээ хэмээх сэтгэгдэл өөрийн эрхгүй төрдөг. Иймээс л олзуурхаж орчуулсан. Багш нар уншаасай, мөн манай их, дээд сургуулийн хөтөлбөрт энэ номыг тусгаасай хэмээн хүсэж байна.гэж хүсэж байна. Ингэх нь манай компанид биш ирээдүйд хэрэгтэй болов уу.

-Зөрүүд хүүхдийг хэрхэн номхотгох вэ гэх зэрэг зөвлөгөө цахим орчинд их байдаг. Заримаас нь уншихаар номхотгох арга нь дарангуйллын шинжтэй. Харин бидний ярилцаж буй номд эсрэгээр нь бичжээ.  

- Энэ номд харин ч “Хүүхэд зөрүүд, хөдөлгөөнтэй байвал хэвийн. Харин эсрэгээрээ бол аюултай, асуудал дагуулж ч мэднэ” гэсэн байгаа юм. Бид хүүхдээ даруухан, өөрсдийн үгээр байлгах гэж дарангуйлдаг. Хүүхэд бүр адилгүй, өөр гээд байхад л сургалтын арга “Нэгийн зарчим”-аар л явагддаг. Нэг ангийн 40-50 хүүхдэд нэг багш нэг л сурах бичгээр, нэг ижил арга зүйгээр хичээл заадаг. Тэгээд бодохоор, манай хүүхдүүд эрийн сайндаа л сурч байна. Үүнийг хэцүү ч гэсэн бид өөрчлөх ёстой. Хүүхэд бүрийн хөгжил, сэтгэхүйн онцлогт тохирсон ялгамжтай дасгал даалгавар өгөх ёстой. Үүний дээр хүүхэд бүрийн хүсэл, сонирхлыг харгалзах учиртай байтал дээр хэлсэнчлэн нэгийн аргаар заачхаад сур, томоотой байвал ойлгоно, сурна гээд хүүхдээ дарангуйлаад байна.

-Манай боловсролын тогтолцоо буруу гэх гээд байна уу?

-Тийм, орчин нөхцөл, нийгэмдээ тохируулж бодлогоо өөрчлөх ёстой болов уу. Манайд үүнийг эхлүүлэхэд тийм ч хэцүү биш. Боломжгүй зүйл ч биш юм. Заавал материаллаг орчин шаардахгүйгээр сэтгэлээрээ хийж болох олон зүйл байгаа. Гадаадад олон хүүхэдтэй зөв арга зүйгээр ажиллаад үр дүнд хүрсэн жишээ олон. Монголд жишээлбэл, хувийн сургуулийн нэг анги 20 доош хүүхэдтэй. Тэнд материаллаг орчин бий. Гэсэн ч үр дүнд төдийлөн сайн хүрэхгүй л байна. Энэ нь багш нарын заах арга зүйн мэдлэг, туршлагаас нь шалтгаалж байгаа байх. Жишээ нь, хувийн сургуулийн 6 багш хөл хорионы үед гэрийн даалгавар өгчээ. Үүнээс тавд нь цээжлэх даалгавар өгсөн байна. Тэнд бодох, ухаанаа дайчлах зүйл нэг ч алга. Цээжлээд унш гэхээсээ илүү юу ойлгосныг яриулж болно шүү дээ. Зургийн хичээлд гадаа цонхоор хараад орчноо зураарай ч гэх юм уу даалгавар байж болно. Гэтэл дуртай сэдвээрээ зур гэх бус, энийг тэрийг ингэж тэгж зур гэнэ. Уг нь зургийн хичээл хүүхдийг зуруулахад биш, харин өөрийгөө илэрхийлэхэд чиглэвэл илүү тустай.

-Багш гэлтгүй эцэг, эхийн хандлага бас чухал байх тийм ээ?

-Зарим эцэг, эх маш хүлцэнгүй ханддаг. Дан цээжлэх даалгавар өгч байхад  “Уншаад, уншсан зүйлийнхээ тухай бичих, бодуулах даалгавар өгөөч” гэж багшид хэлдэггүй. Даалгавраа хийгээд дүнгээ гаргасан бол болох тэр. Эсрэгээрээ зарим нь багштай хамтрах биш учиргүй загнадаг. Олон хүүхэдтэй ажиллаж байгааг нь ойлгодоггүй. Багш эцэг, эхийн хамтын ажиллагаа хүүхдийг хөгжүүлэхэд хамгийн чухал.

-Хүмүүнлэг боловсролыг дэмжих тухай хуулийн төслийг ид хэлэлцэж байна. Ёс уламжлал заана, боловсролтой хүмүүжилтэй хүүхэд, гэр бүл шалгаруулна зэрэг заалт дотор нь харагдсан. Номд энэ талаар юу гэж заасан юм бэ?

- Ёс уламжлал, хайр, хүмүүжлийг хуульчлаад сургадаг зүйл биш. Наад зах нь ахуй орчин, харилцаа гээд бүх байдлаараа хүүхдэд үлгэрлэх ёстой. Манайхан монгол ёс, хүмүүжил гээд хичээл ордог. Хэчнээн сайхан сэтгэлтэй бай гэж сургаад тийм болох боломжгүй. Өөрөө эерэг бодолтой байж, түүгээрээ үлгэрлэж явдаг бол өөр хэрэг. Гадаадад гэр орондоо төдийгүй нийгмээрээ хүүхдэд үлгэрлэдэг.  Бас тэнд хичээлээс гадуур үйл ажиллагааг чухалчилдаг. Маш олон үйл ажиллагааг сургуулиараа ангиараа хийдэг. Ангийн зохион байгуулалттай ажлаар дамжуулан бусдыг ойлгох, хайрлах, туслахад суралцдаг. Багш нар хэрэгжүүлснээ үнэлж, эцэг, эхэд танилцуулдаг. Ярих биш хандлага харилцааг өөрчлөх ажлыг Монголд эхлүүлэх л хэрэгтэй.

-Монголын хүүхдийн зохиол, бүтээлийн тухай ярилцаж болох уу?

-Уншиж сурах үйлд эрэгтэй, эмэгтэй хүүхдийн ялгаа их. Наад зах нь бага ангийн эрэгтэй хүүхэд барбитай ном тоож харахгүй. Харин охид машинтай, баатартай, эр зоригийн номыг ч сонирхдог. Гэтэл сурах бичигт орсон эхүүдийн хувьд хүртэл жендерийн асуудал яригддаг. Тухайлбал, номын зохиогчдын олонх нь эмэгтэй. Сурах бичгийг зохиогчдын 80 хувь эмэгтэй. Багш нарын олонх нь эмэгтэй. Тиймээс сурах бичиг, хүүхдийн зохиол хүртэл жендерийн асуудалд орчихдог. Эрэгтэй хүүхдийг сайн анхаарч чадалгүй хойш тавьчихсан. Хичээлээр үзэж судлах номыг зохиохдоо үүнийг хүртэл анхаарах хэрэгтэй байдаг.

-Номын дэлгүүрт охид хөвгүүдийн ном янз янзаараа л байдаг шүү дээ.

- Дийлэнх нь орчуулгын ном шүү дээ. Багачуулын сонголтыг аваад үзье. Тэд өөрсдөө ном сонгохдоо эрэгтэй нь баатар, шинжлэх ухааны ном руу, охид барбитай ном руу гүйдэг. Гэтэл эцэг, эх нь голж шилж, боль энийг ав гээд шал өөр ном авч өгдөг. Хүүхдийн сонирхол гүнжтэй ном, хувцас хэрэглэл, наадаг зураг байхад үүгээр яах юм бэ гэнэ. Уг нь хүүхэд өөрөө маш идэвхтэй ажиллах, бодох ном сонгоод байхад томчууд ийм хэдхэн наадаг зурагтай номоор яах юм бэ, унших зүйл ихтэй ном ав, “Чемодантай инээд” ав гэх зэргээр шаарддаг. Өөрсдийн уншиж өссөн, дуртай байсан номоо хүүхдэдээ шахах гэнэ. Гэтэл орчин цагийн хүүхдүүдэд уг ном төдийлөн сонирхолтой биш байж болно. Бид судалгаа хийх номын худалдагчдаас асуухад “Эцэг эхчүүд хүүхдийнхээ сонирхлоос тэс өөр ном авч өгдөг” гэж хариулдаг.

Эх сурвалж: Өнөөдөр сонин 

 

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.