Эрүүл байхад хоол хүнсний харьцаа маш чухал

Twitter Print
2021 оны 10-р сар 23-нд 11:27 цагт
Мэдээний зураг,

Зуны улиралд хүний биеийн шар үсний сүвүүд нээгдэж, тэрхүү нүх сүвээр биеийн галын илч гадагшилдаг. Үүний улмаас ходоодны хоол, унд шингээх хүч эрс багасдаг. Тиймээс идээний тунгалаг, цус, мах булчин, өөх, яс, чөмөг, дусал гэсэн 7 тамир боловсорч, цөв ялгарах бодисын солилцооны үйл ажиллагаа сулардаг. Энэ үед хоолны хэмжээг багасгаж хөнгөн, бүлээн тослог шимтэй идээ ундыг бие махбод, насны байдалд нь харгалзуулж хэрэглэх нь зүйтэй. Гэхдээ энэ улиралд хийн бэлгэ хийн чанарууд ихсэж, хий хөдөлж байгаа учир хэт өлсөх, хоол сойхыг тэвчиж, шимтэй хоолыг тохируулан хэрэглэнэ.

Өглөөний 3:40-7:40 болон, үдэш 15:40-19:40 цагийн хооронд хийн бэлгэ чанарууд идэвхжиж хөдөлдөг. Энэ үеэр хий дарах бага зэргийн хоол унд хэрэглэвэл зохистой. Өглөө сайтар будалгаж ширгээсэн усанд бурам, зөгийн бал хутгаж уух, хийцтэй цай болон сүүтэй цайнд бага зэрэг шар тос хутгаад ууж болно. Харин үдшийн цагаар нэг аяга цагаан будааны шингэн зутан, борцтой шөл, хонины махны шөл, шингэн бантан, луувангийн зутан шөл, тараг, хөөрүүлсэн халуун бүлээн сүү, багахан хэмжээний шимийн архи зэргийг ууж болно. Хоолондоо сонгино, сармис, цагаан гаа, гоньд, жамц давс зэргийг нэмж болно. Харин өдөр дунд 11:40-15:40 хооронд шарын бэлгэ чанарууд ихэсдэг учир энэ цагаар хоногийн үндсэн хоол тэжээлээ хэрэглэх нь зүйтэй. Гэхдээ сэрүүн, хүнд шингэхэд бэрх болон хурц хоол идэхээс аль болох татгалзах хэрэгтэй. Ямаа, тэмээний мах, хэт шарж хуурсан мах, түүхий бүрэн гүйцэд боловсроогүй үр, жимс, ногоо зэрэг сэрүүн хүнд чадалтай хоол унд нь идсэнээр хий арвидаж ходоодны илч шингээлт буурдаг. Тиймээс аль болох тослог бүлээн чадалтай шингэхэд хялбар бөгөөд шимтэй хоол ундны хэмжээг нь тохируулан хэрэглэвэл тохиромжтой.

Мөн хүйтэн ус, хийжүүлсэн ундаа, зайрмаг идэх, нэг дор ихээр ус уух нь буруу юм. Бадганы бэлгэ чанар ихсэх цаг буюу 07:40-11:40, орой 19:40-23:40 цагийн хооронд усыг хүйтнээр хэтрүүлэн уувал ходоодны галын илчийн хувь барагдаж улмаар зүрх судас болон бөөр өвчилж хаван үүсдэг. Тиймээс энэ цагуудад идэвхитэй дасгал хөдөлгөөн, мөргөл хийвэл биеийн илч үүсэхээс гадна эрүүл мэндэд чухал нөлөөтэй.

Зуны улиралд хур салхитай байдаг учир ус булингартаж ходоод гэдэсний элдэв өвчин үүсдэг бөгөөд газар орон, улирал, усны эрдмээс хамаарч гуравны нэг, гуравны хоёр болтол нь ширгээж хэрэглэдэг. Буцалгаж ширгээсэн ус нь ходоодны галын илчийг үүсгэж, хоолны шигээлтийг сайжруулан зогисуулах, гэдэс дүүрэх, ханиад томуу, шинэ халдварт өвчнийг анагаах тус эрдэмтэй. Буцалгаад нэг хоносон, удсан ус нь хор болж өвчин үүсгэдэг тул уухгүй байх хэрэгтэй.

Зуны улиралд хүүхэд нялхас, хөгшин настай хүмүүс илүүтэй хоол ундандаа анхаарах хэрэгтэй. Хоолны хэмжээний хувьд ходоодны 1/4-ийг хоосон үлдээж 3/4-д нь хоол унд хэрэглэнэ. Хоол ундны харьцааг 2/3 нь бүхэл хэсэг, 1/3 нь шингэн байхаар тохируулна. Хүний ходоодны хэмжээ нь өөрийн хоёр алгаа тосоод нийлүүлсэнтэй адил хэмжээтэй байдаг.

Оточ Манрамба Их сургуулийн УАУ-ы тэнхимийн багш, УАУ-ы их эмч Б.АЮУШЖАВ

Эх сурвалж: Уламжлалт анагаах ухаан сонин

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.