
Эрт урьд цагт эмгэн өвгөн хоёр байжээ. Тэр хоёр Алтаншагай гэдэг ганцхан хүүтэй юмсанжээ. Алтаншагай алтан шагайтай, шагайгаараа маш сайн тоглодог, хэнд ч хожигддоггүй байжээ. Тиймээс ч Алтаншагай нэрийг авчээ.
Нэг удаа өвгөн адуугаа услахаар гол руу очтол адуу нь ус руу ойртохгүй эргэж зугтаад дэл сүүлээ агсаад, хатан хурц туурайгаараа газар цавчлан хангинатал янцгаалдан, ямар нэг амьтан хазаж зулгаагаад, уруул амыг нь урах гээд байгаа юм шиг байх юм гэнэ. «Усан дотор юу байгаа юм бол? Алив хараадхъя" гэж санаад өвгөн ус руу өнгийтөл нэг амьтан сахлаас нь зуураад авлаа гэнээ. Өвгөн яаж ч татаж чангаагаад сугарч гарч чадсангүй.
Сахлаас нь өгөр шулмас эмгэн чангаагаад байгааг мэдсэн өвгөн намайг тавиач, суллаач гэж гуйж, Би чамд хонин сүргээ өгье гэжээ. Өгөр эмгэн, Чиний хонин сүрэг надад хэрэггүй! Тэгвэл адуун сүргээ өгье! Адуун сүрэг чинь ч хэрэггүй. Тэгвэл чамд юу хэрэгтэй юм бэ? гэж гэнэ. Гэрт чинь байгаа ганц юмаа л өг гэж, өвгөн айсандаа гэрт нь ганцхан юу байдаг билээ ч гэж бодсонгүй шууд зөвшөөрчээ. Өгөр эмгэн өвгөнийг суллаад, Надаас хаашаа ч зугтаж чадахгүй шүү, чамайг хаанаас ч олно! гэв. Өвгөн гэртээ буцаж ирсэн хойноо өгөр эмгэн юу авах гэснийг нь гэнэт ойлгожээ. Гэрт нь ганцхан Алтаншагай хүү бий шүү дээ! Өвгөн харуусан гуньсан боловч эхнэр хүү хоёртоо юу ч хэлсэнгүй. Харин «Эндээс нүүе, энд муу газар байна!» гэжээ.
Тэгээд тэднийх нүүж өөр газар буужээ. Гэтэл маргааш нь Алтаншагайн шагай нь алга болжээ. Эцэг нь, хуучин бууцан дээрээ орхичихож дээ. Гэхдээ чи тийшээ битгий яв, чамайг өгөр эмгэн бариад авна гээд голын дэргэд юу болсныг ярьжээ. Алтаншагай эцгийн үгийг сонсоод би тэр муу өгөр эмгэнээс айхгүй байна. Намайг барьж авч чадахгүй, харин би ямар мориороо явахыг л заагаад өг гэжээ. Өвгөн хүүгээ хорьж учирласан боловч хүү явна, би айхгүй гээд байжээ. За за, дураараа бол, адуун сүрэг дээрээ очоод уургаараа далла, хазаараа хангинуул, ямар морь чам руу давхиж ирнэ, түүнийг унаад яв гэж эцэг нь зөвшөөрчээ.
Алтаншагай адуу руугаа очин уургаараа даллан хазаараа хангир хангир дуугаргатал нэг муу туранхай бор даага гүйгээд иржээ. Алтаншагай тэр даагыг хөөчихөөд эцэг дээрээ очин, Ааваа, би ямар мориороо явах вэ? гэж дахин асуухад эцэг, Би чамд хэлсэн шүү дээ, уургаараа далла, хазаараа хангир хангир дуугарга! гэв. Алтаншагай дахин адуу руугаа очин уургаараа даллан хазаараа хангир хангир дуугаргатал нөгөө муу даага давхиад ирж гэнэ. «Энэ л даагыг унах ёстой юм байлгүй дээ» гэж бодоод Алтаншагай дааганы хүзүүнд гараа хүргэтэл дааганы даахирсан арьс хууран унаж, хазаараа аманд нь хийнгүүт хүч тарга сайтай сайхан морь болон хувирч гэнэ. Хашаанаас гаргатал үе удам сайтай өндөр сайхан биетэй болж гэнэ. Нуруун дээр нь эмээл тавихад адуун сүргийн манлай болж гэнэ. Тэгээд Алтаншагайгаас, -Эрэлхэг эр минь, хаашаа явах вэ? гэж гэнэ. Хуучин бууцан дээрээ очиж алтан шагайгаа авъя! Тэнд чамайг хорон санаат өгөр эмгэн хүлээж байгаа, тэр эмгэн хүү минь бууж ирээд шагайгаа ав гэх байх, чи үгэнд нь орж болохгүй шүү. Хэрвээ бууж шагайгаа авах гэх юм бол чамайг бариад идчихнэ гэж морь нь хэлээд, чи шонхор шувуу шиг авхаалжтай байж, байдгаараа бөхийж байгаад алтан шагайгаа шүүрээд аваарай гэж зөвлөжээ.
Алтаншагай хуучин бууцан дээрээ давхиад иртэл өгөр эмгэн галын дэргэд суугаад гараа ээж байна гэнэ. Алтаншагай, Эмээ эмээ, миний алтан шагайг аваад өгөөч гэж гуйхад эмгэн,
Өөх хүү минь, чиний шагай чинь энэ байна. Мориноосоо бууж ирээд ав, миний нуруу өвдөөд байна, би босож чадахгүй гэж гэнээ. Морь нь энэ зуур байдгаараа бөхийж Алтаншагай ч самбаачлан шагайгаа шүүрч аваад зугтжээ. Хүчит морь нь хар хурдаараа давхина. Өгөр эмгэн уурлан хашгиран үсрэн босож нэг нулимахад бүдүүн хар морь бий болж гэнэ, дахиад нэг нулимахад нь эмээл хазаар бий болж гэнэ. Өгөр эмгэн бүдүүн хар мориндоо мордон Алтаншагайн араас хөөв. Алтаншагай ч хурдан мориороо хуй салхи шиг зугтан давхив. Өгөр эмгэн ч араас нь бүдүүн хар мориороо хөөн дөнгөж гүйцэхийн даваан дээр мориных нь хөл булгарч доголоод холоо хоцорч эхлэв.
Өгөр эмгэн хар мориныхоо хазаарыг татан, тас тас хийтэл давиравч морь нь улам явж чадахгүй болов гэнэ. Өгөр эмгэн уурлан морио идчихээд Алтаншагайн араас явган хөөв. Эмгэн зангидсан гараараа нуруу бөөрөө цохин өөрөө өөрийгөө хөөн гүйсээр гүйцэж ирээд Алтаншагайн хүчит морины баруун хөлийг хазав. Морь гурван хөлөөрөө зугтан давхихад эмгэн дахин гүйцэж ирээд зүүн хөлийг нь хазчихав. Хурдан хүчит морь нь эцсийн хүчээ шавхан Алтаншагайг өгөр эмгэнээс холдуулаад нуурын захад ирэв. Цаашаа явж чадахгүй нь, би нууранд ороод нуугдчихъя, чи тэр царс модны оройд гар. Хөлөө эдгэхээр би гарч ирээд хоёулаа цааш зугтана. Ингэж хэлээд морь нь нуур луу шумбаад орчихжээ. Алтаншагай ч царс модонд авиран оройд нь гараад нуугдан суужээ. Өгөр эмгэн гүйж ирээд Алтаншагайг олж хараад, Аа, чи энд байна уу? Одоо ч чамайг буулгаж аваад иднэ дээ! гэж хашгирав. Тэгээд нэг нулимтал сүх бий болж гэнэ. Өгөр эмгэн амнаасаа нэг шүд суга татаж аваад сүхээ ирлээд царс модыг цавчиж гарчээ. Сүх нь хан ян бууж, холтос зомгол ч хэдэн тийшээ үсэрнэ. Энэ их чимээгээр үнэг гүйж ирээд асуув. Эмээ, та яах гэж мод цавчиж байгаа юм бэ?
Модон дээр хэн сууж байгааг харахгүй байна уу? Модыг цавчиж унагаагаад энэ хүүг иднэ! Үнэг дээш өлийн хараад модон дээр нэг сайн хүү сууж байхыг үзээд өрөвдөн, Эмээ, та ядарсан байлгүй, би танд цавчаад өгье гэж гэнэ. Үгүй үгүй, би өөрөө цавчаад, өөрөө иднэ! Үнэг улам шалан, би модыг чинь цавчаад өгье, та хүүг идээрэй гэв.
Өгөр эмгэн үнэгэнд сүхээ өгөөд өөрөө царс модны ёроолд хэвтээд унтаад өгчээ. Өгөр эмгэн ам хамраасаа утаа баагиулан, улаан оч үсчүүлэн унтана. Үнэг сүх шүд хоёрыг нь нуур луу шидчихээд цавчдас зомголыг цуглуулан эргэж байранд нь наагаад нулиман долооход царс мод дахиад бүв бүтэн боллоо гэнэ. Ингээд үнэг, За хүү минь, баяртай! гэчихээд гүйгээд явчихжээ. Өгөр эмгэн сэрээд царс модыг харан гайхан. Нүдэнд минь юу харагдах нь энэ вэ? Царс мод бүв бүтэн байх чинь! гээд үнэгийг хараан загнаснаа нэг нулимтал дахиад л сүх бий болов гэнэ.
Өгөр эмгэн амнаасаа хоёр дахь шүдээ суга татан сүхээ ирлэн «За, одоо ч чамайг иднэ дээ!» гэж үглээд модыг цавчиж гарчээ. Сүх нь хан ян дуугаран цавчдас тал тал руу үсчин мод хариугүй унах гэж байтал нэг үнэг гүйж ирэн, Эмээ, юу хийж байгаа юм бэ? гэж асуужээ. Царс цавчиж байна. Яах гээ вэ? Энэ хүүг идье. Та ингэж өөрийгөө зовоогоод яах вэ? Би танд цавчаад өгье. Үгүй үгүй, өөрөө цавчиж унагаад, өөрөө иднэ. Би танд л туслах гэсэн юм. Та хүүг идээрэй. Үгүй ээ, үгүй! Сүхээ чамд өгөхгүй! Сая нэг үнэг намайг хуурчихаад явсан гэж өгөр эмгэн хашгирахад үнэг, Ямар өнгөтэй үнэг вэ? Шар л үнэг байсан даг.
Өө эмээ минь, та шар үнэгнүүдэд бүү итгэ. Шар үнэгнүүд цөмөөрөө худалч байдаг юм. Харин хар үнэгнүүдэд итгэ! гэж ятгахад өгөр эмгэн үнэгийг харснаа сүхээ өгөөд өөрөө царсны ёроолд хэвтмэгцээ унтаад өгчээ. Ам хамраас нь утаа баагин улаан оч үсчинэ гэнэ. Хар үнэг сүх шүд хоёрыг нь нуур луу шидчихээд цавчдас зомголыг цуглуулан эргээж байранд нь наагаад нулиман долоотол царс мод дахиад бүв бүтэн боллоо гэнэ. Ингээд үнэг, За хүү минь, баяртай гээд гүйгээд яваад өгчээ. Хэдэн хормын дараа өгөр эмгэн сэрээд модыг харснаа,
Нүдэнд минь юу харагдах нь энэ вэ? Царс мод дахиад бүтэн байх чинь! гэж хашгиран харааснаа нулиман сүх бий болгож, амнаасаа дахин нэг шүд суга татан авч сүхээ ирлэж гэнэ. Эмгэн сүхээ ирлэчихээд царс модыг цавчиж, хамаг хар муугаар үнэг хүү хоёрыг хараан хараан цавчаад л талд нь ортол цавчжээ. Алтаншагай доош харан «Одоо ч өгөр эмгэний гараас гарахаа болилоо!» гэж бодож байтал нэг цагаан үнэг гүйгээд ирлээ гэнээ. Цагаан үнэг гүйж ирээд, Эмээ, би танд тусалъя, модыг чинь цавчаад өгье! гэжээ. Амь мэнд дээрээ эндээс зайл, хоёр ч үнэг намайг хуураад зугтчихсан! Эмээ, эмээ, тэд чинь ямар өнгөтэй байсан бэ? гэж үнэг асуухад эмгэн, Нэг нь шар, нөгөө нь хар байсан.
Өө, та шар хар үнэгнүүдэд бүү итгэ, тэд чинь цөмөөрөө худалч. Зөвхөн цагаан үнэгнүүдэд л итгэ! Би таныг хуурахгүй, танд туслах л гэсэн юм! Өгөр эмгэн сүхээ цагаан үнэгэнд өгөөд өөрөө унтахаар хэвтжээ. Цагаан үнэг сүх шүд хоёрыг нь нуур луу шидчихээд цавчдас зомголыг цуглуулан эргэж байранд нь наагаад нулиман долоотол царс мод дахин бүв бүтэн болж гэнэ. За хүү минь, би чамд гурван удаа тусаллаа. Өгөр эмгэнд танигдахгүй гэж хар цагаан шавраар биеэ будлаа. Одоо би яаж ч тусалж чадахгүй, арга чадал минь дууслаа! гээд гүйгээд явчихжээ. Өгөр эмгэн сэрээд, Нүдэнд минь юу харагдах нь энэ вэ? Царс мод дахиад бүв бүтэн болчихсон байх чинь! гэж хашгирав.Тэгээд нэг нулиман сүх гаргаж аваад амнаасаа сүүлчийнхээ ганц шүдийг суга татан авч сүхээ ирлэв гэнэ. Сүхээ ирлэчихээд царсыг цавчин уурлан үглэнэ.
Одоо ямар ч тусламж хэнээс ч авахгүй дээ! Өөрөө тас цавччихъя гээд хамаг хүчээрээ цавчихад нь цавчдас зомгол тал тал руу үсчин, царс мод ганхан шажигнан дуугарч унахын даваан дээр болоход Алтаншагай өгөр эмгэний гараас гарахгүй нь гэж бодоод яах вэ? гээд ийш тийш харвал нэг хэрээ ирээд модон дээр суулаа гэнэ. Тэгэхээр нь Алтаншагай, Эрхэм хэрээ минь! Чи хаана л бол хаана нисэн очдог билээ, манайд очоод Аккулак, Актырнак хоёр нохойг минь олоод надад тусал гэдгийг хэлээд өгөөч! гэж гуйжээ.
Үгүй, чадахгүй! Чамайг өгөр эмгэн идэхээр надад ч бас хувь оногдоно гээд мөчир дээр бүүр тухлан суув. Алтаншагай дахин ийш тийш харан сууж байтал нэг шаазгай нисэн ирж модон дээр суув. Алтаншагай,
Эрхэм шаазгай минь! Чи хаана л бол хаана нисэн очдог билээ, манайд очоод Аккулак, Актырнак хоёр нохойг минь олоод надад тусал гэдгийг хэлээд өгөөч! гэж гуйжээ.
Үгүй, чадахгүй! Чамайг өгөр эмгэн идэхээр надад ч бас ямар нэг юм оногдоно доо! гэж гэнэ. Алтаншагай улам ч шаналан «Ингээд удахгүй үхжээ» гэж бодоод сууж байтал толгой дээгүүр нь сүрэг бялзуухай нисээд ирлээ гэнэ. Алтаншагай, Бяцхан бялзуухайнууд минь! Манайд очоод Аккулак, Актырнак хоёрыг минь олоод танай эзнийг алах гээд байна гэдгийг хэлээд өгөөч! гэж гуйжээ.
Олъё олъё, хэлье хэлье гээд бялзуухайнууд нисэн одов. Бялзуухайнууд шинэ буусан газар нь нисэн ирж хоёр нохойг дор нь олжээ. Хоёр нохой ч эзнээ эрэн энд тэндгүй давхиад бүр ядарч туйлдан, өвсөн дээр өнхрөн унаад унтаж байжээ. Бялзуухайнууд хоёр нохойн чихийг тоншин тоншин сэрээгээд,
— Аккулак, Актырнак! Нуурын дэргэд байдаг ганц царс руу гүйгээрэй! Эзнийг чинь өгөр эмгэн идэх гэж байна! гэж шулганалджээ. Аккулак, Актырнак хоёр үсрэн босож Алтаншагайд туслахаар давхин одов. Бялзуухайнууд замын дээгүүр нисэн, хоёр нохой замаар тоос татуулан давхиж явахад өгөр эмгэн алсаас харчихаад, Эй, энэ чинь юун тоос вэ? гэж асуув. Энэ бол надад баяр, чамд гай ирж явна! гэж Алтаншагай хариулжээ. Өгөр эмгэн нохойн хөлийн чимээ сонсоод, Эй, энэ чинь юун аянга ниргээд байнаа? гэхэд нь Энэ бол надад баяр, чамд гай ирж явна гэж Алтаншагай хариултал Аккулак, Актырнак ноход нь гүйн ирж өгөр эмгэн рүү дайрав. Өгөр эмгэн айн сүхээ нуур луу шидчихээд өөрөө ч бас ус руу үсрээд орчихов. Ноход нь Алтаншагайд,
— Бид хоёр ус руу орж эмгэнтэй үзэлцэнэ, чи нуурыг сайн харж бай! Хэрэв өгөр биднийг алчих юм бол ус улайраад ирнэ, хэрвээ бид өгөрийг алчих юм бол ус харлаад ирнэ гээд ус руу орчихлоо гэнэ. Нуур хямран давалгаална. Алтаншагай ус руу харж байтал ус улайраад иржээ. «Өгөр эмгэн нохдыг минь алчихлаа, яана даа!» гэж бодтол ус харлаад эхлэв гэнэ. Алтаншагай баярлан царс модноосоо буухад Аккулак, Актырнак хоёр нь гарч ирэн усаа сэгсрэв. Ус эхлээд яагаад улайраад байсан бэ? гэж Алтаншагай асуув. Өгөр эмгэн эхлээд бид хоёрыг дийлэх тийшээ хандан, миний чихийг тас татсан юм. Тэгэхээр ус улайрч л дээ. Харин дараа нь бид хоёр өгөр эмгэнийг дийлсэн дээ! гэж Актырнак хэлэв.
Гэтэл нуураас хүчит хурдан морь нь гараад ирэв. Тэгээд «За, Алтаншагай минь, одоо намайг уна, гэртээ харьцгаая» гэжээ. Алтаншагай гэртээ эрүүл энх буцаж ирэхэд ээж нь баярлан өргөн найр хийжээ. Өргөн энэ найрандаа ах дүү анд нөхдөө урин есөн өдөр, есөн шөнө аяга тавилгүй ууж идэн, ая таслалгүй дуулж хуурджээ.
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.