МАН сэтгэл эмзэглүүлсэн жүжиг тавьсандаа уучлал гуйх ёстой

Twitter Print
2014 оны 04-р сар 14-нд 15:53 цагт
Мэдээний зураг,

Өнгөрсөн долоо хоногийн пүрэв гарагт Шинэчлэлийн засгийн газрын 17 сайдыг “Давхар дээл”-ээ тайлахыг шаардаж энгийн иргэдээс эхлээд МАН-ын гишүүд, дэмжигчид, иргэний нийгмийн төлөөлөл, Чингисийн талбайд гурван цагийн турш жагссан билээ.

Тэгвэл өнөөдөр “Хэлмэгдэгсдийн холбоо”-ны тэргүүлэгч гишүүд, дэмжигчид хэвлэлийн хурал зарлаж “МАН иргэдийг уруу татсан, утга учиргүй хийрхэлээ зогсоож, ард түмнээс уучлал гуйх ёстой” хэмээн мэдэгдлээ. Хаврын улирал ирж, хүмүүсийн ажил хөдөлмөр эхэлж, бүтээн байгуулалтын ажил өрнөх үеэр иргэдийн уруу татаж, сэтгэл санаагаар нь тоглосон жагсаал, цуглаан хийж буй тэдний зүгээс эсэргүүцэж буйгаа илэрхийлсэн.

Тэдний үзэж байгаагаар, МАН-ынхан жагсаал хийх үеэрээ нөмгөн дээл өмсөж, нөмөрч, тайлсан нь бидний хувьд эцэг дээдсийг нь минь тууж аваачаад хилсээр хороосон 1937 оны их хэлмэгдүүлэлтийг санууллаа. Энэ бүхэн Монголын эмгэнэлтэй түүх болохоос эрх мэдлийн төлөө улс төрдөө ашигладаг инээдэм ханиадам биш. Түүхээр тоглож болохгүй. Эцэг эх, эмээ өвөөг нарыг маань 30 гаруй мянгаар нь хороочихоод уучлал гуйгаагүй хүмүүс эрх мэдлийн төлөө бидний сэтгэл санаагаар тоглосонд гомдолтой байна. Тоглоом тоотой нь дээр гэдэг, ахиж давтагдах учиргүй сэтгэл эмзэглүүлсэн эмгэнэлт түүхээр тоглох юм бол шоглоом болно. Их гомдолтой байна. Давхар дээл хамгийн олон удаа өөрсдөө өмсөж, ард түмнийхээ толгой дээр дээлийг нь нөмрүүлж явсан нам ийм сэтгэл эмзэглүүлсэн жүжиг тавьсандаа уучлал гуйх ёстой гэлээ.

Мөн “Давхар дээл” тайлуулах жагсаалын үеэр тус намын удирдлагууд өнөөгийн монгол айл бүр нэг янхантай гэж ард түмэн, монгол эхчүүд, эмэгтэйчүүд, үр хүүхдүүдээ гутаан доромжиллоо. Тэд өөрсдөө эхээс төрсөн, эхнэр, охид, эгч дүүтэй биш үү? Айл бүрт нэг янхан байдаг юм бол Монгол Улс 700 мянган биеэ үнэлэгчтэй гэж улс орноо, охид бүсгүйчүүдийнхээ нэр төрийг хэлмэгдүүлж хилсдүүллээ. Энэ бүхнийг гадаад ертөнц харж байгаа. Монгол айл бүр нэг архичинтай, нэг янхантай юм бол нэг сая 400 мянган архичин, янхантай гэж муухай улс гэж эх орныг маань бодно шүү дээ. МАН, МАН-ын эмэгтэйчүүдийн холбооны дарга Оюунхорол, НАМЗХ-ны удирдлага уучлал гуйхыг шаардаж байна.

Монгол залуучуудуудын 41 хувь нь хар тамхинд умбалаа гэсэн бичиг барьсан байсан. Сая гаруй монгол залуучуудын 410 мянга нь хар тамхинд умбасан гэж гүтгэн доромжиллоо. Монгол залуучууд 410 мянгаараа хар тамхи татах ёс суртахуун, тэр их үнэтэй юмыг хэрэглэх мөнгө төгрөг нь ч байхгүй. Харин аль намын ямар дарга нарын хэний хүүхэд ийм хэрэгт ороод байгааг ард түмэн мэдэж байгаа шүү дээ. 700 мянган янхан, 700 мянган архичин, 410 мянган хар тамхичинтай гэж монгол ард түмэн, монгол айл гэр, монгол эмэгтэйчүүд, монгол залуучууд гутаан доромжилж, сурсан зангаараа нэр төрийг нь хилсдүүлэн хэлмэгдүүллээ. Мөн сурсан зангаараа уучлал гуйхгүй өнгөрөхийг хүсэх байх. Бид уучлал гуйхыг шаардаж байна хэмээсэн юм.   

Монголын ард түмнийг, хэлмэгдэгcдийн үр хойчыг доромжилсон МАН-ынханыг уучлалт гуйхыг дахин дахин шаардаж байна

Хэлмэгдэгсдийн холбоо”-ны тэргүүлэгч гишүүн Д.Тангад “Монголын төр засгийн түүхэнд хамгийн олон жил давхар дээлтэй явсан улс төрийн хүчин бол МАН. 12 жилийн турш давхар дээлтэй явсан тэд 2012 оны сонгуульд ялагдаад дээлээ тайлчихсан чинь болохоо больчихлоо. Тэднээс бусад нь давхар дээлтэй байж болохгүй юм шиг загнаж байна. Ер нь ийм байдалд хүрч буй нь тэдний буруу. 2000 оны 12 дугаар сарын 14-ний өдөр тухайн үеийн МАХН буюу одоогийн МАН Үндсэн хуульд “УИХ-ын гишүүн Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүн байж болно” гэдэг өөрчлөлтийг оруулсан. Энэ өөрчлөлтийг би Монгол Улсын Үндсэн хуулийг батлалцаж явсан хүнийхээ хувьд үнэхээр эсэргүүцэж байгаа. Бидний зүгээс МАН-д хандаж гурван шаардлагыг тавьж байгаа юм. Эхнийх нь энэ утга учиргүй хийрхэлээ зогсоо. Хоёрдугаарт, Үндсэн хуульд оруулсан өөрчлөлтөө үндсээр нь өөрчилж, хүчингүй болгох хэрэгтэй. Мөн Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөл буюу давхар дээлийн хуулийг буцааж татах шаардлагатай” гэж ярьсан.

Түүнчлэн МАН-ынхан жагсаалын үеэр “айл бүр нэг янхантай” гэж хэлсэн нь ард түмэн, монгол эхчүүд, эмэгтэйчүүд, үр хүүхдүүдээ гутаан доромжилж байгаа явдал. Тиймээс МАН, МАН-ын Эмэгтэйчүүдийн холбооны дарга Д.Оюунхорол, НАМЗХ-ны удирдлага ард түмнээсээ уучлал гуйх хэрэгтэй. Мөн “Монголын залуучуудын 41 хувь нь хар тамхинд умбалаа” гэсэн бичгийг жагсаалын үеэр барьсан байсан нь монгол залуучуудыг гүтгэн доромжилж, эх орныхоо нэр хүндийг унагасан болчимгүй алхам болсон. Тиймээс хуралд оролцогчид Монголын ард түмнийг, хэлмэгдэгсдийн үр хойчийг доромжилсон МАН-ынхан уучлалт гуйх ёстой гэж үзэж буйгаа мэдэгдлээ.

Mongolcom.mn

  

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.