Ширхэг будаа

Twitter Print
2020 оны 05-р сар 20-нд 18:15 цагт
Мэдээний зураг,

Тэр учиргүй их иддэг байжээ. Амаа олохгүй үмхэж байхыг нь харахад заримдаа урамтай ч юм шиг санагдана. Бие нь гэдсээрээ бүдүүрээд олон давхар өөд шатаар өгсөхөд аахилж уухилах нь нас өндөр болсон өвгөн хүнтэй адил. Гэвч тэр дөнгөж гуч хүрч байлаа. Гайгүй сэхээтэй хүн тул яаж энэ байдлаас гарах вэ? гэж үе үе бодох болжээ. Даанч арга ухаанаа нэг л олохгүй, чухам ямар аргаар энэ их мах өөхнөөсөө салахаа мэдэхгүй, хий дэмий л хоол идэхдээ санаа алдана. Санаа дагаад ч тэр үү идэж уух нь улам ихэсээд, биеийн жин нь нэмэгдээд байх шиг болно. Хүний амьдралд аливаа хэрэг явдал огт санаандгүйгээс төрөх нь бий. Тэр нэг өдөр автобусанд чихцэлдэн хөлсөө задгай асгаж явахдаа хоёр залуу хоорондоо ийнхүү ярилцахыг сонсчээ.

- Саяхан миний уншсан номонд Төвдөд өдөрт ганцхан ширхэг будаа идээд юунаас ч илүү хооллосон мэт болдог хувилгаан лам нар байдаг тухай бичжээ. Тэд нар оюун ухаанаараа ходоод гэдсээ зохицуулж чаддаг гэнэ.

- Ямар сонин юм бэ? Хувилгаан шидтэй нь л яадаг юм бэ гэхээс бид нар ч барахгүй биз.

Анхандаа тэр хоёр залуугийн яриа түүний анхаарлыг төдий л татсангүй. Харин автобуснаас буугаад харьж явах замдаа энэ их өөх махнаас салж болох ганц арга тэр байж болох юм гэж санажээ. Тэгээд гэртээ харилгүй номын дэлгүүрт очив. Уриалгахан зантай худалдагч бусгүй түүнд “Төвдийн тайлагдаагүй нууцууд” хэмээх гялгар хавтастай номыг авч өглөө. Бүхэл шөнөжингөө уншлаа. Санаа сэтгэл нь сэргээд түүнд турах найдвар номын хуудсыг эргүүлэх тоолонд нэмэгдэж байх шиг санагджээ. Жижигхэн шавилхан биетэй туранхай Төвд лам нарын зургийг хараад удахгүй эдгээр лам нар шиг хөнгөн шингэн болно гэхээс догдлох сэтгэлээ барьж чадсангүй. Үүр цайж өглөөний бүдэгхэн гэгээ цонхоор тусахыг ч анзаарсангүй. Номоо элгэндээ тэврээд яг л анхны хайрын захиа авсан арван наймтай охин шиг догдлонхон сууж байлаа. Өнөөдрөөс л турж эхлэх минь хоолоо бага багаар багасгасаар эцэст нь ширхэг будаагаар гол зогоодог болно. Овор ихтэй нүүр царай минь өөрчлөгдөж үеийн охид хүүхнүүд та гэж гуайлхаа болих цаг ирнэ зэргээр амьдралаас гэрэл гэгээг нь олж харжээ.

Ийм аргаар турна чинээ санасангүй. Харин олж авсан энэ турах нууцыг нь бусад хүмүүс мэдэж аваад энэ дэлхийн бүх тарганчуул турна гэхээс гол нь харлах шиг болж байлаа. Учир нь энэ аргаараа тураах төв байгуулж баян тарган авгайчуулын мөнгийг саах шиг болно гэж мөрөөдсөн ажээ. Тэгээд маргааш өглөөнөөс нь эхлээд бодож олсон аргаараа хоолоо багасгаж эхэллээ. Өдөр цор ганцаараа хоолонд орох болсонд ажлын газрынхан нь эхэндээ гайхаж хоорондоо жиг жуг хийж байгаад сүүлдээ түүний тэр зожгирхог байдлыг бүр тоохоо болилоо. Эхний өдрүүдэд өглөө, өдөр, орой хоолноосоо нэг нэг халбага шөл будааг хаслаа. Дараагаар нь хоёр халбага гэсээр жилийн хугацаа өнгөрөхөд урьд идэж байсан том шаазан аяганыхаа тал дундуур нь иддэг боллоо. Эхэндээ шөнө учиргүй сайхан идэж ууж байна гэж зүүдлэх, бүр зарим шөнө босоод хөрөгчөө хэд хэдэи удаа онгойлгох зэргээр ялимгүй бэрхшээлүүд байсан боловч тэр бүгдийг сэтгэлийн асар их тэнхээ гарган байж даван туулжээ. Гэдэс нь хоол нэхэж хонхолзох үед ямарваа юманд түргэн уур хий бухимдах, эсвэл учиргүй чангаар орилмоор санагдах үе байсан гэдэг. Элдэв тэмдэглэлт баярын өдрүүдэд л түүнд хамгийн хэцүү байдаг байлаа. Хамаг хүмүүс элдэв амттан шимттэнг амаа олохгүй идэж ууж байхад зүгээр хараад сууж байна гэдэг хэмжээлшгүй зориг, тэвчээр хатуужил шалгадаг том даваа байв.

Ганцхан л зүйлийг л ердөө ойлгохгүй байлаа. Тэр нь бие сэтгэлээ захиран, оюун санаагаа дайчлан байхдаа чухам яагаад чухам юуны учир Төвд лам нар тарган цулцгар биш мөртлөө махан хоолноос татталзсан юм бол. Анхны удаа өнөөх номыг шимтэн уншиж суухдаа, дараа нь гэдэс өлсөөд шөнө нойр нь хүрэхгүй сэрүүн хэвтэж байхдаа учрыг олох гэж оролдсон ажээ. Сүүлдээ тэр тухай бодохоо байлаа. Бага багаар хасагдах биеийн жин, өөрт нь илт мэдэгдэх хөнгөн шингэн байдал давхар эрүүгүй шөвгөр нүүр царай гээд өөрчлөгдсөн бүхнээ өөрөө ч бүртгэж чадахгүй болтлоо жил хагасын дотор туржээ. Тааралдсан хүн бүхэн түүний өөрчлөгдсөн, үнэхээр залуу сайхан болсныг гайхан дуу алдана. Бие барьсан цамц, нарийн урт өмд, гээд аль болохоор дэгжин ганган хувцаслахыг хичээх болж, үс гэзэг, сахал самбай зэргээр үзэгдэх байдалдаа юунаас ч илүү анхаарах болжээ. Энэ бүхэндээ улам урам орж идэх хоолоо эрчтэйгээр багасгаж эхэллээ.

Өдөрт зөвхөн нэг удаа хооллох болов. Аяга агшаасан будаа үмхэлээд амаар гартал хоол идсэн мэт сэтгэлээрээ цадна. Гэвч ходоод гэдэс нь хоол нэхэж хонхолзон мушгихыг тоолгүй тэсвэрлэсээр байлаа.

Бүтэн жил өнгөрөхөд тэр санасандаа хүрэв. Өдөрт нэг аяга бус бүр нэг халбага агшаасан цагаан будаа идэх болжээ. Хаврын хавсарга салхинд бусад хүмүүс дажгүй байхад ганцхан тэр л учиргүй жиндэн даарч Сүй жанжны гамин цэрэг шиг юм бөөвийн явдаг болов. Залуу хүн байж жаахан хийморьтой явахыг аавынх нь танил өвгөн түүнтэй орцонд тааралдах болгондоо сануулна.

Харин энэ үед огт санамсаргүй байдлаар нэгэн бүсгүйтэй танилцжээ. Өнөөх бүсгүй бөхийн удамтай айлын ганц охин байлаа. Аав ах нар нь бүгд барилдаж ноцолдох “ажилтай” улсууд ажээ. Харин тэр бүсгүй нэгэн бөөний худалдааны дэлгүүрт нягтлан бодогч ажилтай бөгөөд жилийн эцсийн данс тооцоогоо буруу хийчхээд сандарч явахад нь танилцаж их тус хүргэжээ. Бүсгүй түүнд нь талархсандаа ч юм уу? эсвэл дараа жил хэрэг болно гэж бодсон ч юм уу уулзах санал тавихад нь огт татгалзсангүй. Хэдэнтээ уулзаж гадуур зугаалж, баар саваар орсны дараа аав ээжтэйгээ танилцуулна гээд гэртээ дагуулж очиход нь анх удаагаа өөрийнхөө турсанд ялимгүй харамссан гэдэг. Учир нь тэдний гэрт хайртай бүсгүйгээс бусад нь жилийн өмнө өөрийнх нь байсан шиг нүүр, нүд дүүрэн улсууд байлаа. Хийж өгсөн хоолноос нь огт амссангүйд ээж нь гомдов. Хэтэрхий эцэнхий байдал нь аавд нь таалагдсангүй. Дээгүүр доогуураа жигд хий тараасан хоёр ах нь нэг ч нүдээрээ түүнийг харсангүй. Түүнээс хойш бүсгүй уулзаж учирахаас аль болохоор зайлсхийх болжээ. Тэгээд ч удалгүй аймгийн цолтой сайхан зузаан залуутай гэр бүл болжээ. Энэ бүхэн түүнд сэтгэлийн их зовлон авчирчээ. Түүнээс ч болсон юм уу, өглөө сэрэхэд нь хамаг бие сулран сулбайж, нэвт хөлрөөд ор хөнжлийнхөө даавууг мушгихад хэдэн дусал хөлс дуслахаар болсон байдаг байлаа. Учир нь тэр ойрын хэд хоног өдөрт ганцхан ширхэг будаа иджээ. Сүүлдээ өглөө босох тэнхээгүй болов. Тэгээд нэг орой гэдэс нь учиргүй мушгихад өлсөж үхэх нь гэсэн аймшигт бодол төрөөд сандарсандаа хоёр аяга агшаасан будаа амаа олохгүй идэж орхижээ. Тэгээд л эмнэлэгт хүргэгдлээ.

Эмнэлэгийн орон дээр дусал залгуулаад хэвтэж байхдаа өнгөрсөн жил гарангын явдлыг эргэцүүлэн бодлоо. Өөрийгөө яаж зовоож хоолоо хорьж байснаа бодохоор сайхан харагдахын тулд өөрийнхөө эрүүл мэндийг золиослосноо ойлгов. Сүүлийн өдрүүдэд яаж ширхэг будаа идээд хэдэн аяга хоол идсэн мэт болох гэж сэтгэлээ хуураад хий хэхруүлдэг байснаа саналаа. Гэвч сэтгэл нь түүнд хууртсангүй. Сэтгэлээ хуурч чадах хэмжээнд хүрээгүйгээ, мөн сэтгэлээ хуурч чадах хэмжээний утга учиртай, гүнзгий ул үндэстэй зорилго дэвшүүлж чадаагүйгээ ойлгосонгүй.

Эмнэлгийн өрөөний тааз ширтээд хэвтэж байхдаа ганцхан зүйлийг л боджээ. Буддын лам нар яагаад ширхэг будаагаар хооллодог юм бол. За тэр ч яахав. Хувилгаан шидтэй улсуудын нууц биз гэж саналаа. Чухам ямар нууц болохыг нь ч мэдсэнгүй. Харин дараагайн бодол нь биеэ тэнхрүулж байгаад эмнэлгээс гарахаараа шарсан хавиргатай шөл дөрвөн аягъг захиалж иднэ дээ гэж бодоход ам дүүрэн шүлс хуржээ. Идэх гэж амьдардаг улсуудын эгнээнд эргээд оржээ. Тэр нэг л зүйлийг ойлгосонгүй. Ширхэг будаа…..

П. Батхуяг 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.