
Ирэх 7-р сарын 1-нээс эхлэн Испанийн хилээр нэвтэрсэн гадаад улсын иргэд 14 хоногийн тусгаарлалтанд орох шаардлагагүй болно хэмээн Испанийн засгийн газраас мэдэгджээ.
Өмнө нь Испанийн Ерөнхий сайд Педро Санчез Испани улс ирэх 7-р сараас эхлэн гадаадын жуулчдыг хүлээн авч эхэлнэ хэмээн мэдэгдэж байсан билээ. Испани улс жилдээ дунджаар 80 сая жуулчдыг хүлээн авдаг байсан ба аялал жуулчлалын салбар нь ДНБ-ий 12 хувийг дангаараа бүрдүүлдэг байна. Тийм ч учраас зуны улирал дуусахаас өмнө аялал жуулчлалаа сэргээх нь Испанийн эдийн засгийн хувьд амин чухал асуудал болоод байсан юм.
Гэсэн хэдий ч Их Британи улс ирэх 6-р сарын 8-наас эхлэн гадаадын улс орнууд тэр дундаа Испаниас ирсэн иргэдийг 14 хоног тусгаарлаж эхлэхээр болсон нь аялал жуулчлалын салбарт хүндрэл учруулна хэмээн аялал жуулчлалын салбарынхан үзэж байна. Үүний оронд Их Британи коронавирусын халдварын эрсдэл багатай орнуудаас ирж буй жуулчдад авах арга хэмжээгээ сулруулах нь зөв хэмээн аялал жуулчлалын компаниуд үзэж байгаа аж.
Эх сурвалж: BBC
Содномцэрэнгийн Энхзаяа
mongolcom.mn
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.