
КОМПЬЮТЕР ТОМОГРАФИТАЙ ХОЛБООТОЙ ЦАЦРАГТ ӨРТӨХ НЬ НАСАНД ХҮРЭГСДИЙН ХОРТ ХАВДРЫН ЭРСДЛИЙГ НЭМЭГДҮҮЛДЭГ
Компьютер томографийн эмнэлгийн цацраг туяа нь насанд хүрэгчдэд бамбай булчирхайн хорт хавдар, цусны хавдар үүсэх эрсдэлтэй холбоотой байгааг Тайванийн Тайбэйгийн Анагаах ухааны их сургуулийн судлаачид Үндэсний эрүүл мэндийн даатгалын мэдээллийн санг ашиглан хийсэн судалгаагаар тогтоож, үр дүнг Оксфордын их сургуулийн JNCI Cancer Spectr сэтгүүлд нийтэлжээ. Судалгааны үр дүнгээс харахад ялангуяа 45-аас доош насныхан болон эмэгтэйчүүдэд Компьютер томографитай холбоотой хорт хавдар үүсэх эрсдэл өндөр байгаа нь эмнэлгийн цацрагийн өртөлтийг бууруулах арга хэмжээ авах зайлшгүй шаардлагатай байгааг онцолжээ.
НАСАНД ХҮРЭГЧДЭД КОМПЬЮТЕРТОМОГРАФИЙН ЦАЦРАГИЙН НӨЛӨӨЛӨЛ
КТГ-ийн хэрэглээ дэлхий даяар эрс нэмэгдэж байгаа бөгөөд 1997-2007 оны хооронд КТГ ба цөмийн анагаах ухааны процедурууд нь ионжуулагч цацрагт өртөлтийн хамгийн том эх үүсвэр байсан ба АНУ дахь нийт өртөлтийн 24%-ийг эзэлж байсан ажээ. КТГ-д хэрэглэддэг ионжуулагч цацраг нь хүний хорт хавдар үүсгэгчийн нэг гэдэг нь хэдийнээ танигдсан бөгөөд бага насны хүүхдийн КТГ-ийн шинжилгээ нь цусны болон тархины хавдар үүсэх эрсдлийг нэмэгдүүлдэг тухай олон тооны судалгаанууд хийгдсэн байдаг. Гэсэн хэдий ч насанд хүрэгчдэд үзүүлэх эмнэлгийн цацрагийн нөлөөллийг судалсан судалгаа ховор байсан байна.
Судлаачид Тайванийн үндэсний эрүүл мэндийн даатгалын мэдээллийн сангаас 2000-2013 он хүртэл ЭМД-д даатгуулагч 3,873,703 тохиолдлыг сонгон кохорт доторх тохиолдол хяналтын судалгааны загвар ашиглан судалгаа хийж үзжээ. КТГ-ийн эмнэлгийн цацрагийн өртөлт болон насанд хүрэгсдийн бамбай булчирхайн хорт хавдар, цусны хорт хавдар, Ходжкины бус тунгалагийн хавдар (Non-Hodgkin lymphoma) хоорондын хамаарлуудыг судлаж үзсэн. Судалгаанд нийт хамрагдсан хүмүүсээс бамбай булчирхайн хорт хавдар 22,853 тохиолдол, цусны хавдар 13,040 тохиолдол, Ходжкины бус тунгалагийн хавдар 20,157 тохиолдолийг Нас (±2нас), Хүйсээр нь тохируулсан тус бүр ижил тооны хяналтын бүлгийг сонгосон.
Хорт хавдар оношлогдох үед 25 нас хүрээгүй байсан хүмүүс, хорт хавдрын оношлогдохоос өмнө 3 жил хүрэхгүй хугацаанд хянагдаж байсан хүмүүс, 2000 оноос өмнө хорт хавдартай байсан хүмүүсийг судалгаанаас хассан байна. КТГ-ийн цацрагийн өртөлтийг эмчийн шинжилгээний захиалгын кодоор тодорхойлсон ба ингэхдээ хавдар оношлох зорилгоор хийгдсэн КТГ шинжилгээг хасаж тооцсон. Анхны КТГ шинжилгээ эсвэл когорт бүртгэгдсэн өдрөөс хавдар оношлогдсон өдрийн 3 жилийн өмнө хүртлэх хуримтлагдсан тунг тооцоолсон ба, статистикийн хувьд нөхцөлт логистик регрессийн загварыг ашиглан КТГ-ийн цацрагийн өртөлттэй холбоотой хорт хавдрын эрсдлийг тооцоолжээ.
45-ААС ДООШ НАСНЫ ӨВЧТӨНД ЦАЦРАГИЙН ТУН БА ХАРИУ УРВАЛЫН ХАРЬЦАА
Гурван төрлийн хорт хавдрын өвчлөл, хяналтын бүлгийг дагасан хугацааны төвийн үзүүлэлт 9.3 - 9.9 жил.
Үр дүнгээс харахад бамбай булчирхайн хорт хавдрын бүлэг, цусны хорт хавдрын бүлэг холбогдох өөр өөрийн хяналтын бүлгүүдтэй харьцуулахад КТГ-той холбоотой эмнэлгийн цацраг туяанд өртөх магадлал илүү өндөр гарсан байна. КТГ-ийн эмнэлгийн цацрагт өртсөн хүмүүст бамбай булчирхайн хорт хавдар (магадлал харьцаа 2.55) болон цусны хавдар (1.55) эрсдэл өндөр байна. Эдгээр КТГ хамааралт хорт хавдрын эрсдэл нэмэгдэлт нь эрэгтэйчүүдээс илүү эмэгтэйчүүдэд илүү их байсан байна.
Ходжкины бус тунгалагийн хавдартай бүх өвчтөнд КТГ-ийн өртөлт ба хорт хавдрын эрсдлийн хооронд мэдэгдэхүйц холбоо хамаарал батлагдаагүй байна (OR 1.05). Харин насаар нь үзвэл КТГ-тай холбоотой Ходжкины бус тунгалагийн хавдрын эрсдэл 35-аас доош насанд 2.72 дахин, 36-45 насанд 3.05 дахин нэмэгдсэн байсан бол 45-аас дээш насанд мэдэгдэхүйц өсөлт ажиглагдаагүй (1.01).
45-аас доош насны хүмүүст дээрх хорт хавдрын 3 төрлийн бүх хавдар КТГ-ийн тооцоолсон өртөлтийн тун хэмжээ болон хорт хавдар үүсэх эрсдэл хоёрын хооронд ач холбогдолтой эерэг хамаарлыг үзүүлсэн (аль аль нь P <0.001). Нөгөө талаар 45-аас дээш насны өвчтөнд тунгийн нэмэгдэлт хорт хавдрын эрсдлийн хоорондын хамаарал бага байсан.
НЭГ УДААГИЙН ЦАЦРАГИЙН ӨРТӨХ ХЭМЖЭЭГ БАГАСГАХ НЬ ЗАЙЛШГҮЙ ШААРДЛАГАТАЙ
Судлаачид “Энэхүү кохорт доторх тохиолдол хяналтын судалгаагаар КТГ-ийн эмнэлгийн цацраг туяаны өртөлт нь бамбай булчирхайн болон цусны хавдар үүсэх эрсдлийг нэмэгдүүлэх хамааралтай байсан бол харин Ходжкины бус тунгалагийн хавдар үүсэх эрсдэлтэй холбоогүй болохыг олж тогтоолоо. Энэ хамаарал ялангуяа эмэгтэйчүүдэд илүү хүчтэй байна. 45-аас доош насны насанд хүрэгчдэд КТГ-ийн өртөлт ба дээрх гурван төрлийн хорт хавдар үүсэх эрсдлийн хооронд туяаны өртөлтийн тунгаас хамааралтай холбоо хамаарал тогтоогдлоо" гэсэн байна.
Улмаар "Энэ удаагийн үр дүн нь насанд хүрсэн хүмүүст КТГ-ийн шинжилгээ хийснээр нуугдмал байдлаар хорт хавдрын эрсдэл нэмэгдэх магадлалтай гэсэн болгоомжлолыг баталгаажуулж өглөө. КТГ шинжилгээний тоо нэмэгдэж буй энэ цаг үед эмнэлгийн цацраг туяанд өртсөний дараах хорт хавдрын эрсдэл улам бүр нийгмийн эрүүл мэндийн чухал асуудлын нэг болж байна. Иймээс "шинжилгээг дахин давтан хийхийн тулд нэг удаагийн цацрагийн өртөлтийн хэмжээг бууруулах асуудал зайлшгүй шаардлагатай байна.
Рентген цацрагийн шинжилгээнүүдийн 20-50% нь шаардлагагүй эсвэл оновчтой бус гэж тооцогддог. Дүрслэл оношилгооны зохистой хэрэглээгээр дамжуулан рентген цацрагийн өртөлтийн хэмжээг бууруулах бодлого барих нь КТГ-ийн Эрсдэл-Үр ашгийн харьцааг оновчтой болгох болно” хэмээн дүгнэн хэлжээ.
Эх сурвалж: Exposure to Tomographic Scans and Cancer Risks, JNCI Cancer Spectrum, pkz072,
https://doi.org/10.1093/jncics/pkz072
Ойдовын Батгэрэл Ph.D
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.