Б.Энхбайгаль: Рио Тинтогоос ирүүлсэн захидал асуудлыг шийдэж буй хэрэг огт биш

Twitter Print
2021 оны 12-р сар 22-нд 16:44 цагт
Мэдээний зураг,

Оюутолгойн ордын үнэлгээг жил ирэх бүр бууруулж, үр ашигтай нөөцийн хэмжээг 2.6 дахин бууруулж үнэлж байгааг Монголын тал хүлээн зөвшөөрөх үү? 2014 онд хийсэн бидний үнэлгээгээр Оюу толгойн ордын үр ашигтай нөөц 286 тэрбум доллар.

Рио Тинтогоос ирүүлсэн захидалд дурьдсан саналыг зөвшөөрөх нь IDP 2010-аар сонгосон Оюутолгойн ордыг 27 жил ашиглах төлөвлөгөөг дахин баталгаажуулж, хүлээн зөвшөөрч байгаа хэрэг. Хамгийн багадаа 84 жил, цаашдаа 100 түүнээс ч олон жилээр ашиглах боломжтой ордын алт зэс ихтэй хэсгийг хэдхэн жилд сорчилж ашиглаад захын агуулгыг ашиглахгүй хаяхыг Монголын төр зөвшөөрч давхар баталгаажуулж буй хэрэг болно.

2013 онд Миний бие Үндэсний хөгжлийн хүрээлэнгийн захирлаар ажиллаж байхдаа Эрдэнэтийн гэрээ, технологийг сайн мэдэх туршлагатай мэргэжилтнүүдийн баг бүрдүүлж Оюутолгойн ТЭЗҮ-г шинжилж тооцоо хийсэн юм аа. Багт Др.С.Авирмэд, Др.М.Дамдинсүрэн, Др.Б.Энхбайгаль (миний бие), Др.Бат-Очир, Др.Д.Даваасамбуу, С.Дамбадаржаа нар болон бусад хүмүүс оролцож ажилласан. Энэ ажлыг санаачилж, эдийн засгийн тооцоог гардан хийж, тайланг эхнээс нь дуустал үг үсэгчлэн өөрөө бичиж, төрийн холбогдох байгууллагуудад тухайн үед хүлээлгэж өгсөн хүний хувьд би энэ асуудлаар дуугарах ёстой бас үүрэгтэй.

2014 оны 1 сард хүргүүлсэн тайланд олон асуудлыг ил болгон тавьж дурьдаж байсан. Тайлангийн эхний ботийг энэ холбоосоор орж үзээрэй (https://www.scribd.com/.../%D0%9E%D0%AE%D0%A3%D0%A2%D0%9E...).

Сорчилж ашиглах "reserve case" хувилбарт 27 жил ажиллах Оюу толгойн өөрийнх нь тооцоо бий. 2009 оны 10 дугаар сарын 6-нд байгуулсан Хөрөнгө оруулалтын гэрээ 30 жилийн хугацаатай. 2050 оноос хойш ашиг авна гэдэг бол зүгээр л бид ухаж дуусгаад гараад явчихсан хойно та нар яаж ч чадахгүй гэсэн л үг.

Дубайн гэрээний давхар зорилго нь хөрөнгө оруулалтын гэрээнээс өмнө гаргасан зардал, Дубайн гэрээ байгуулах хүртэлх үр ашиггүй зардлууд, нотолгоогүй хий бичилтүүд, Рио Тинтогийн охин компаниудад зээлийн хүү нэрээр угааж эргэлдүүлж байгаа зардал, менежментийн зардлыг Монголын талаар хүлээн зөвшөөрүүлж, давхар атгандаа хийж авах, ингэснээр Монгол Улсын нутаг дэвсгэр, түүний хөрсөн доор байгаа баялгийг гадны банкны барьцаанд тавих л зорилготой байсан. Одоо ч мөн л ийм замаар явж байна.

МОНГОЛЫН ТАЛЫН ХҮРТЭХ АШГИЙН ТУХАЙ "ЗАСГИЙН ГАЗРЫН ТӨСӨӨЛӨЛ" ЗӨВХӨН ОЮУТОЛГОЙ ХХК, РИОТИНТОГООС ӨГСӨН МЭДЭЭЛЭЛД ТҮШИГЛЭДЭГ

Оюутолгойн төслөөс хүртэх ашгийн тухай манай Ерөнхий сайдууд ямар ойлголт төсөөллөөр мэдээлэл хийж амлалт өгч байсныг эргэж сануулья. Н.Алтанхуяг Ерөнхий сайд ашиг буурна гэдгийг зарласан, У.Хүрэлсүх Ерөнхий сайд байх үедээ 22 тэрбумын өртэй гарна гэсэн.

76-гийн нэг болчихоороо "Би бүгдийг мэднэ" гэж ойлгодог улстөрчид бүх асуудлыг дангаараа шийдэх гэж оролддог нь буруу. Уул уурхайн үйл ажиллагаатай холбоотой зардал хэтэрсэн, технологийн холбогдолтой асуудлыг эдийн засаг, уул уурхайн мэргэжлийн баг ажиллуулж байж тэднийхээ үгийг сонсож байж шийдсэн тохиолдол бараг байхгүй.

2014 онд бидний хийж өгсөн судалгааны үр дүн, дүгнэлтийг энэ холбоосоор орж үзээрэй (https://www.scribd.com/document/491691701/).

Энэ бол Монголын талаас хийсэн судалгаа тооцоо байхгүй үед төр засгийн түвшинд шийдвэр гаргахад нь тус болох гэж бэлтгэсэн урьдчилсан ТЭЗҮ. Тоног төхөөрөмжийн өртөг, хөрөнгө оруулалтын зардлыг Дэлхий нийтийн тухайн үеийн үнэ ханш, стандартаар тооцож, манайхтай ижил төстэй уурхайнуудын зардлыг шинжилж, ажлын төлөвлөгөөг нь хянаж, далд уурхайн мөрөгцөгүүдийг, экскаваторын шанаганы хэмжээг, уул уурхайн олборлолтын технологийн сонголт, түүнд нийцсэн үйлдвэрлэлийн хүчин чадлыг хүртэл тооцож хийсэн ажил юм.

Энэ судалгаанд Эрдэнэт үйлдвэрийн хэлэлцээрт оролцсон, Эрдэнэт үйлдвэрт насаараа ажилласан манай тэргүүлэх уул уурхайчид, тэргүүлэх инженерүүд Монголоо гэсэн сэтгэлээр, гол үүрэг рольтой ажилласан юм шүү. Манай баг Монголынхоо төлөө гэж л ур ухаанаа дайчилж, зүрх нь цохилж ажилласан, одоо шийдвэр гаргаж буй эрхмүүдээс бас ингэж ажиллаасай гэж хүсэх байна.

Монголын тал Оюутолгойн олборлолт, орлогод ямар ч хяналтгүй, Оюутолгой төслийн зардлыг ч хянадаггүй. Ийм нөхцөлд ямар ч хэлэлцээр тохироо ул суурьтай байж чадахгүй.

Оюутолгойн баяжуулах үйлдвэрийн өртөг анхны тооцооноос 5 дахин, дэд бүтцийн зардал 3.8 дахин, төслийн нийт өртөг ₮ дахин өссөн (Хавсралт зургаас үзнэ үү). Менежментийн зардал 2010 оны Оюутолгойн өөрийнх нь техникийн тайланд төлөвлөж тусгаснаас 11 дахин өссөн.

Нөгөө талаас Монгол Улсын тухайн үеийн Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол Улсад бүртгэлтэй, стратегийн орд газруудыг ашиглаж буй Оюу Толгой зэрэг аж ахуйн нэгжүүдийн орлогыг Монголбанкаар дамжуулах “Валютын зохицуулалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хууль”-ийг санаачилж, удаа дараа хэлэлцэхийг УИХ-аас шаардсанаар 2017 оны 4 сарын 17-ны өдрийн УИХ-ын 29 дүгээр тогтоолоор баталсан.

Ийнхүү гадаадын хөрөнгө оруулалттай томоохон төслийн валютын орлогыг Монгол банкаар дамжуулдаг байхаар шийдвэрлэсэн боловч гадны нөлөөлөл, шахалтын улмаас дөнгөж 20 хоногийн дараа УИХ уг тогтоолоо цуцалж, хүчингүй болгосон.

Тодорхой судалгаа, баримтгүйгээр ингэж асуудал шийдээд дахиад алдаа болох вий дээ. Уул уурхайн технологи, эдийн засгийн тооцоонуудыг мэргэжлийн хүмүүс, мэргэжлийн багт нь даалгачихдаг бол ядаж хэлэлцээр хийхэд барьцтай болно. Гол асуудал Монголын тал Зөвхөн Риогийн, Оюутолгойн өгсөн мэдээлэлд түшиглэж шийдвэр гаргадаг, өөрийн гэсэн тооцоо судалгаагүйгээр асуудалд хандаж, шийдэх гэж оролдоод байгаа учраас далаараа тавиулаад байгаа юм.

Бямбасүрэнгийн Энхбайгаль

Сануулахад, "Рио Тинто”, “Туркойс Хилл Ресурсэс” компаниудаас 2021 оны арванхоёрдугаар сарын 13-ны өдөр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд хаяглан ирүүлсэн захидалдаа Засгийн газрын Ажлын хэсгээс гаргасан санал, шаардлагыг хүлээн авч, “Оюу толгой” ХХК дахь төрийн эзэмшлийн 34 хувьд ногдох өнөөдрийн байдлаар 2.3 тэрбум ам.долларын өрийг бүрэн тэглэх, гүний уурхайн ашиглалтад орох хүртэлх шаардлагатай нэмэлт зардлыг гадаадын хөрөнгө оруулагч тал бүрэн хариуцаж, “Эрдэнэс оюу толгой” ХХК дээр нэмж өр үүсэхгүй байхыг баталгаажуулсан байдаг.

Түүнчлэн, 2015 онд байгуулсан Оюу толгой төслийн Далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөө, Далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн нэмэлт төлөвлөгөөг цуцлахад бэлэн буйгаа илэрхийлсэн юм.

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочин

      (118.41.147.218) 2014-04-18 20:51
      • 0
      • 1

      Battulga bol Mongold bga jinhene ulstorch. Mongoliin toloo zutgej bga jinhene Mongol. Iim hun olon baival Mongol uls hogjino. Hogjihoo bolii gehed yadaj tusgaar togtnoloo avch uldene. Busdaar onoodriin Mongol hetsuuhen l bga shde. Bugd medej bga. Ene hun yaridag bas yarisanaa ajil bolgodog hun... demjij bnaa.

      Хариулах