Доржзовдын Энхболд - Үсэрсээр л... /Өгүүллэг/

Twitter Print
2023 оны 10-р сар 08-нд 11:26 цагт
Мэдээний зураг,

ҮСЭРСЭЭР Л... /Өгүүллэг/\

Уг нь үсрэх тусам газраас арай илүү хөндийрөөд байгаа нь мэдрэгдээд байвч хүссэндээ хүрэхэд мөн ч хол санагдаж хөнгөн сүүрс алдан амсхийгээд эргээд л үсрэнэ. Тийн хэсэг амсхийчихээд үсрэхэд бие нь түрүүчийнхээс илүү хүндэрч хөл нь газраас дөнгөж л сална. Гэвч амсхийхгүй бол хөл янгинаж, амьсгаа давхцах тул амсхийхгүй байж тун ч чадсангүй. Амьдран суудаг өндөр байшингийнх нь үй олон цонхоор мэлэрч гайхсан зуу зуун нүд түүний зүг аймсран ширтэж байгааг тэр ч харж л байлаа. Гэвч тоосон ч үгүй, хэсэг амсхийгээд л үсрэнэ. Арван тавтай байхдаа аягатай будаагаа ширхэг ширхэгээр нь түүн идэж билээ. Тэгэхэд ээж нь

-Галзуурав уу чи гээд толгой руу нь зөөлөн алгадаад авсан.

Тэглээ гээд хашраагүй. Инээд алдан будааг ширхэг ширхгээр нь түүсээр л байсансан. Удалгүй арван долоо хүрч өсгөлүүн хүү болсон үедээ ангийнхаа охидыг нэгийг нь ч үлдээлгүй үнсэж билээ. Хүзүүдэж байгаад л хушуун дээр нь үнсээд явсан юм. Жижигхэн Дулмааг ч үлдээгээгүй. Үнсүүлсэн охидын зарим нь юү болоод өнгөрснийг ойлгож ядан инээмсэглээд уруулаа ханцуйгаар шударч байхад зарим нь араас нь хөөж цүнхээрээ нуруу руу нь савж байв. Харин жижигхэн Дулмаа нүдээ аниад чичирчихсэн зогсож байхыг нь хармагц хөөрч тэсгэлгүй агдганан инээж билээ. Түүнээс хойш Дулмааг л үнсэх дуртай болчихсон юм. Гэхдээ ангийнхныхаа нүдэн дээр биш хоёулхан хаа нэгтэй нуугдсан хойноо үнсдэг болсон юм. Дулмаа ч чичрэхээ болихын хэрээр нуруу нь өсөж түүнтэй бараг чацуу болоод тунарсан хар гэзгээрээ оролдон, нүднийх нь гүнд унтаж асан ямар нэг нууц сэрсэн мэт давхраа гэрэлтүүлэн үргэлж л инээмсэглэж явдаг болчихсон билээ.

Арав төгсөх хавар гэрийнхнийгээ зуслан руугаа явсныг далимдуулан Дулмааг гэртээ авчраад өөрөө тоог нь бодож, Дулмаа аяга шанага угаагаад зогсож байтал аав ээж хоёр нь гэнэтийн усан бороо шиг ороод ирдэг байгаа. Аав нь бөгс рүү нь өшиглөж ээж нь үснээс нь дугтчиж харин Дулмаа гадагш год харайн алга болов. Өөрөө ч Дулмаагийн араас дэгдэж хоёул гудамжаар өдөржин хөхрөлдөн хөтлөлцөн алхаж билээ.

Тэгээд анх удаа гадуур хонож үзсэн. Цэцэрлэгт гудамжны сүүдрэвч дор. Шөнөжингөө Дулмааг тэврээд суугаагаараа хонохдоо Дулмаа тэвэрт нь хичнээн эвлэг багтаж байгааг битүүхэн гайхаад л байж билээ. Хөнгөхөн. Хөөрхөн. Амьсгалахгүй байх шиг санагдуут цочоод уруулд нь хацраа ойртуулахад гүн шөнийн оддоос ирж байгаа туяа шиг шингэхэн амьсгалынх нь бүлээн дулаан илч нь мэдрэгдэж өөрийнх нь дотроос ундран гарч байгаа галт уулын лаав шиг их халуунтай нийлэн нэгдэж уур болон оддын зүг дэгдэх шиг санагдана.

Үүр цайж байхад эргүүлийн хоёр цагдаа хүрээд иржээ. Арай ахимаг нь

-Ишш чааваас даа гэж шивнэснээ өмсөж явсан савхин хүрмээ тайлж Дулмаагийн хөл дээр тавьчихаад өлмий дээрээ цөмцөгнөн холдсон юм. Үдээс хойш цагдаагийн газар зорин очиж мөнөөх хүрмийг өгөхөд жижүүрийн цагдаа

-Нөгөө Доржоо чинь хүрмээ дахиад л хаячихаж гэсэн.

-Хаяагүй ээ, харин та энэ хүрэмний эзэнд баярлалаа гэж эхнэрийн минь өмнөөс дамжуулж өгөөч

-Эхнэрт чинь нөмрүүлээд явуулж үү? Өлхөн чадна.

-Бид хоёр хоёулаа даарч байсан юмаа.

-За за дамжууламц.

Дараа өвөл нь түлээ нүүрс муутай зутруухан байж байтал аав ээж хоёр нь бас л цахилгаан цахих шиг гэнэтхэн орж ирмэгц ээж нь өлгийтэй хүүг нь тэвэрч аваад эг маггүй охилож гарсан. Тэгээд л он жил хөвөрчихсөн дөө.

Гурван хүү нь өөр өөрийн Дулмаагаа хөтлөөд нэг нь Америк руу нөгөө нь Япон руу бага нь Парис руу явчихсан. Ганц охин нь өндрөөс өндөр Дулмаа болсон. Одоо Сингапорт хувцас үзүүлэгч.

Харин өөрийнх нь Дулмаа энэ модны орой дээр чичирч суугаа шиг санагдан үсэрсээр л байна. Аль нэг мөчир дээр нь будааг ширхэглэн идэж суугаа хүү ч юм уу, охидыг хүзүүдэн үнсэгч балчир залуу ч юм уу, цагдаагийн хүрэм буцаан өгөгч эхнэртэй эр ч юм уу сууж л байх шиг. Үсэрсээр л, үсрэх бүр л хөл нь хүндэрсээр л...

2015 он.

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.