
БНХАУ байгуулагдсаны 70 жилийн ойн баярын өдөр мянга мянган хонгконгчууд гудамжнаа гарч жагссан ба жагсаалын үеэр эмх замбараагүй байдал үүсч, цагдаа нар болон жагсагчид хоорондын мөргөлдөөний үеэр нэг иргэн буудуулж, шархдсан байна.
Эрх баригчдын эсрэг хонгконгчуудын иргэний хөдөлгөөн 4 дэх сараа үргэлжилж байгаа ба энэ хугацаанд хууль сахиулагчид жагсагчдын эсрэг резинэн сум ашиглаж байсан бол мягмар гарагийн жагсаалын үеэр цагдаа нар галт зэвсэг ашиглан, нэг иргэнийг цээжин тус газар нь буудан шархдуулсан байна. Хонгконгийн цагдаагийн газраас мэдээлсэнээр шархдсан 18 настай залуу эмнэлэгт хүргэгдэн, мэс засалд орсон ба түүний биеийн байдлын талаар мэдээлэл өгөх боломжгүй гэжээ.
Гартаа төмөр саваа барин цагдаа руу дайрч буй залууг цагдаа гар буу ашиглан буудаж буй дүрс бичлэг цахим орчинд хурдацтай тархаад байна. Хонгконгийн Цагдаагийн газрын дарга Стивен Лоугийн мэдээлж байгаагаар даваа гарагийн жагсаалын үеэр цагдаагийн албан хаагчид гар буу ашигласан 6 удаагийн тохиолдол бүртгэгдсэн ба хууль сахиулагчид эдгээр тохиолдлууд болон цагдаагийн албан хаагч хүний биед халдаж, хохирол үзүүлсэн явдлыг мөрдөн шалгах гэнэ.
Жагсагчид 10-р сарын 1-ний өдрийг "гашуудлын өдөр" хэмээн тодорхойлж, Хонгконгийн төв гудамжинд болон өөр бусад 6 дүүрэгт жагсан, зам талбайг хаан, хууль сахиулагчдын эсрэг хүч хэрэглэжээ. Цагдаа нар болон жагсагчид хооронд үүссэн мөргөлдөөний улмаас 66 хүн бэртэл гэмтэл авсаны хоёрынх нь биеийн байдал маш муу байгаа аж. Түүнчлэн эмх замбараагүй байдлын үеэр хууль сахиулагчид 180 хүнийг баривчилжээ.
Эх сурвалж: BBC
Содномцэрэнгийн Энхзаяа
Mongolcom.mn
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.