
Францад эмх замбараагүй байдал үргэлжилсээр байна
Францын Нантер хотод цагдаа нар Алжир гаралтай 17 настай хүүг буудан хөнөөсөн явдалтай холбоотойгоор Франц даяар иргэд эсэргүүцлээ илэрхийлж, зарим хотуудад үүссэн эмх замбараагүй байдал 5 дахь шөнөө үргэлжилж байна.
Марсель хотод иргэд, цагдаа нарын хооронд мөргөлдөөн үүсэж, цагдаа нар нулимс асгаруулагч хий ашиглаж, 56 хүнийг баривчилсан байна.
Ням гарагийн шөнийн 1 цаг 30 минутын байдлаар Франц даяар цагдаа нар 322 хүнийг баривчилсан тухай Францын Дотоод хэргийн яамнаас мэдээлжээ.
Сүүлийн 4 шөнийн дотор цагдаа нар нийт 2300 гаруй хүнийг баривчилж, Франц даяар цагдаагийн 45 мянган албан хаагч хамгаалалтанд гараад байгаа юм.
Иргэд нийгмийн сүлжээгээр Парисын Елисейн өргөн чөлөө дээр цугларахыг уриалж байсан ч тухайн байршилд олон тооны цагдаа нар байсантай холбоотойгоор цөөн тооны хүн цугларсан байна.
Парист цагдаа нар эмх замбараагүй байдлын үеэр 126 хүнийг баривчилсан байна. Түүнчлэн тус хотод оройн 21 цагаас хойш автобус, трамвайн хөдөлгөөнийг зогсоожээ.
Францын Ерөнхий сайд Элизабет Борн Парис дахь цагдаагийн газрын штабаар зочилж, үүссэн нөхцөл байдалд хууль сахиулагчид хэрхэн дэг журам тогтоож байгаатай танилцсан байна.
Лилль хотын гудамж талбайд цагдаагийн тусгай хүчнийхэн ажиллаж байна. Мөн гал сөнөөгчид шөнийн турш иргэдийн шатаасан автомашинуудын галыг унтраахаар ажиллажээ.
Лион, Ницца, Страсбург хотуудад мөн л иргэд, цагдаа нарын хооронд мөргөлдөөн үүсэж, цагдаа нар хэдэн арван хүнийг баривчилсан байна.
Өнгөрсөн бямба гарагт Нантср хотын лалын сүмд цагдаагийн гарт амиа алдсан Нахил хүүг оршуулах ёслол болж өнгөрсөн байна. Оршуулах ёслолд оролцсон иргэдийг ямар ч гэрэл зураг, бичлэг авахыг хоригложээ.
17 настай Нахилийн үхэлтэй холбоотойгоор иргэд болон хүний эрхийн төлөө тэмцэгчид 2017 онд батлагдсан галт зэвсгийн тухай хуулийг эргэж харахыг шаардаж байна. Уг хуулийн дагуу авто тээврийн хэрэгэслийг жолоодож яваа иргэн цагдаагийн албан хаагчийн зогсох шаардлагыг биелүүлээгүй тохиолдолд галт зэвсэг ашиглаж болох аж.
Түүнээс гадна НҮБ-ын Хүний эрхийн хороо Франц улс үүссэн нөхцөл байдлыг хууль сахиулагчдын дундах арьс өнгөөр ялгаварлах үзлийн асуудалд анхаарлаа хандуулж, уг асуудлыг шийдвэрлэх боломж гэж харах хэрэгтэйг онцолсон байна.
Эх сурвалж: BBC
Содномцэрэнгийн Энхзаяа
mongolcom.mn
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.