Салхинцэцэг өвчин херпес омгийн вирусээр үүсгэгддэг халдвар

Twitter Print
2023 оны 04-р сар 25-нд 14:13 цагт
Мэдээний зураг,

Салхинцэцэг өвчин херпес омгийн вирусээр үүсгэгддэг халдвар юм.

Дамжих зам:

1. Агаар дусал,

2.Ахуйн хавьтал (цэврүүний шүүдэс, шүүрэл, шүлс, арьс салст…)

Эмнэл зүй:

Салхинцэцэг өвчний нууц үе дунджаар 10-21 хоног. Энэ нь тууралт гарахын өмнөх 5 хоног, тууралт гарсны дараах 5 хоногт бусдад халдварыг илүү тараана гэсэн үг.

Эмнэл зүйн явц:

1. Өвчин гол төлөв халуурах /38-39 хэм/, толгой өвдөх, хоолой хөндүүрлэх, хоолонд дургүй болох, ядрах зэрэг ханиад, шуухнааны шинжээр эхэлнэ.

2. 2-3 хоногт нүүр, ам, хэвлий, нуруугаар улаан гүвдрүүт тууралт гарна.

3. 2-4 хоногийн дотор голдоо жижиг цэврүүтэй болно. Тууралт нилээд загатнадаг онцлогтой.

4. 3-4 хоногт амны хөндий шархлах, тунгалгийн булчирхай цочих, өндөр халуурах зэрэг шинж, тэмдэг гарна.

Тууралтыг маажих тусам шарх үүсч, улмаар идээлж гүн сорви үүсгэнэ.

Эдгэрэлт:

15-21 хоногт тууралт тавшиж эдгэрнэ.

Эмчилгээ: Ихэвчлэн 21 хоног эмчийн хяналтад гэрт нь вирусийн эсрэг болон шинж тэмдгийн эмчилгээ хийдэг.

Хүндрэл:

Гол төлөв хөнгөн явцтай байдаг. Гэвч бага насны хүүхэд, жирэмсэн эмэгтэйчүүд, эмчид хандахгүй удаан байх, асаргаа сувилгаа хангалтгүй, дархлал султай байх зэргээс улбаалан хүндрэл үүсдэг. Тухайлбал, Ларингит, уушгины хатгаа, идээт артрит, менингит, зүрх, бөөрний үрэвсэлт өвчин зэрэг болно. Дээрх эмнэл зүйн шинж тэмдэг илэрч байвал заавал эмчид хандаарай.

Урьдчилан сэргийлэлт:

1.Бага насны хүүхдийг дагуулж айл, олон нийтийн газраар явахгүй байх,

2. Хүүхдийг шүлсдэж үнсэхгүй байх,

3. Ам хоолойг давс, сод, сармисны уусмалаар зайлах ( 10-14 хоног ээлжлэн уусмалыг хэрэглэх),

4. Дархлаа дэмжих

Асаргаа сувилгаа:

1.Хүүхдийг өдөр бүр усанд оруулах, тууралтыг үрэхгүй байх,

2. Хүүхдийн хумсыг богино байлгаж тууралтыг аль болох маажуулахгүй байх, бага насны хүүхдэд бээлий өмсгөх,

3.Хөвөн даавуун зөөлөн сул хувцас өмсгөж, өдөр бүр угаах,

4.Гарын ариун цэврийг сайтар сахих (савантай усаар сайтар угаах, гар халдваргүйжүүлэгч хэрэглэх)

5.Гар нүүрийн алчуур, цагаан хэрэглэлийг угаах, наранд тавих,

6. Бантан, зутан зэрэг шөлтөй хөнгөн хоолыг 3-4 цаг тутам өгөх, халуун ногоотой, их давстай хоол өгөхгүй байх,

7. Зөгийн балтай бүлээн шингэн зүйл бага багаар ойрхон уулгах, Ус, хярам, саахар багатай жүүс уулгах,

8.Амны шарханд цэвэр зөгийн бал түрхэх,

8. Саахар ихтэй болон хийжүүлсэн ундаанаас зайлсхийх,

9. Өрөө тасалгаандаа чийгтэй цэвэрлэгээ хийж сайтар агааржуулалт хийх.

10. Өрхийн эмчээс утсаар тогтмол зөвлөгөө авах.

11. Тууралтан дээр вирусийн эсрэг тосон болон гельн (ацикловер, виферон…. гм) түрхлэг түрхэх. Гэхдээ эмчийн зааврын дагуу нас, тууралтын байдлаас шалтгаалан түрхлэгийг хэрэглэнэ.

12.Эмчийн зөвлөгөөний дагуу вирусийн эсрэг эм (ацикловер, анаферон, эргоферон, кагоцел…. гм)-ийг хэрэглэх,

13. Эмчийн зөвлөгөөний дагуу загатнаа багасгах харшлын эм хэрэглэх,

Дур мэдэн антибиотек, аспирин, ибупрофен зэрэг эмийг хэрэглэхгүй байх.

Д.Нарангэрэл

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.