Ангела Меркель А.Навальныйг хордуулсан явдлыг шалгахыг шаарджээ

Twitter Print
2020 оны 08-р сар 26-нд 11:56 цагт
Мэдээний зураг,

ХБНГУ-ын канцлер Ангела Меркель ОХУ-ын эрх баригчдаас Оросын сөрөг хүчний удирдагч А. Навальныйг хордуулсан явдлыг сайтар шалгаж, буруутай этгээдийг олж тогтоон, хариуцлага ноогдуулахыг шаарджээ.

ОХУ-ын Ерөнхийлөгч В. Путиныг шүүмжлэгч А. Навальный өнгөрсөн долоо хоногт онгоцонд бие нь огцом муудаж, эмнэлэгт ухаангүй хүргэгдсэн билээ. Түүний онгоцонд суухаасаа өмнө онгоцны буудлын кафед уусан цай хортой байсан байх магадлалтай хэмээн сөрөг хүчнийхэн мэдэгдэж байсан бол түүний хэвтэн эмчлүүлж буй Берлин дэх эмнэлгийн эмч нар А. Навальныйг холинэстеразийн төрлийн хортой бодисонд хордсон хэмээн оношлоод байна. Харин чухам яг ямар бодисонд хордсоныг эмч нар тогтоож чадаагүй байгаа аж.

Кремлийн зүгээс А. Навальныйгийн бие муудах болсон шалтгаан тодорхойгүй, анхан шатны шинжилгээгээр хордсон гэж гараагүй хэмээн мэдэгдээд байсан билээ. Гадаад хэргийн сайд Хэйко Маасын хамт гаргасан мэдэгдэлдээ Ангела Меркель, "Ноён А. Навальный ОХУ-ын улс төрийн сөрөг хүчинд томоохон байр суурийг эзэлдэг. Тийм ч учраас Оросын эрх баригчид түүний эсрэг үйлдсэн гэмт хэргийг ил тод, сайтар шалгаж, хэргийг үйлдсэн этгээдийг олж тогтоон, хариуцлага ноогдуулах хэрэгтэй." гэжээ

А. Навальныйг Омск хотын эмнэлгээс өнгөрсөн бямба гарагт Берлин дэх Шарите эмнэлэг рүү шилжүүлсэн ба тус эмнэлгээс гаргасан мэдэгдэлд "А. Навальныйд хийсэн үзлэг шинжилгээгээр А. Навальный холинэстераза төрлийн хортой бодисонд хордсон нь тогтоогдсон. Яг ямар бодисонд хордсон нь одоогоор тодорхойгүй байгаа ба түүнд нэмэлт дэлгэрэнгүй шинжилгээ хийх шаардлагатай." гэжээ. Харин А. Навальныйг анх хүлээж авсан Омск хотын эмнэлгийн эмч нар түүнийг хортой бодисонд хордсон эсэхийг шинжилсэн ба түүнд ямар нэг хордсон шинж тэмдэг байгаагүй хэмээн мэдэгдсэн юм.

Одоогийн байдлаар А. Навальный Берлин дэх Шарите эмнэлгийн эрчимт эмчилгээний тасагт хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд түүнийг хиймлээр комад оруулсан байгаа аж. Түүний биеийн байдал хүнд байгаа ч амь насанд нь аюул учрах хэмжээний биш байгаа гэдгийг эмч нар онцолжээ. Холинэстераза төрлийн хорт бодисуудыг химийн зэвсэг, хорхой шавьжийн эсрэг хор, Алцгеймерийн эмгэгийн үед хэрэглэдэг эм тарианд хэрэглэдэг ба "Новичок" бүлгийн хорт бодисууд мөн адил холинэстеразийн төрөлд багтдаг аж. Германы эмч нар А. Навальныйгийн эмчилгээнд хоргүйжүүлэх үйлчилгээ бүхий атропиныг хэрэглэж байгаа ба аюулгүй байдлын үүднээс түүнийг хамгаалалтад авсан гэжээ.

Эх сурвалж: Reuters

Содномцэрэнгийн Энхзаяа

mongolcom.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.