Яагаад ийм байж болдоггүй юм бол

Twitter Print
2019 оны 12-р сар 01-нд 16:15 цагт
Мэдээний зураг,

01. Би охиныгоо 2 ой есөн сартай байхад нь цагаан толгойн гучин таван үсэг цээжлүүлээд 3 нас жаахан гарантай байхад нь уншуулууд сургачихаж билээ. Тэгээд өөрийгөө одоогийнхоор бол дэлхийд байхгүй хосгүй зүйл бүтээчихсэн мэт гайхан омогшиж явсанаа нуух юун. Гэтэл Япон улсад цэцэрлэгийн багш нар ээж нартай нь хамтарч байгаад цэцэрлэгийн насны хүүхдүүдийг уншаад сургачихдаг. Тийм болохоор дийлэнх хүүхэд сургуульд унших бүрэн чадвартай болчихоод элсэн ордог тухай та ч гэсэн дуулсан байлгүй. Харин Америк Евролт болохоор хүүхдийг мэдээ орсон цагаас эхлэн хүүхдэд зориулсан зурагтын сувгаар цагаан толгойн үсэг болон тоонуудыг сонирхолтой дуу шүлэг хэлбэрт оруулан сонирхолтой маягаар байнга нэвтрүүлж байдаг тул тэд нэг л мэдсэн хар аяндаа тэдгээрийг төвөггүй сурчихсан байдаг болохоор нэгдүгээр ангийн багш тэдэнд цагаан толгой зааж цээжлүүлэх гэдэг хүнд зорилготой тулгардаггүй байж таарна.

02. Гэтэл манай улсад болохоор цагаан толгой зааж сургана гэдэг асуудал гагц бага ангийн багшийн нуруун дээр тохогдчихсон. Нийт олноороо тийм л байх ёстой юм шиг байдалтайгаа эвлэрсээр өдий хүрсэн. Цагаан толгой зааж сургах гэдэг тэр хүнд хүчир хөдөлмөр бүтэн жилийн турш үргэлжилдэг болохоор одоо улс даяар нэгдүгээр ангийн сурагчид нэг хоёрхон гийгүүлэгч үсэг үзээд явж байгаа гэвэл та итгэх үү? Хүнд хүчир хөдөлмөр гэдгийг би энд зүгээр нэг амныхаа зоргоор хэлсэнгүй. Бага ангийн багш 20-30 хүүхэдтэй ажилладаг бол дүүрч гэхсэн. Хотын сургуулиудад бол зарим тохиолдолд 50-60 хүүхэд нэг агаар муутай битүү ангид чихэлдээд сууж байгаа шүү дээ. Агааржуулъя гээд салхивчаа онгойлгоод ч нэмэргүй болохыг энд тайлбарлах нь илүүц биз дээ? Тэгсэн атлаа бага ангийн багшийн цалин хамгийн бага байдагийг яалтай.

03. Америк Европт хүүхдэд дан үсэг цээжлүүлдэггүй. Тэдний мэдэж таних, ойр дөт үгнүүдийг хялбар сонирхолтой аргаар нүдлүүлэх маягтай сургадаг. Гэтэл манайд үсэглэх, үелүүлэх хэмээх аль амбасын үеийн хоцрогдсон аргатайгаа зууралдаад байдаг. Хамгийн их уйлуулдаг ном бол Цагаан толгой хэмээн өвөр зуураа марзаганалдаад явж байцгаадагаас бус балчир хүүхдүүдэд хичнээн зүдгүүртэй байдгийг бодож үздэг нь хэд байдаг бол? Сая Баян-Өлгий аймагт 20 казах хүүхдэд цагаан толгойг дээр дурдсан нүдлүүлэх аргаар зааж сургалаа. Тэдний 15 нь ердөө эхний ганц хоёр хоногийн дараа л манай арга зүйд дасаад монголоор маш чөлөөтэй, уншиж яриад эхлэх төлөвтэй болж байна лээ шүү. 2-3 хүүхэд урваганах, дургүйцэх янз байдал анхандаа байсаан. Гэхдээ 3 хоногоос хамгийн дургүй янзтай байсан жаалхүү ч гэсэн хичээлдээ илт дуртай болоод надтай тоглох янзтай болж байна лээ. 

04. Би та бүхэнд дор ердөө 3 дахь өдрийн бичлэгийг үзүүлж байна. Сургалт маань 14 хоногийн турш явагдсан гэхээр цаашдаа ямархуу үр дүнд хүрсэн нь тодорхой байж таарна. Би анх хүүхдүүдэд 1 цаг 30 минут заах бодолтой байснаа яваандаа 30-40 минутанд заах зүйлээ хялбархан ойлгуулчихдаг болсон. Надад очсон өдөр нэг казах хэлний орчуулагч гаргаж өгөх төлөвтэй байсныг би "Хэрэггүй." гээд болиулсан нь тун оносон шийдэл болсон. Хичээлээ арван минут орчим заагаад "Таван хуруу" дууг нэг удаа сонсгож байсан нь маш үр дүнтэй болж тэр дууг хэр зэрэг сайн дуулж байгааг харж байгаа биз дээ? Ер нь сургалтын явцад "Таван хуруу" дууг монгол казах хэлээр дуулж сурснаас гадна, "Маамуу нааш ир", "Бөөр алаг бөмбөг", "Гоё оо, гоё оо" гээд дөрвөн дууг монголоор дуулдаг болсон шүү. Таван хуруу дууг казах хэл рүү тэндхийн бага ангийн багш Жанагулийн тусламжтайгаар орчуулан дуулуулж сургасан.

05. Та бүхэн дунд сургуульд сурч байхад зөвхөн хамгийн сонирхолтой хичээлүүдээ түүвэрлэн сонгоод сурч болдоггүй юм байх даа гэдэг бодол төрж байсан уу? Би Өлгий хотын 2 дугаар лаборатори сургууль дээр хоёр долоо хоногийн турш бага ангийн сурагчдад хичээл зааж байх явцад "Сургуулийн хичээл сургалт яг л тийм байдалтай зохион байгуулагдах ёстой юм байна даа." гэдэг бодол маань улам бүр лавширсан шүү. Тэгээд тэр талаар жаахан уншиж судлаж үзтэл Joyful learning гэдэг сургалтын арга хэлбэр дэлхий дахинаа маш хүчтэй хэрэгжиж эхлээд байгаа юм байна. Харин худалчхан хүнд ганц манай Монгол улс л энэ талаар хөмөрсөн тогоон дотроо нүдэн балай чихэн дүлий сууцгаасаар байж мэдэхээр ажээ. 

06. Хагас сарын турш хичээлээ огт таслаагүй, харин ч 20-30 минутын өмнө "Монгол хэлнийхээ хичээлээс хоцорчихлоо шүү дээ." хэмээн аав ээжийгээ шавдуулсаар шуугин орж ирэх бяцхан казах шавь нарыгаа харах урамтай байсаан. Амина, Мадине, Ернул, Жасулан, Сырым, Нурали, Аслан...... тэргүүтэй хөөрхөн шавь нар болон лаборатори дунд сургуулийн нийт багш сурагчдад энэ дашрамыг ашиглан халуун мэндийг хүргэж байна. Монгол хэл мэдэхгүй дөнгөж сурч ядан байгаа зургаан настай казах хүүхдүүд ч яахав миний яриад байгаа гэрийн даалгаваргүй хөгжилтэй аргаар цагаан толгойн хичээлээ төвөггүй сурах зам руугаа ороодох нь лээ. Харин улс даяар "Хичнээн олон ээж нар болон балчир хүүхдүүд хоцрогдсон хөтөлбөр, арга зүйн харгайгаар уйлаан майлаан болсоор сууцгааж байгаа бол доо?" гэж бодохоос сэтгэлд хөнгөн гуниг төрөх авай.

Д.Болдбаатар

“Гэгээ” боловсролын төв

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.