Амьдралд хүрэх зам

Twitter Print
2019 оны 12-р сар 06-нд 18:42 цагт
Мэдээний зураг,

Эмнэлгийн орон дээр өвчиндөө тарчлан хэвтэх хүү яраглан амьсгаадсаар хөнжлөө зовиуртайгаар ярснаа ясан гараа арай гэж өргөн энгэр дээрээ тавиад муухан мушийлаа. Хүнд өвчинд ээрэгдэж, эцэж сульдсан түүний хэрзгэр чээж, хэдэн хавирга нь дан цамцны цаанаас товойн үзэгдэх ажээ. 

-Маргааш арван хоёр нь уу? гэж хүү асуух мэт дуугарснаа:

-Миний төрсөн өдөр юм байна. Арван найм хүрэх нь дээ гэж бувтнаад санаа алдав. Хүүгийн дуу бүр цааш оржээ. Арай гэж л сонсдож байлаа. Түүний шөвийсөн цонхигор царайд гүн шаналал тодорч, гагц амьд үлдэхийн туйлын хүслийг илтгэж хөнхөгөр хүрэн нүдэнд нь үл мэдэг итгэлийн оч сүүмэлзэх аж. Үнэндээ хүүгээс нүд л үлджээ. Тэсэлгүй эх нь хүүгийнхээ гарыг шүүрэн уруулдаа наагаад енгэнэн уйлахад хүүгийн аав эхнэрийнхээ мөрөөр зөөлөн тэвэрч:

-Одоо тайвшир. Бүх юм сайхан болно. Битгий уйлж хүүхэд уймруулан сэтгэл санааг нь тавгүйтүүлээд бай хэмээн аргадах, аашлах хоёрын завсраар өгүүлэв. Хүү адар өөд гөлөрч ийн өвчинд дарлуулж үхлээ хүлээн хэвтэж буйдаа итгэж ядан байлаа. Анхандаа залуу юм чинь хурдхан эдгээд босно хэмээж итгэл дүүрэн байсан хэдий ч хоног мөч өнгөрөх тоолонгоор түүний бие өвчинд идэгдсээр найдвар нь талаар өнгөрч өдгөө нэгэнт хэвтрийн хүн болон хувирчээ. Үеийн хөвгүүд нь оюутан болцгоож баяр жаргалд умбаж яваа гэж бодохоос түүний чээж бачуурч, эмнэлгийн төмөр оронд хадагдсан амьдралдаа гомдохдоо нүдэнд нь нулимс дүүрээд иржээ. Нүдээ цавчвал шанааг нь даган дусал нулимс бөнжигнөн урслаа.

-Хүү минь, чи удахгүй эдгэнэ. Эмч найдвар байгаа гэж хэлсэн гэж эцгээ ярихад тэрээр адар өөд ширтсэн чигтээ дуугүй толгой дохив.

-Чамд хагалгаа хийж бөөр шилжүүлэн суулгана. Тэгээд чи эрүүл болж их сургуульд сурна. Чамайг сайхан ирээдүй хүлээж байгаа шүү.

Хүүгийн нүд эгшин зуур гэрэлтсэнээ:

-Бөөр шилжүүлэн суулгах аа? хэмээн итгэж ядав.

-Тийм ээ. Аав нь чиний донор болно. Нэг бөөртэй хүн хүсвэл зуу ч насалдаг гэж эмч ярьсан. Тэгэхээр алзахгүй ээ, хоёулаа.

Тэрээр ийн догдлон өгүүлээд нүүр дүүрэн мишээж юу юугүй хагалгаанд орон бөөрөө өгч хүү нь эдгэх гэж байгаа мэт хөөрцөглөж суудал дээрээ тогтож ядан хаалга өөд өндөлзөв. Сүүлчийн найдвар нь түүнд гүн их итгэл төрүүлж байлаа. Энэ мөчид өвгөжөөр эмч намс намс алхсаар өрөөнд орж ирэв. Эмч зөөлөн ханиагаад, хүүгийн гарыг атгаж:

-Энэ өвчнийг даваад гарна шүү гэснээ дуугаа хурааж яриагаа юунаас эхлэх вэ гэж хэсэг бодол болов. Тэгээд:

-Бөөрний архаг дутагдал маш хүнд өвчин. Ихэнх тохиолдолд өвчтөн амиа алддаг. Гэхдээ арга бий хэмээн инээмсэглэх аядсанаа хормын зуур түүнийгээ нүүрнээсээ авч хаян төв болов.

-Чиний амь насыг бөөр шилжүүлэн суулгаж байж аварна. Монголд ийм төрлийн хагалгаа өмнө нь огт хийгдэж байгаагүй. Чи зөвшөөрвөл энэ удаагийн хагалгаа анхных болох юм гээд эмч түгдэрснээ:

-Тиймээс бид зуун хувийн баталгаа харамсалтай нь өгч чадахгүй. Бөөрөө өгч байгаа, авч байгаа хоёр хүний амь нас хоёулаа эрсдэлтэй. Гэхдээ бид хагалгааг амжилттай болгохын тулд бүх эрдэм ухаан, хүч чадлаа дайчлан ажиллах болно гэж намуухан өгүүлэв.

-Хүү минь эрүүл болж байвал би хоёр бөөрөө өгсөн ч чадна гэж эцгийг хэлэхэд эмч ялдамханаар инээмсэглээд:

-Таны нэг бөөр байхад болно хэмээв. Өөр арга үгүйг ухаарч, дээр нь аавынхаа зоримог, шийдвэртэй байдалд итгэл төрсөн хүү:

-Надад харамсах зүйл байхгүй ээ гэж дуугарав.

Эмчийг явсны хойно таатай мэдээ дуулсан хүү өвдөхийн шаналанг хэдэн сар шүд зуун тэвчсэн бие сэтгэл нь өчүүхэн ч гэсэн тайвширч түрхэн зуур дугхийв. Хүүгийнхээ зулайг илбэж сууснаа ээж нь нөхөр өөдөө харж:

-Яалтай билээ. Аз мэдсэн хэрэг болох нь гээд сүүрс алдав. Тэгээд хар аяндаа урсах нулимсаа арчаад:

-Анх удаа хийнэ гэж байна шүү дээ. Туршилт юм биш үү? Бүтэлгүйтэж та хоёр үгүй болчихвол би яах юм бэ хэмээн мэгшив.

-Битгий муу юм бод. Хүүд маань амьдрах өөр арга байгаа гэж үү? Бид татгалзлаа ч өөр нэгэнд ийм хагалгаа хийх л болно. Тэгэхээр анхных байна уу, удаах байна уу ялгаагүй шүү дээ. Үзээд алдана аа гэж хэлээд нөхөр нь хөмсөг зангидан дүнсийн суув. Тэрээр эмч түүнийг өрөөндөө дуудаад энэхүү хагалгааны тухай анх хэлж, санал болгохдоо “Нэг бүтэлгүйтэл нөгөө нэгэнд урагшлах замыг нээж өгдөг. Анхны юм болгон амжилттай байдаггүй” гэж анхааруулсныг эргэн дурслаа. Тэгмэгц гараа шажигнатал атгаж:

-Яадаг ч байсан хийлгэнэ ээ гэж хэлээд яриа дууслаа гэсэн мэт босч өрөөнөөс гарав.

Эцэг, хүү хоёр нарийн шинжилгээ өгч дууссаны хойно эмч нар хагалгааг гурван өдрийн дараа хийхээр товложээ. Энэхүү гурван өдөр хүүд гучин жил шиг урт санагдаж, өвчний гол гогдом, аймшигт өвдөлтийг чүү ай тэсвэрлэж байлаа. Үхэхэд дэндүү залуу, хайран мэт байв ч тэвчишгүй өвдөлтийг бодохоор дахиж хэзээ ч зовохгүй гэж сэтгэн үхчихмээр санагдана. Түүний энэхүү зовиур, энэлэн эцэг, эхийг нь юунаас ч илүүтэй тарчилгаж, өр нь зүсэгдэж байлаа. Хүү амьд үлдэх өчүүхэн найдварыг сэтгэлдээ тээн шаналант хором мөчийг мэрсээр арай гэж хагалгааны өдөртэй золгожээ. Хагалгаа арав гаруй цаг үргэлжилж мэс заслын өрөөнөөс эмчийг гарч ирэхэд хонгилд түгшин хүлээсэн хүмүүс түүнийг бүчин авчээ.

Бямбасайхан Жогноо-н зураг.

-Ямартай ч хагалгаа амжилттай болсон. Одоохондоо аав, хүү хоёрын бие сайн байна. Мэс заслын дараах хүндрэл гарчихгүй бол амь насанд нь аюулгүй гэж хэлэхэд хүмүүс дор бүрнээ баярласандаа цурхиран уйлалдлаа. Бүгд л эмчийн гарыг атгаж, нулимстай уруулаа наан “Баярлалаа, эмч ээ” гэцгээлдэв.

Нойрсуулах тарианы үйлчилгээ гарч эцэг, хүү хоёр зэрэг нүдээ нээжээ. Толгойгоо аажуухан эргүүлж хүү рүүгээ эцэг нь харвал хүү нь ч бас түүн рүү ширтэж байлаа. Тэд нүдээ анивчин аюултай бүхэн ард хоцорч, бүх юм сайхан болсон хэмээн харцаараа ярилцах агаад хүүгийн зовлонт царайд санаа дагаад ч тэр үү багахан эрүүл туяа гийсэн мэт эцэгт нь санагдахад үхэл холджээ гэх таатай мэдрэмж түүнд төржээ. Тэр нүдээрээ хүү рүүгээ инээмсэглэв. Хүү ч хариу дохив. Эцэг, хүүгийн цусан холбоо гэж чухам үүнийг хэлдэг ажээ хэмээн хоёул бодож сэтгэлдээ ер бусын тайвшралыг мэдрэн хэвтэж байлаа.

Гэнэт “дийд, дийд” хэмээх дуу хангинаж эмч нар сандралдан хүүг бүчин авав.

-Зүрх нь зогсож байна, эмч ээ гэж бүсгүй хүний бачимдсан дуу эцгийнх нь чихэнд бүүр түүрхэн дуулдав. Эцэг нь дэмий өндөлзөн хажуу ор руу өмөлзөн харсаар байлаа. Хэдэн хормын хойно хэн нэгний:

-Зүрх нь дийлсэнгүй. Өнгөрчихлөө гэж хэлэх сонсдож хүүгийнх нь нүүрийг цагаан даавуугаар хучих үзэгдэв. Эцгийн зүрх аймшигтайгаар шархиран өвдөж, нүдэн дээрээ яаж ч чадалгүй байсаар үрээ үхэлд алдсандаа ухаан нь балартаж, тэгмэгц дээрээс мэлтийх гэрлүүд маш хурднаар тойрон эргэлдсээр тас харанхуй түүнийг нөмрөхөд тэрээр уртаас урт хонгилын үзүүрт цагаан туяа өөд алхах хүүгийнхээ араас гүйв.

Хотоос холгүй байх оршуулгын газрын манаач хашааны хаалгыг онгойлгоход эмгэн доош тонгойсон чигтээ бөгтөгнөсөөр явж оров. Манаач эмгэний сэтгэлийг өргөх санаатай:

-Өнөөдөр тэнгэр хангай цэлмэг, сайхан өдөр байна шүү гэснээ түүнийг ямагт газар ширтэж явдаг, хэзээ ч тэнгэр өөд харж байхыг үзээгүйгээ гэнэт санан ийн хэлсэндээ харамсав.

-Өглөө хэдэн хүмүүс ирээд цэцэг тавиад явсан шүү гэж хэлэн саях үгээ засав.

-Ашгүй дээ. Нэг хүний амь аврагдаж гэснээ эмгэн:

-Харин би хоёр удаа үхэж, одоо гурав дахаа үхэх гээд тэсч ядан хүлээж сууна. Даан ч үхэл намайг тоохгүй юм даа хэмээн бувтнасаар цааш одов.

Хорин жилийн тэртээ энэхүү оршуулгын газарт ойр суурин газар ирж суурьшсан эмгэн өдөр бүр энд ирж хоёр булшны өмнө яг л хүн чулуу шиг хөдөлгөөнгүй хэдэн цагаар сөхрөн суудаг байлаа. Тэрхүү хоёр булшны чулуун хөшөөн дээр “Би бол амьдралд хүрэх зам” хэмээх ав адил үгс сийлээстэй байдаг ажээ. Хэний ч үл мэдэх эцэг, хүү хоёрын амиа золин тавьсан энэ замаар тэр өдрөөс хойш хэдэн зуун хүмүүс эрхтэн шилжүүлэн суулгах хагалгаанд амжилттай орж үхлийг ялан дийлсээр байгаа билээ. Тиймээс ч эцэг, хүү хоёрын шарил дээр энэхүү зовлонг биеэр туулж амьдралд хүрсэн тэдгээр хүмүүс өдөр бүр ирж орь ганцаар хоцорсон эмэгтэйн сэтгэлийг дэвтээн амьд цэцгийн баглаа тавьсаар байдаг юм.

Хэн нэгний төлөө өөр нэгний зүрх цохилж байдаг нь хорвоогийн гайхамшиг, хүн байхын утга учир ажээ.

Жогноо Бямбасайхан

/Бодит явдлаас сэдэвлэв/ 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.