Боливийн Ерөнхийлөгч Эво Моралес албан тушаалаасаа огцорч буйгаа мэдэгдлээ

Twitter Print
2019 оны 11-р сар 11-нд 09:57 цагт
Мэдээний зураг,

Боливийн Ерөнхийлөгч Эво Моралес болон Дэд Ерөнхийлөгч Альваро Гарсиа Линера нар албан тушаалаасаа огцорч буйгаа мэдэгджээ.

Боливи улсыг сүүлийн 13 жилийн турш удирдсан Ерөнхийлөгч Эво Моралес сөрөг хүчний буруугаас болж үүсээд буй эмх замбараагүй байдал, хүчирхийллийг зогсоохын тулд албан тушаалаасаа бууж байгаа гэдгээ онцолсон байна. Боливийн үндсэн хуулийн дагуу Ерөнхийлөгч албан тушаалаасаа огцорсон тохиолдолд түүний үүргийг Дэд Ерөнхийлөгч гүйцэтгэдэг ба Дэд Ерөнхийлөгч төрийн тэргүүний үүргийг гүйцэтгэхээс татгалзсан тохиолдолд Ерөнхийлөгчийн үүргийг Сенатын дарга, Сенатын дарга татгалзсан тохиолдолд гишүүдийн танхимын дарга тус тус гүйцэтгэдэг аж.

Тэгвэл Ерөнхийлөгч Эво Моралес албан тушаалаасаа огцорч байгаагаа мэдэгдсэний дараа Боливийн Дэд Ерөнхийлөгч, Сенатын дарга болон Гишүүдийн танхимын дарга нар бүгд Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгчээр ажиллахаас татгалзсан байна. Үүнтэй холбоотойгоор Боливийн Сенатын дэд дарга, сөрөг хүчний төлөөлөгч Жанин Аньес төрийн удирдлага түүнд шилжсэн болохыг мэдэгджээ. Өнгөрсөн сард болсон Боливийн Ерөнхийлөгчийн сонгуульд Эво Моралестай өрсөлдсөн Боливийн Ерөнхийлөгч асан Карлос Меса Эво Моралесийн шийдвэрийг "дарангуйллын төгсгөл" хэмээн тодорхойлсон байна.

Image result for Bolivian President Evo Morales steps down following accusations of election fraud

Боливийн Ерөнхийлөгч Эво Моралес албан тушаалаасаа огцорч буй явдлыг Өмнөд Америкийн орнуудын зүгээс буруушааж буйгаа илэрхийлжээ. Кубын зүгээс Эво Моралесийн огцорч буй явдлыг төрийн эргэлт хэмээн тодорхойлон, Эво Моралес болон Дэд Ерөнхийлөгч Альваро Гарсиа Линера нарын амь амьдрал, эрх чөлөөний төлөө бусад улс орнууд санал бодлоо илэрхийлэхийг уриалсан байна. Өнгөрсөн сард болсон Ерөнхийлөгчийн сонгуулийн эхний шатны үр дүн гарсанаас хойш гурван долоо хоногийн турш үргэлжилсэн эмх замбараагүй байдалд эцэс тавихын тулд Ерөнхийлөгч Эво Моралес албан тушаалаасаа огцрох шаардлагатай байгааг тус улсын зэвсэгт хүчний тэргүүн Уильямс Калиман өнгөрсөн ням гарагт мэдэгдсэн билээ.

Image result for Bolivian President Evo Morales steps down following accusations of election fraud

Өнгөрсөн сард болсон Боливийн Ерөнхийлөгчийн сонгуулийн эхний шатанд Ерөнхийлөгч Эво Моралес өрсөлдөгч Карлос Месагаас 10 орчим хувиар тэргүүлсэн ба Америкийн улсуудын байгууллага хоёр нэр дэвшигчийн хоорондох зөрүү бага байгаа учраас сонгуулийн хоёр дахь шатыг зохион байгуулах шаардлагатай гэсэн шийдвэр гаргасан билээ. Үүнийг үл харгалзан Ерөнхийлөгч Эво Моралес өөрийгөө сонгуульд ялсан хэмээн зарласан нь олон нийтийн бухимдлыг төрүүлж, эмх замбараагүй байдал үүсэхэд хүргэсэн юм.

Эх сурвалж: CNN

Содномцэрэнгийн Энхзаяа

mongolcom.mn

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.