
ОУХМ, Азийн боксын холбооны шүүгч Ц.Цэрэннямтай спортын төв ордны өмнө тааралдлаа. Нүдэнд дулаахан энэ эрхэм хаана ч уулзсан илэн далангүй яриагаараа хэн хүнийг татах чадвартай. 1990-ээд онд Монголын боксын 54 кг-ыг халаа сэлгээгүй эзэгнэж явсан нь чухам энэ эрхэм билээ. Тэрхэн он жилүүдэд Ц.Цэрэннямтай нудрага зөрүүлэх хүчтэн Монголд байтугай ЗХУ-д байгаагүй юм. 1992 онд ах дүү Армиудын аварга шалгаруулах тэмцээн Улаанбаатарт болоход хожим нь Олимп, Дэлхийн аварга болсон Кубын алдарт боксчин О.Касамоярийг нам цохин унагаж, Монголын боксын түүхэнд давтагдахад хэцүү түүхэн амжилт тогтоосон удаатай. Дэлхийн дэвжээнд монголын боксчид Кубын ширэн бээлийтнүүдийг хоёрхон удаа нам цохин унагаж накаут хийсэн байдаг. Тэгвэл тэр хоёр хосгүй амжилтын анхдагч нь ОУХМ Ц.Цэрэнням юм.
Харин Кубын боксчныг нам цохисон дараагийн амжилтыг Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Бээжингийн олимпийн мөнгөн медальт П.Сэрдамба Бакугийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Куба улсын ирээдүйн од хэмээгдсэн Ёосвани Виетаг эхний үед гэдсэнд нь хүчтэй цохиж цагаас өмнө тоглолтыг зогсоож байж.
Азийн боксын холбооны шүүгч Ц.Цэрэннямтай хөөрөлдсөн бэсрэг яриаг болгооно уу.
-Монголын олимпийн боксын холбооны дэд ерөнхийлөгчөөр сонин сайхан ихтэй юу. Манай боксчид эзгүй байгаа юм уу?
-Манай залуучууд Болгарын Софи хотод нүдэлдэж яваа. Эхнээсээ урамтай сайхан тоглож дараалсан ялалт байгуулж байгааг та бүхэн сонссон байх. Харин медальд хүрчих болов уу гэж харж байсан Олон улсын хэмжээний мастер Э.Цэндбаатар маань харамсалтай нь ялагдчихлаа. Холбооны ажлын тухайд саяхан өөрийнхөө саналаар хүлээлгэж өгсөн.
-Өөрийнхөө саналаар гэдэг чинь юу гэсэн үг вэ. Өөртөө хариуцлага тооцсон хэрэг үү?
-Монголын боксын холбоо шинэчлэгдэж байгаа юм. Тэгээд чаддаг, мэддэг залуучуудад зайгаа тавьж өгье гэж л бодоод ийм шийдвэр гаргасан. Энэ талаар өөр олон юм яримааргүй байна.
-Бээжингийн олимпоос хойш Монголын ард түмэн боксчидоосоо зөвхөн ялалт, амжилт л хүлээх болсонтой таны шийдвэрийг холбон ойлгож болох уу?
-Шууд бас тэгж ойлгож болохгүй л дээ. Ерөнхийдөө Монголын боксын холбоо шинэчлэгдэх цаг болсон гэж үзсэн учраас л шийдвэрээ гаргасан хэрэг.
Харин манай ард түмэн ширэн бээлийтнүүдээсээ улам их амжилт хүсч, шаардаж байгаа нь аргагүй ээ. Бидэнд ард түмнийхээ итгэл, сэтгэл хүлээлтийг нэр төртэй хариулах чадал, зориг эрч хүч бий. Олимпийн аваргуудын араас шинэ залуу хүүхдүүд олноороо төрөн гарч байна. Нэг жинд л гэхэд дэлхийн хэмжээнд өрсөлдөх гурваас доошгүй залуучууд байгаа. Би Монголын боксын ирээдүйг тун өөдрөгөөр харж байгаа.
-Ганцаарчилсан тулааны урлаг Монгол хүний бие организмд ихэд зохицдог юм шиг санагддаг. Та энэ талаар ямар бодолтой явдаг вэ?
-Монгол хүн төрөлхийн тэмцэх чадвар сайтай, шазруун зан төрхтэй. Дээр нь бидний хоол хүнс, төв Азийн хатуу ширүүн уур амьсгал нөлөөлөөд яах аргагүй бие махбодийн өвөрмөц төрхийг бий болгосон байна. Тэгээд эзэн Богд Чингисийн ариун дээд гень байна л даа.
-Та бол Монголын боксын түүхэнд үлдсэн гайхам амжилтын эзэн. Тухайн үед О.Касамоярийн элгэнд хийсэн цохилтыг тань хэрхэн үнэлж байсан бэ?
-Тэр үед чинь нийгэм дөнгөж л өөрчлөгдөж эхэлж байсан үе. Ямар ч гэсэн дэлгүүрийн лангуун дээр давс, цуунаас өөр юу ч байдаггүй л байсан. Харин яг тэмцээний үеэр спортын төв ордон хөл гишгэх зайгүй дүүрсэн шүү. Урд шөнө нь нойр хүрэхгүй унтаж чадахгүй байсан. Ямар ч гэсэн Польш, Куба хоёрын нэгэнтэй таарна гэдгээ мэдэж байсан. Тэгээд Кубатай таарснаа мэдээд гарч ирэхэд өрсөлдөгч маань хариугүй жижигхэн харагдаад үнэхээр нүдэнд багтаад байсан л даа. Ази тивийн хошой аварга Х.Алтанхуяг багш маань “Наадах чинь гараа их дээр авч тоглодог юм байна. Харж байгаад гэдсэнд сайн цохь” гэсэн. Багшийнхаа үгээр гэдсэнд нь угсраа хэдэн цохилт хийгээд л хугацаанаас өмнө тоглолтоо дуусгасан.
Яг шүүгч хэрхэн тоглолтыг зогсоож надад хожил заасныг сайн санадаггүй юм. Тэр үед спортын төв ордон доргиж байсан байх аа.
-Тоглолтын дараа өрсөлдөгчтэйгөө уулзсан уу. Тэр тэмцээнээс Кубын боксчид хэдэн медаль авсан бол?
-Улаанбаатар зочид буудалд байрлаж байсан. Бүгдээрээ хамт хооллож Үндэсний түүхийн музейг үзэж байсан юм даг. Манайх дөрвөн алт, Кубын шигшээ хоёр алт авсан санагдаж байна. 11 орны боксчид ирсэн. Тэмцээний дараа ОХУ, Румын зэрэг орны тамирчид хэвлэл мэдээлэлд ярилцлага өгч тэмцээний зохион байгуулалт өндөр хэмжээнд байсныг үнэлсэн байсан.
-Монголын боксын холбооны дэд ерөнхийлөгчийн албыг хашиж байсны тань хувьд асууж байгаа юм. 2016 оны Риогийн олимп Бээжингийн алтан агшинг давтаж чадах болов уу?
-Монголчууд маань нэг л юмыг сайн ойлгох хэрэгтэй. 2008 оны Бээжингийн олимпийн өмнө Э.Бадар-Ууган, П.Сэрдамба баатруудын маань хувьд ёстой л торгон ир нь ханаж чивчирсэн үе нь байсан. Спорт, тэр дундаа тулааны спорт бол жинхэнэ торгон иртэй залуу насны ажил байдаг. Нэг зүйлийг онцлон хэлэхэд Монголын бокс дэлхийн хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн. Хэн дуртай нь олимпоос медаль, тэр дундаа алтан медаль хүртдэг юм биш. Өнөөдөр нэг жинд хэн нь ч дэлхийгээс медаль авах шижигнэсэн залуучууд байгаа. Ер нь Монголын боксчид ямар ч тэмцээнд шуугиан тарих хэмжээнд хүрсэн гэдгийг л би сайн мэдэж байна.
-2016 оны олимпоос Монголчууд хоёр дахь олимпийн аварга боксчинг тосч авах болов уу л гэж асуугаад байгаа юм л даа?
-Би сая хэлсэн. Бокс бол тулааны төрөл дотроо хамгийн хэцүү спорт. Яалт ч үгүй дэлхий нийтээрээ энэ спортыг өндөр түвшинд хөгжүүлж байна. Нэн ялангуяа Азийн боксчид хүч түрэн орж ирж байгаа. Мэргэжлийн хүний хувьд хэлэхэд ямар ч гэсэн Бээжингийн олимпод үзүүлсэн амжилт түүхэнд тэмдэглэгдсэн ч түүнийг давтах, бүр ахиулах боломж манай залуучуудад байгаа. Харин наана нь тамирчдаа ялангуяа Европ, болж өгвөл латин Америкийн тэмцээнүүдэд ахиухан оролцуулах ёстой. Ер нь өндрийн болоод дараагийн олимп болох газар оронд нь дасан зохицсон бэлтгэл сургуулилт хийлгэх гээд сайтар бодолцох зүйл бол их бий.
-Та бол Монголын боксыг сайн мэдэх хүний нэг. Үе үеийн боксчдоос хамгийн шилдэг нь таныхаар хэн бэ?
-Үе үедээ шилдэг сайн боксчид бий. Миний багш Ази тивийн хошой аварга Х.Алтанхуяг, Сөүлийн олимпийн хүрэл медальт Н.Энхбат, Дэлхийн аваргын мөнгөн медальт Т.Үйтүмэн, миний шавь П.Сэрдамба гээд зөндөө л байна. Эдний дундаас онцолвол олимпийн аварга Э.Бадар-Ууганы хөлийн ажиллагаа, Барселоны олимпийн хүрэл медальт Н.Баярсайхан нарыг онцлоно доо.
-За танд баярлалаа. Монголын боксчид тив, дэлхийд дахин гялалзсан амжилт үзүүлсний дараа баяртай уулзах ерөөл тавъя?
-Тэр ерөөл бат оршиг. Манай залуучууд удахгүй шуугиулна гэдэгт би огтхон ч эргэлзэхгүй байна. Баярлалаа.

E-mail: eegii1967@yahoo.com
Утас: 76110303, 76110505
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.