Наранд биш, нарсанд биш найман сар суулаа

Twitter Print
2020 оны 08-р сар 13-нд 13:13 цагт
Мэдээний зураг,

(Цонхоороо бүлэг архичдын “жүжиг”, телевизээр урлагийнхны “жүжиг”-ийг л үзэх юм шив дээ)

Одоогоос найман сарын өмнө Хятадын Ухань хотод аюултай өвчин гарч гэнэ гээд Монголд өндөржүүлсэн бэлэн байдал зарлаж, хорио цээрийн хатуу дэглэм тогтоосон. Түүнд хамгийн их өртсөн хүмүүс нь Улаанбаатар хотын иргэд, тэр дундаа өндөр настан, хүүхдүүд. Тэр аюулт өвчин ахмад настанд тусвал бараг л “авч явж” салдаг бололтой юм. “Гэрээс битгий гар. Гараа сайн угаа”. Хэрэв гарцаагүй гарах хэрэг гарвал амандаа масктай, нүдэндээ шилтэй, гартаа бээлийтэй гараад, буцаж ирэхдээ угаалга цэвэрлэгээ хийж, ариутгалын бодисоор ариутгах гэнэ. Ийм хатуу дэглэм одоо хүртэл үргэлжилж байна. 

Бензин шатахуунаас эхлээд юмныхаа үнийг хэд дахин нэмчихсэн. Өнөө буяны ном хурдаг хийдүүд хүртэл айлтгалынхаа үнийг хоёр дахин нэмлээ. Төр засгийн хайр халамж ч ахмадуудын хувьд хаана яваа юм бүү мэд. Тэтгэврийн зээл аваагүй ахмадууд коронавирусээс амьд үлдвэл хойтон жил нэг сая төгрөг аваарай л гээд байгаа. Мөн л өнөө 1072 хувьцааны ногдол ашиг шиг молиго байх л даа. Харин энэ далимд сануулахад 1072 хувьцааны ногдол ашиг тараана гэж байсан нэг их наяд төгрөг хэн хэний халаасанд орсон бэ? Үүнийг шалгаж ард түмэндээ үнэн зөвөөр мэдээлэх хууль хяналтын байгууллага байна уу?!

Жаахан хадуурчихлаа. Өнөөх “жүжиг”-үүд рүүгээ оръё. Гэр хорионд байгаа хүн чинь цонхоороо л  их харах юм даа. Монгол маань архин далайд умбаж байгаа. Төсвийн орлого бүрдүүлэх төр засгийн гол бодлого юм байгаа биздээ. Миний амьдардаг Баянгол дүүрэг бол арай ч дэндүү л дээ. Энэ дүүргийг 4 жил удирдаад УИХ-ын гишүүн болсон С.Одонтуяагийн бидэндээ үлдээсэн гол “гавъяа” нь энэ. Дөрвөн жил өөдтэй юм хийлгүй, дүүргээ архичны үүр болгочихсон С.Одонтуяа гэж эмэгтэйг манайхан УИХ-ын зөөлөн сэнтийдээ залчихсан, тэр нь бас АН-ын дарга болно гэж зүтгэж байгаа сураг байна. Ардчилсан нам минь ч ядарч дээ, ядарч. 

Манай эндэхийн архичдын “жүжиг” их сонион. Таваас арван хэдүүлээ нэг бүлэг болж явна. Өглөө 6-8 цагийн үед сүүдрэвчинд цуглаж инээж хөхрөөд их сайхан уулзана аа. Ахмадын бүлэгт 1-2 хөгшин авгай, залуусын бүлэгт 3-4  охид хүүхнүүд байна. Гуя хасаа илэлцээд тархи толгойгоо нийлүүлээд их сайхан эхлэнэ. Хөгжилтэй яриа өддөг бололтой инээж наадацгаана. Хэдэн шил сулласны дараа л бишдэнэ дээ. Эхлээд ноцолдоно. Дараа нь нүүр нүдгүй зодолдоно. Зарим нь зам руу гүйгээд машин доогуур орох гэж жолооч нарыг сандаргана. Нөгөө зарим нь тасраад уначихна. Арай жаахан эрүүл нь нөгөөгийхөө өвөр халаасыг ухаж, өөртөө хэрэгтэйг авна. Энэ “жүжиг” үдээс өмнөжин үргэлжилж байхад дэргэд нь дүүрэг, хорооны цагдаа байгаа шүү дээ. Тэдэнд падлий ч үгүй. Үдээс хойш телевизийнхээ “жүжиг”-ийг үзнэ.

Бидний урлаг ч бараг сөнөсөн л дөө. Гэхдээ ардын урлагийн авъяастнууд төрж байнаа. Өндөр настан бидний чих сонорыг мялаах, үзэж харж баясах урлаг алийг тэр гэхэв. Гэхдээ бидэнд хүртэх нь тун багадаа. Тэр айхавтар дуу чимээтэй хөгжмийг орчин үеийн залуучууд сонсож хошуурахыг би буруу гэхгүй. Бид ч залуу явсан. Монголд 400 мянга гаруй ахмад настан байдаг л гэнэлээ. Тэд ч гэсэн үүнийг зөвшөөрөх л байх.

“Бидний урлаг” гэдэг нь өнөөх л ардын сайхан дуу хөгжим, ард түмний сэтгэлд хоногшин үлдэж өнөө хүртэл хүсэн хүлээгдээд байгаа жүжиг кинонууд, шог хошин номеруудыг хэлээд байгаа юм. “Цогт тайж”, “Монгол хүү”... киногоо үзэхсэн. "Учиртай гурван толгой", “Далан худалч” жүжгүүдээ харахсан. “Хөх торгон дээл”, “Хөөрхөн халиун”... дуунуудынхаа клипийг үзэж сонсохсон гэж л хүсээд байгаа юм л даа. Хааяа нэг өдрийн од шиг үзэгдээд л өнгөрдөг. Өнөө жилийн баяр наадмын концерт эхлээд "Учиртай гурван толгой" дуурийн Юндэн Нансалмаагийн дуу дуулахад хичнээн баярласан гээ.  “За Жанцанноров минь ч биднийгээ мартаагүй л байгаа юм байна” хэмээн бахархаж суутал тэгээд л таг чиг!

Энэ дашрамд би "Учиртай гурван толгой" дуурийн талаар хэдэн үг хэлмээр байна. Энэ дуурийг жинхэнэ утгаар нь найруулж тоглоосой гэж би мөн ч олон удаа ярьж бичсэн дээ. Гол нь зохиолынхоо утга санаанаас зөрөөд байдаг юм. “Эрд очно гэдэг чинь энэ насны жаргал шүү”, “Эхнэр авахыг бодсон юм” гэхчлэн хорь гучаад насны залуучуудын үйл амьдралыг харуулах ёстой зохиол. Тэгтэл гол баатаруудад нь тавь жараад насны хүмүүс тоглохоор сэтгэлд нэг л буудаггүй. Тэр байтугай Монголын хамгийн бараан царайтай алдарт жүжигчнийг Насалмаад тоглуулаад “Цав цагаан царай чинь цасны ширхэгнээс тунгалаг” хэмээн магтаж болдог юм уу?! Ийм зөрчилдсөн санаанууд чинь л сайн уран бүтээлийн нэр хүндийг бараад байгаа юм даа.

Хөл хорионд сууж байхад элдвийг л зүйл бодогдоно. Манайд шинэ залуу сайн дуучид, жүжигчид олноороо төрөх юм. Тэгээд  ардын богино дуу дуулаач Б.Алтанжаргал, Б.Нямзагд, Д.Жавхаасайхан нарын аль нэгийг Юндэнд, дуучин Б.Батцэцэглэн, П.Жимсээ, Ч.Алтантүлхүүр нарын аль нэгийг Нансалмаад, П.Баярмагнайг Балган юмуу худалдаачны аль нэгэнд тоглуулаад харж байх юмсан гэж бодогддог. "Учиртай гурван толгой" дуурийн нэг гайхамшигтай дүр нь Хоролмаагийн дүр. Олон л "Учиртай гурав" үзэж байна. Хоролмаагийн дүрийг сэтгэлд хоногштол үлдээсэн гавъяат жүжигчин Пүрэвсүрэнгээс өөр бодогдохгүй л байгаа юм. Гайхалтай бүтээсэн дүр шүү. Ийм жүжиг гарахгүй юм даа. Театрууд маань орчуулгын хэдэн жүжгээр л нүд хуурах болж.

Сүүлийн үед дууны уралдаан тэмцээн их зохиодог болж. “Сүлд караоке”, Малчид, хилчид, тээвэрчдийн гэх мэт тэмцээн уралдаанууд зохиогдож шилдэг авъяастныг тодруулж байгааг би хувьдаа дэмждэг. Сайхан авъяастнууд ч их төрж байна. Энэ хорио цээрийн үеэр ахмадуудын үздэг зүйлийн гол нь энэ  байж ч магадгүй. Гол нь их муу зохион байгуулах юм. Би зөвхөн нэгийг нь авахад “Сүлд караоке”-д 300 гаруй хүн оролцов уу даа. Улс аймгийн өнцөг булан бүрээс ардын авъяастнууд оролцсон. Оролцогчдын талаас бол хэлэх зүйл байхгүй, ямар идэвхтэй оролцсон гээ. Үүнийг чинь тасралтгүй үзье санаа бодлоо хуваалцъя гэсэн хүн олон байгаа. Тэдэндээ хүргэхийн тулд, үнэлэлт дүгнэлтийг нь авахын тулд санаачлага гаргах ёстой байсан. Телевизүүдийн хамгийн их ачаалалтай байдаг үеэр, ёс болгож хэдэн хүнийг дуулуулдаг, бичлэг нь сул дорой, хөгжим нь хэт өндөр, дуучин ам нь л ангалзаад байдаг. Хөтлөгч эмэгтэй нь дуучныхаа дуу сонсгохын оронд нуршаа ярилцлага гаргаад байдаг, дараагийн тоглолт ямар телевизээр хаана хэдийд нэвтрүүлэхийг ч зарлачихгүй, хэтэрхий увайгүй хандах юм даа. Бичлэг ч гэж бөөн алдаа. Нэг дуучныг “Улаанбаатар аймгийн” гээд биччихсэн л байна билээ. Урлагийг ингэж оромдож болохгүй л дээ. Шалгарагсдаас нь сайхан концерт бэлтгэж бидэнд үзүүлээсэй. 

Манай урлаг соёлын одод ороцсон “Тавуулаа” тоглолт болно гэж их рекламдлаа. Бид ч ёстой хүсэн хүлээж байсан л даа. Телевизээр шимтэн үзсэн зүйлийн нэг энэ. Тэгсэн чинь сүүлийн жилүүдэд гэр бүлийн асуудлаар “булайгаа чирч” байгаа ардын жүжигчин Чимэдцэеэ гараад ирдэг байгаа. Сэтгэл хүйтрээд явчих нь билээ. Үзэгчид ингэж л хүлээж авсан байх. Хоёр ардын жүжигчин яаж нийллээ дээ.Тэгсэн хэрнээ яаж муухай салав даа. Хөрөнгө мөнгөний нь хэрүүл хэвлэл мэдээллийн бараг бүх хэрэгслэлээр цацагдаад ичмээр юм болсон. Ардын жүжигчин хүн чинь өөрийнхаа нэр төрийг боддоггүй юмаа гэхэд “Алтан тайз”-ныхаа нэр хүндийг бодож болмоор доо. “Тавуулаа”- гийн нэг нь энэ. 

Нөгөө нь Д.Сосорбарам. Энэ зөвхөн миний биш манай ард түмний хайртай хүү. Энэ хүнийг урлагийн тайзан дээр гарахаас нь эхлээд одоо хүртэл хайрлаж хүндэтгэж явдаг хүнийх нь нэг би. Уран бүтээлийн нь ид оргил үед манай “Улаанбаатар” сонин Сосорбарамыг оныхоо гоц авъяастнаар шалгаруулж “Хангарьд” шагнал, шинэ орон сууцаар шагнаж байж билээ. Би ч хэд хэдэн удаа “Ардын жүжигчин”, “Хөдөлмөрийн баатар” гэж цол байдаг бол Сосорбарамд л өгөөсэй гэж бичиж байсан. Нэрт яруу найрагч агсан Р.Чойнямын хэдэн дууг л дуулж анх гарч ирсэн шүү дээ. Би бол, тэр дуунуудаа дуулаасай, бүхэл бүтэн концерт тоглоосой гэж үргэлж хүсч байдаг байхгүй юу. Тэгсэн чинь юу вэ, Тайзан дээр үсэрч дүүлээд “тонгочиж” гардаг байгаа. Ядаж бидний мэддэг ганц дуугаарч чих мялаасангүй. Ер нь Сосорбарам маань тэр домог болсон дуунуудаа дуулахаа больсон, уул овоон дээгүүр чихэнд наалдахгүй дуу шүлэг үглээд явах болсонд бидний үеийнхэн бол гомддог л доо. Цаг нь ирээд залуучууд үсэрч дуулж бүжиглэж л байдаг юм байгаа биз. Цагаан толгойтой Сосорбарам маань ч ингэх гэждээ! гэх хүн олон л байгаа бололтой. Хөл “хорионд” байгаа бидний үзэх гэж шимтсэн зүйлийн нэг нь энэ. 

Хамгийн хөгжилтэй юм, энэ хавар л боллоо. Хэдэн жилийн өмнө нэг найзынхаа найранд очсон чинь соёл урлагийн их сургуулийн оюутан Баясгалан, Жавхлан гэж хоёр сайхан залуу дуулж сонирхуулахад яасан их баярлаж байсан гээ. Хөгшин бид хоёр тараад явж байхдаа: “Аргагүй л манай урлагийн ирээдүйнүүд тодорч байна даа” хэмээн ярилцаж явсансан. Хоёр залуу дуулсаар төд удалгүй Монгол улсын гавъяат жүжигчид болцгоосон. С.Жавхлан маань олны хайр хүндэтгэл хүлээгээд УИХ–ын зөөлөн сэнтийд ч заларсан. Тэгсэн чинь алдар цол, албан тушаалын төлөө юу ч хийхээс буцахгүй хүн байж. Сонгуулийн өмнө “Шинэ” намыг дэмжиж байна гэдэг л байсан. Тэгснээ Ардчилсан намд элсэж Увсын тойрогт өрсөлддөг байгаа. Тэгээд өсч төрсөн нутагтаа ялагдчихсан. Мэдээж шүүдээ, Увсын ард түмэн чинь ухаантай ард түмэн. Нам дамжсан “хэрмэл” этгээдийг хэн сонгож байх юм?! Тэгсэн чинь л Самандын Жавхлан гэж хүний жинхэнэ дүр төрх тодорлоодоо. “Нутагтаа дахин очихгүй” л гэнэ. “Увсынхан миний дууг битгий сонсоорой” л гэнэ. Ёстой л ямар өчүүхэн амьтан бэ гэдгээ харуулсан. Увс нутгаас чинь Жавхлан байтугай олон алдар суутнууд төрж гарсан, тэр зэргийн дуучнаар дутахааргүй газар л даа. Зарим уран бүтээлчид юу юуны туханд хүрэлгүй ингэж сагаж байгаа юм. Амьдралын нугачаа гэдэг ч, алагтай булагтай байдаг юмдаа. Жавхлан минь, хэзээ нэг цагт Увс минь унасан газар минь гээд очихыг байг гэх газаргүй л болов уу. 

Хөл хорионд олон сар болохоор чинь хааяа бид хошин шог үзэж инээмээр санагдана. “Хүмүүс хошин шог мөхсөн. Гижигдэхээс нааш инээлтгүй болсон” гэж бичээд, яриад байгаа нь үнэний хувьтай бололтой. Зарим хэвлэлд мэдээлснээр бол нэр хүндтэй хэд нь реклам, олз олбор хөөгөөд яваад өгсөн хэдэн шинэ хүүхэд, юун инээлгэхээсээ “уйлуулдаг” болсон гэх. Үнэхээр л үзэх юм алга даа. Уул нь манай хошин шогийн сайн жүжигчид бий. Даанч хөдөлмөр зарж, сайн бүтээл хийе гэж бодохгүй аахар шаахар зүйлээр биднийгээ аргалдаг бололтой. Миний үед төдийлөн дуулагддаггүй байсан “Малчны уралдаан” дууг ямар гоё найруулж бидний “элгийг хөшөөсөн” гээ. Тэгтэл одоо тийм бүтээл алга. Би, “Малчны уралдаан”-ыг олон удаа захиалсан. Ер гаргаж өгөхгүй байгаа юм. Хошин шог гэдэг чинь хувь хүнийг сонгож авахаас их шалтгаалдаг зүйл. Данзан, Содном, Бадарч, Цээеэ, Латиф... гээд манай нэрт жүжигчдийг бол манайхан ороод ирэхэд нь л инээдэг байсан. Одоо тийм дүр төрхтэй хүн тун ховордождээ. Олъё гэж боддоггүй байх. Хошин шогийн Б.Даваажав гэж жүжигчин бий. “Монголын тал нутаг” дууг морьтой дуулаад л давхиад байдаг өндөр сайхан залуу. Би түүнийг хошин шогт амжилт үзүүлнэ гэж боддог. Даанч тоглуулахгүй юм билээ. Тийм залуучууд олон  бий л дээ. Одоо чинь сайн жүжигчин олж тодруулъя гэхээсээ “Миний урд гарчихвал яах юм” гэж айдаг цаг ирсэн бололтой. 

Би энэ далимд хэвлэл мэдээлэлийнхэндээ хэдэн зүйл сануулмаар байна. Бидний үеийг бодвол дэндүү амар хялбар болжээ. Эрхлэгч маань өглөө дуудаад л шинэ соргог мэдээ төдийг олж ир! Тийм хүнтэй уулз гээд л гаргадагсан. Бид ч улаа элэгдтэл явж шинэ сонин мэдээ материал цуглуулдаг байлаа. Одоо манай хэвлэл, телевизийнхэн бол Коронавирусын 11 цагийн мэдээ, Засгийн газрын хуралдааны тойм, гадаадын үеэ өнгөрөөсөн хэдэн алаан хядаантай, олон ангит кино, хүүхэлдэйн кино, реклам, зар сурталчилгаа, цаг агаарын мэдээ л өдөрт хэд ч нэвтрүүлж байгаа юм бүү мэд.Зарим телевиз мэдээнийхээ цагаар “тодруулга” нэртэй урт ярилцлага оруулаад дуусгадаг болж. 

Сэтгүүлчдэд маань хариуцлага гэдэг юм ч алга болж. Телевизийн нэвтрүүлэг болгонд “урсдаг мэдээ” гэсэн хэдэн өгүүлбэр явж байгаа. Нэг өгүүлбэрт л гэхэд хоёр гурван алдаа. Бүр, утгын алдаа урсгана гээч. Бидний үед бол, тийм үсгийн дүрмээ мэддэггүй хүнийг хэвлэл мэдээллийн газар ажиллуулдаггүй л байсан. Одоо бол шагнадаг болсон юмуудаа. Нэг телевизийн дэлгэц дээр “УИХ-ын чуулга” гээд биччихсэн нь хэдэн сар боллоо. УИХ-ын чуулган л баймаар юм. Бас нэг  телевизийн суваг нээх болгонд л “өвдсөн”, ”нас барсан” гээд баахан тоо бичээд орхичихсон. Монгол хүн чинь тийм “өвдсөн үхсэн” гэсэн зүйлийг байнга ширтээд суух дургүй. Түргэхэн л хаадаг. Телевизийн ийм жүжгүүдийг найман сар үзлээ. Ахмадууд бид хэдий хүртэл хөл хорионд байх юм, бүү мэд. Зарим нь “та нар дараагийн сонгууль өнгөртөл гарч болохгүй шүү” гэж айлгахыг нь яана гээ. Биднийхээ ходоодонд юм нэмдэггүй юмаа гэхэд тархи толгойд маань таарч тохирсон “тэжээл” өгч байгаасай даа.

Г.ЖАМЬЯН

(Монгол улсын соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч)

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.