Ийм нэгэн түүх байдаг

Twitter Print
2016 оны 03-р сар 18-нд 12:23 цагт
Мэдээний зураг,

Өнөөдөр сая гурван зуу гаран мянган оршин суугчтай болсон улсын нийслэл Улаанбаатар хотын өнгө төрх өнгөрсөн зууны эхний хасагт ямар байсныг өнөөгийн бид мэдэхгүй. Бүр сүүлийн хагаст ч ямар байсныг мэдэх хүн жил ирэх тусам цөөрсөөр байна. Харин бөмбөгөр ногоон теар, хятад ши-янзы, өндөр хоршоо, өндөр хог, усны гудамж, сүүн зах гэж ямар янзтай газрууд байсныг өчигдөрхөн мэт сайн санах, буянтай буурал хэдхэн хүн үлдэж дээ. 

Эртнээсээ нийслэл хүрээнийхэн соёлтой, гангалах дуртай хүмүүс байсан гэдэг. Шинэ юмыг амьдралд хэрэгжүүлэхдээ сайн байж. "Машины үнэр гоё" гэж хүүхнүүд ярьдаг байсан тухай яриа ч байдаг. Тэр нь бензиний үнэрийг хэлж байгаа хэрэг. Ямартаа л автобусанд суусан хүн болох гэж хувцсандаа бензин шингээсэн байсан тухай шог яриа байх вэ дээ. 

Монголд анх автобус үйлчилгээнд нэвтрэхдээ өнөөдрийнх шиг байгаагүй юм. Өнөөгийн том оврын автобус, жижиг оврын микронуудаа хавьчдаг шиг юм болж хүн тээвэрлэдэг морин тэрэг, хятадын сүйх тэрэг шахагдаад эхэлжээ. Тухайн үедээ багагүй зөрчил үүсч шинэ цагийн унаанд суух ёстой гэсэн яриа гарч байсан аж. 
 

Хөдөөнөөс хотод орж ирээд автобусанд сууж үзсэн тухайгаа нэг нөхөр "Хоёр талаараа битүү шилтэй атбаазанд сууж өдөржин явж хотыг үзээд, түүнээс болж машины үнэр шингэчихээд манай хэдэн адуу надаас үргээд байх болчихлоо" гэж нутгийнхандаа гайхуулан ярьж байжээ. 

Дугуй цагаан малгай өмсч, сувдан даруулга зүүсэн хүрээ соёлтой хүүхнүүд автобусанд их л намжиртай бууж сууж байдагсан гэж ахмадаас сонсож байсан юм байна. Тэр үед автобусанд дайрч чихцэлдэж орно гэж байхгүй бие биендээ хүндэтгэлтэй хандаж хүнээ буулгаж байж цувран ордог байж. Одоотой адил хүний хувийн орон зайд халдаж, шахцалддаггүй байсан гэнэ. Энэ нь тухайн үеийн нийслэлийн иргэдийн соёлтой байсныг харуулж байна. 



Ийнхүү нийслэлийнхэн автобусанд сууж гангардаг байсан түүхтэй. Өнөөдөр нийслэлчүүдийн унааны хамгийн гол хэрэглээ нь автобус болжээ. Хотод анх автобус үйлчилгээнд явж эхэлсэн тухай хууччуулаас сонссон минь иймэрхүү.

Монгол оронд XX зууны 20-иод он хүртэл механикжсан тээвэр байсангүй. Нийслэл хүрээнд гурван машин, нэг мотоцикл явдаг байсан гэж ярьдаг. Харин Богд хаанд хэдэн суудлын машин байсан гэнэ билээ. 

1920 -иод оны үед гадаадын пүүс компанийн хэдхэн машин ажил үүрэг гүйцэтгэж байсан гэдэг. 1924 онд "Тээх нэвтрүүлэх хэргийг эрхлэх тусгай газар" гэдгийг байгуулжээ. 

Мөн 1926 онд 14 тоннын багтаамжтай 230 ширхэг савыг Германаас оруулж ирж анхны шатахуун түгээх станцыг байгуулсан түүхтэй аж. 1929 онд Монгол -Зөвлөлтийн хооронд байгуулсан гэрээгээр Монголтрансыг 20 машинтай байгуулжээ. 

Улаанбаатарт анх 1929 оны арваннэгдүгээр сард автобусаар үйлчлэх шийдвэр гарч хотын төвөөс Амгаланбаатар хооронд автобусны үйлчилгээ нээгдэж өдөрт таван удаа хоёр машин явж эхэлжээ. Сайд нарын зөвлөлөөс 1931 онд хотод автобус явах дүрмийг баталж цагийн хуваарь, зорчигчдоос хураах мөнгөний хэмжээг тогтоосон байна. 

Хотод 1936 онд 14 автобус үйлчилдэг болсон байна. Нийслэлд 1950 он гэхэд 40 автобус 37 такси үйлчилж байжээ. Анхны автобусны үйлчилгээг өнөөдрийн нийслэлд үйлчилж яваа 500 гаруй автобустай харьцуулахын аргагүй хөгжжээ. Харин үйлчилгээний соёл ямар байгааг бид сайн мэдэж байгаа. Автобусанд сууж гангарах бус залхтлаа чихцэлддэг явдал арилаагүй л байгаа даа.

Лавлах: Нийслэл хүрээний хүн амын нягтрал 1926 оноос нэмэгдэн төв суурин амьдралын хэв маяг тогтож, тэр нөлөөгөөр хөдөлгөөн идэвхжиж тээврийн хэрэгслийн хэрэгцээ буй болсноор нийтийн хэрэглээний түвшинд хүрсэн байна. 1933 онд “Өртөө,шуудан,буудал”- ын харьяанд Улаанбаатарын автобусны гараашийг 11 автобустайгаар байгуулжээ.

Харин 1935 оноос “ГАЗ-2”, “ЗИС-154”, “ЗИС-16” маркийн автобус нийтэд үйлчилж байв. 1955 оноос “ЗИС-155”, ”ПАЗ-651”, 1959 оноос “ГАЗ-51”, ”ПАЗ-651”, “ЗИС-150”, “ЛАЗ”, “Шкода-706” маркийн 138 автобустай болжээ. 

Сэтгүүлч Л.Отгонбат

E-mail: etugen68@yahoo.com 
Утас: 76110303, 76110505

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.