Улс төрийн тогтворгүй байдал удаан бүү үргэлжлээсэй

Twitter Print
2014 оны 04-р сар 23-нд 13:25 цагт
Мэдээний зураг,
Өчигдөр Монголын ард түмэн хоёр хуваагдан хэрэлдэж өнжлөө. Өөрөөр хэлбэл, нэг хэсэг нь Ардын намын талд зогсож, нөгөө хэсэг нь АН-ын талд орж хуваагдан хэрэлдэв. Цахим ертөнц, сошиал медиа, ажил дээрээ, жолоо барьж яваа гээд бүгд л өнөөдөр энэ сэдвийг тойрон маргалдаж байгаа юм. Сайдууд огцрох нь, Засгийн газар будаа хэмээн баярлах хэсэг байхад нөгөө талд нь МАН улс төрийн тогтворгүй байдал үүсгэхийг хүслээ. 

Одоо энэ бүх завхарлыг арилгах цаг болсон. Бадарчин баярлах цаг болоогүй. Цаашид асуудал ямар байдлаар өрнөхийг хэн мэдэж байгаа юм бэ гэх мэтээр талцаж, хуваагдсан. Энэ маргаан мэтгэлцээн ингээд нэг өдөр үргэлжлээд дуусахгүй, цаашдаа ч үргэлжлэх нь тодорхой байна. “Халуухан” гэх тодотголтой хаврын чуулганы хэлэлцэх асуудалд багтсан УИХ-ын гишүүн Засгийн газрын сайдын албан тушаалыг давхар хашихгүй гэх Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн хуулийн төсөл ийн маргаан мэтгэлцээн өрнөх шалтгаан болсон билээ. 

Энэ хэрүүл бүтэн жилийн турш бараг үргэлжлэх гэж байна. Хуулийн төслийг өргөн барьсан цагаас л улс төр жаахан мэддэг, улс төрөөр оролддог бүхэн дан, давхар гэх нэр өгчихөөд хэрэлдэж эхэлсэн. Ардын намд тал засах гэсэн хэсэг нь давхар дээлээ тайл хэмээн “агсамнаж”, АН-ын үзэл бодлыг хамгаалах гэсэн хэсэг бүлэг улс төр тогтвортой байх ёстой. Засаг тогтворгүй байх нь хэнд ашигтай вэ гэх мэтээр сурталчилгаа явуулж эхэлсэн билээ. 

Үндэсний эв нэгдлийг хангагч гэх Ерөнхийлөгч маань ийн ард түмний дунд хэрүүлийн алим шидэж орхиод таг чиг болох нь тэр. Хуулийн төслийг нь дур зоргоороо өөрчилж, зарим нэг нь дээл тайчих үзүүлбэр хийж, нэг хэсэг нь дээлийг нь өргөж сезонтож байхад ч ямар ч байр суурь илэрхийлсэнгүй. Гэхдээ эцсийн дүнд юу болох вэ гэхээр энэ хууль батлагдсаны маргаашнаас эхлэн нөгөө хүсээд байсан улс төрийн тогтворгүй байдал гэдэг нь бий болно гэсэн дүр зураг гарч ирж байна. 

МАН-ын гишүүдийн оруулсан заалт болох 2014 оны долдугаар сарын 1-нээс энэ хуулийг хэрэгжүүлэхээр батлах юм бол өнөөх хүсээд байгаа сайдын марафон эхэлнэ. Хэн нь дараагийн хоёр жилд тогтож үлдэх вэ, хэнийгээ сайд болгох вэ гэх хор найруулсан сайд нар ажилдаа ирнэ гэдэг ёстой үлгэр биз. 

Цаашлаад сөрөг хүчин засагт багтчих юмсан гэсэн хүсэл  тээж, “Шударга ёс” эвслийн хэдэн нөхдүүд суудал авахын тулд төрөл бүрээр шантааж хийнэ. УИХ дээр ч ажил урагшаа явахгүй. Бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалт наашилсан эерэг үр дүн энэ санал хураалтын дараа л салхинд хийсэх нь мэдээж. Хоёр сар ч болохгүй солигдох сайдуудтай гэрээ хэлэлцээр байгуулаад сууж байх тэнэг хөрөнгө оруулагч нэг ч олдохгүй. Засгийн газар нь тогтворгүй болчихлоо, цаашдаа ч иймэрхүү байдалтай улс төр хийх биз гэж бодсоны үндсэн дээр хэчнээн хүмүүс манайхаас нүүрээ буруулж, дэлхийд бидний нэр хүнд унахыг тааж хэлэх арга алга. Эдийн засгаа өндийлгөх гэж ядаж байтал ийм шийдвэр гарчихвал юу болох вэ гэдгийг өнгөрөгч хугацаанд эдийн засагчид хангалттай ярьсан хэлсэн. 

Эдийн засаг мууддаг хамгийн том шалтгаан улс төрийн тогтворгүй байдал гэдгийг бид хаа хаанаа хүлээн зөвшөөрчихсөн. Яамдынхан дараагийн сайд нь хэн гэж нөхөр ирэх талаар таамаг өрнүүлж, хэн нь ажилдаа тогтох бол гэх мэтээр сандарч мэгдэн юуных нь ажил хийх манатай болно гэдгийг надаар хэлүүлэх юун. Хууль хэрэгжиж эхэлснээр амьдралд ашигтай нөхцөл байдал үүсэх байтал энэ удаад бол эсрэгээрээ зүйл болно гэдэг нь өнөөдрийн, өчигдрийн маргаан мэтгэлцээнээс хараг­даад эхэлчихлээ. АН ингээд будаа боллоо. 

Засгийн газар огцрох нь гэх яриа хэдийнэ өвсөнд ассан түймэр шиг хурдан тархжээ. Тэгэхээр энэ бүхэнд одоо цэг тавих хүн нь ганцхан Ерөнхийлөгч. Хэдийгээр ухаалаг төрийг дэмжих гэсэн түүний бодлого нь зөв ч улс оронд тогтворгүй байдал үүсч, засаг төр нь ганхаж, эдийн засаг хямарсан энэ үед гүйцэтгэх засаглалыг бужигнуулах хүсэл байхгүй гэдэгт итгэлтэй байна. Үндсэн хуулийн суурь заалтаа зөрчин байж оруулж ирсэн энэ хуулийн төслөө хурдхан эгүүлэн татах нь хамгийн зөв сонголт биш үү. 

Эс тэгвээс Ц.Даваасүрэн гишүүний хэлсэнчлэн Ерөнхийлөгч нь ч, УИХ-ын гишүүд нь ч Үндсэн хуулиа зөрчдөг, Үндсэн хуулийн цэцийг тоож үздэггүй гэх асуудал үүсэх болно. Үндсэн хуульдаа болно гэж заачихсан атлаа, түүнийгээ авч хэрэгсэхгүй хууль боловсруулж, эргээд энэ нь Үндсэн хууль зөрчсөн гэж гараад ирвэл ёстой л хүндээ хөнгөнөөс өгсөн хэрэг болох билээ. Ийм байдал үүснэ гэдгийг ч улс төр судлаачид хэлж байгаа. Тэгэхээр оройтоогүй дээрээ эгүүлэн татаж, асуудлыг одоо л намжаах шаардлага бий боллоо. 

Тэгэхгүй бол дан, давхраараа талцсан ард түмэн, дээлээ тайлахдаа хэнд өмсүүлэх вэ гэсэн улс төрийн далд тохироо тэмцэл 2014 онд Монгол Улсыг хэн ч биш болгож харагдуулах нь, Ерөнхийлөгч өө. Эв нэгдлийг нь хангаж, ухаалаг улс төрийг бий болгох гэсэн санаа өнөөдөр эсрэгээрээ эргэж, талцуулж хэрэлдүүлэх, нэг нэгийгээ элдэв бусаар дуудах, ард түмнээ биеэ үнэлэгч, архичин, бөгс долоогчоор нь дуудуулах шалтгаан болж байна. 

С.Жавхлангийн хэлдгээр дээлийг улстөржүүлж, дэмий хэрэлдэх шалтгаан болгож байхаар хуулиа буцааж татаад Үндсэн хуулийн заалтыг хү­чингүй болгох асуудлаа хэ­лэлцэх нь дээр юм байна.

Б.Балжир

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.